Брэнд бараа гэх нэрээр хар тамхи зөөж хилээр 600 удаа нэвтэрчээ
Дэлхийд архи, ДОХ, хар тамхийг хамгийн аюултай гурван тахалд тооцдог. Манайд архи, ДОХ нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд нэгэнт хүрсэн. Төр, засгаас дорвитой бодлого хэрэгжүүлж дийлэхгүй байна. Гэтэл гуравдахь тахал нь дахиад л хаалга тогшсон. Хамгийн анх 2006 онд хар тамхины наймаанд монгол хүн холбогдож байсныг өмнөх дугаарт өгүүлсэн. Харин энэ удаа бид хориотой наймааны халхавчид монголчууд өртөж ах дүү, хамаатан садан, найз нөхдөөрөө шоронгийн хаалга татдаг харамсалт явдалд хүрдгийг олон нийтэд сануулга болгож нийтэлж байгаа юм.
Б.ХУЛАН, Б.ХАЛИУН НАРЫН ГЭР БҮЛ ХИЛИЙН ЧАНАДАД ЯЛ ЭДЭЛЖ БАЙНА
Хар тамхины хэрэгт холбогдсон монгол иргэдийн хамгийн цуутай нь эгч дүү Б.Халиун, Б.Хулан нар. Тэд Зүүн өмнөд Азийн хар тамхины “Алтан гурвалжин” бүлэглэлийн гишүүн бөгөөд хоорондоо ажлаараа өрсөлддөг. Тээвэрлэгчдийнхээ хөлсөөр өрсөлдөж, өөртөө урвуулдаг гэх. Хоёулаа гадаад нөхөртэй. Тэдний гар хөл бологсод хар тамхи тээвэрлэхээс гадна боодог, зардаг, галт тэрэгний тасалбар, онгоцны тийз зохицуулдаг, очсон газарт нь тосох, хүргэх ажлыг гүйцэтгэдэг. Харин Монголоос ээж Э нь охидынхоо бичиг баримтыг зохицуулах ажилтай. Учир нь тэд байнга хил гарах шаардлагатай учир паспортын хуудас маш хурдан дуусна. Эгч дүүсийн ажилд зөвхөн ээж нь ч холбогдоод зогсохгүй гэр бүлийн бусад гишүүн нь орооцолдсон байх юм. Б.Хулангийн анхны нөхөр Дамдин гэх залуу хар тамхины хэргээр Хятадын шоронд хоригдож, дүү Б.Билгүүн нь Казахстаны шоронд ял эдэлж байна. Б.Билгүүний эхнэр буюу Б.Хулангийн бэр дүү хамт хоригдож байгаад гэм буруугүй хэмээн суллагджээ. Өөрийн гэр бүлийг ч шоронд илгээчихдэг, аюултай наймаанд оролцуулдаг эмэгтэйчүүдийг бодохоор сэтгэл шимширмээр. Тэд гэр бүлээсээ гадна 40 гаруй хүнийг золиосложээ. Тэдний төлөөлөл бол эдүгээ БНХАУ-аас эх орондоо ялаа үргэлжүүлэн эдлэх хүсэлт тавьсаар байгаа Ц.Энхболд гэх залуу. Энэ нь өнгөрсөн оны наймдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхээс буцсан Б.Золбоо, Г.Одбаяр, О.Халиунаа нарт холбогдох хэрэг юм. Нотлох баримт хангалтгүй гэсэн үндэслэлээр мөрдөн байцаалтад буцсаар байгаа. Гэвч тэдний хамсаатан болох Ц.Энхболд нарын хүмүүс БНХАУ-д ял сонссон. Олон арван хүний амьдралаар тоглосон эдгээр хэргийн толгойлогчдыг олон улсад эрэн сурвалжилсаар Б.Хуланг нь саатуулжээ. Харин дүүг нь одоо хүртэл эрэн сурвалжилсаар байгаа юм.
