Машины зогсоолгүйгээс болж автозамын нэгдүгээр эгнээ түгжигджээ
Автозамын ачааллыг буруулах зорилгоор нэгдүгээр эгнээнд тавьсан машиныг журамлаж эхлээд нэлээд хугацааг үджээ.
Энэ сарын 10-ны байдлаар л гэхэд 64 автомашиныг зөөж шилжүүлсэн байна. Ингэснээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээ чөлөөлөгдөж, замын түгжрэлийг бууруулахад жаахан ч гэсэн нэмэр болсон нь дамжиггүй. Гэтэл захын хороолол буюу алслагдсан дүүргүүдэд нэгдүгээр эгнээнд машин тавих явдал гаарлаа. Манай сонин иргэдийн дуу хоолой болох үүднээс Баянзүрх дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэр дэх “Саруул тэнгэр” цогцолборын эргэн тойронд үүсээд байгаа асуудлыг сөхөж байна. Бид хэн нэгний талд орох гэсэнгүй бодит байдал дээр ямар нөхцөл үүссэнийг өгүүлье. Тус цогцолбор баригдсан цагаасаа эхлэн багагүй чирэгдэл дагуулсан гэхэд болно. Өөрөөр хэлбэл, төв зам дагуу байрладаг учраас замын хөдөлгөөнийг боомилох болсон. Үүнийг нь ч иргэд нотолдог юм билээ.
Хэдийгээр барилгын гадна автомашины зогсоол байдаг ч ашиглахаасаа ашиглахгүй “битүүмжлэх” нь их. Зүй нь нийтийн эзэмшлийн талбайг нэг биш нийтээрээ ашиглах журамтай. Гэтэл муу нь муудаа, муна гадсандаа гэгчээр эрх мэдэлтэй хэсэг нь алга дарам зогсоолыг аль хэдийнэ гинжлээд, гавлаад авчээ.
Ингэснээр жолооч нар автозамын нэгдүгээр эгнээнд машинаа тавихаас өөр аргагүйд хүрдэг байна. Энэ нь замын хөдөлгөөнд саад учруулж, иргэдийг чирэгдүүлдэг аж. Хотын төвөөс ирэх урсгал, Шархад, Техникийн захаас буцах машинууд бүгд тэр орчмоор хөдөлгөөнд оролцдогоос болж түгжрэлтэй замуудын тоог нэмжээ. Бид тухайн газарт очиход өглөө байсан учраас хөдөлгөөний ачаалал бага байлаа.
Харин замын нэгдүгээр эгнээнд тавигдсан машинууд зөндөө байв. Зарим машин нь тавигдаад хэдэн ч сар болсон юм бэ бүү мэд ус, цасанд хөлдчихсөн байдалтай харагдсан. Тэр ч байтугай явган хүний, авто зам нь мөстөж хөлджээ. Хэдийгээр өглөө, оройдоо хүйтэн хонож байгаа ч мөстөж, толиотох хугацаа арай л биш юмсан гэмээр санагдсаныг