ХАР ТАМХИ ТЭЭВЭРЛЭНЭ, ЭСВЭЛ БООЛЫН ХӨДӨЛМӨР ЭРХЭЛНЭ
Хууль бус наймааны бүлэглэлд орчихсон эгч дүүс ядуу тарчиг амьдралтай хүмүүст сайхан амьдрал амлан уруу татаж тээвэрлэгч болгодог байжээ. Тэдний арга нь бараагаа залгиулж хил нэвтрүүлэх байсан бол брэнд бараа гэгчээр зөөвөрлөх арга ч бас бий. “Брэнд бараа”-ны хэргийг өнгөн талаас харвал гадаадад үйлдвэрлэж буй шинэ барааны анхны хувилбарыг хятадуудад хүргэж өгөх. Ихэнхдээ даавуун хэрэглэл байдаг гэнэ. Гэвч тэр бараанд нь хэний ч санаанд оромгүй байдлаар хар тамхи нууж хилээр гаргадаг байжээ. Түүнийг нь мэдээгүй монголчууд ч бий, мэдсэн хэрнээ мөнгөний төлөө явсан нь ч бий. Үүний тод бишээ бол өнгөрсөн зургадугаар сард шүүхийн шийдвэрээр 6-15 жилийн ял сонссон С.Наранбаатар нарын хэрэг юм. Уг хэрэгт 35 хүн холбогдож, давхардсан тоогоор 100 гаруй удаа брэнд бараа зөөх ажилд явжээ. Тэд Малайз, Солонгос, Хятад, Монгол Улсын хилээр 600 удаа орж, гарсан байх юм. Хууль бус бараа зөөвөрлөгч байсан нь шүүхээр тогтоогдож яллагдсан ч эсэргүүцсэн хэвээр байгааг эх сурвалж хэлж байна. С.Наранбаатар мэдүүлэгтээ “…Малайзаас Монгол Улсаар дамжуулан БНХАУ-ын Гуанжоу хот руу брэндийн буюу дээж барааг өөрөө биечлэн болон бусдаар зөөлгөж байсан үйл явдал бол Монгол болон Малайз, Хятад Улсын хууль тогтоомжийг зөрчөөгүй. Мөн улс орнуудын эрх ашиг, нийгмийн аюулгүй байдалд гэм хор учруулсан тухай ямар ч баримт болон нотолгоо хавтаст хэрэгт авагдаагүй. Иймд брэнд бараа зөөсөн үйл явдал хууль зөрчөөгүй болохыг нотолж байна. Бидний ажилласан хоёр жилийн хугацаанд хар тамхи бидний бараанаас огт гараагүй. Ингэж хэлэх үндэслэл нь Т.Цэцэгээ, эгч О.Навчаа, эхнэр асан Э.Онон, хадам ээж Р.Лена бидний найз нөхөд, хамаатан садангууд гээд нийт 30 гаруй хүний 80 хувь нь миний ойр дотны хүмүүс бөгөөд давхардсан тоогоор 100 гаруй удаа энэхүү брэнд бараа зөөх ажилд явж Малайз, Солонгос, Хятад, Монгол улсуудын хил гаалиар 600 гаруй удаа цааш, нааш албан ёсоор шалгуулж, ямар ч зөрчилгүй нэвтэрч байсан нь батлагдана…” хэмээжээ. Гэвч энэ хэрэгт холбогдсон хүмүүс удаа дараа их хэмжээний хар тамхи зөөвөрлөсөн нь тогтоогдсон юм. Тэдний хэргийн баримт 2.027 кг хар тамхийг саяхан устгасан билээ. Ийнхүү хар гэх нэрэндээ таарсан бараа цөөнгүй монгол хүний амь, амьдралаар тоглосон байна.
Хар тамхины хууль бус наймаа сүүлийн жилд татарсан тухай албаны хүний мэдээ байна. Манай улсын хуулийн байгууллагаас тээвэрлэгч, бусдыг уруу татах магадлалтай хүмүүсийг цагдаж, хяналтдаа авснаар үйлдэл нь багассан гэнэ. Гэвч өөр бусад аргаар бусдыг уруу татан оролцуулах явдал байгааг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь гадаадад өндөр цалинтай ажилд орно гэсэн хүсэл хэзээ ч биелдэггүй. Гаднын тэрбум хүнтэй улс оронд өндөр цалинтай сайхан ажил байдаггүй. Тэнд хар тамхи зөөвөрлөнө, эсвэл хөдөлмөрийн юм уу бэлгийн мөлжлөгт өртдөг. Тиймээс мөнгөний эрхээр харийг зорихоо зогсоох хэрэгтэй. Зөвхөн хар тамхи ч биш, өөр олон аюул биднийг хүлээж байдгийг бодож нэг үзээрэй хэмээн холбогдох албаныхан анхааруулж байгаа юм.
ЗУУНЫ МЭДЭЭ
URL: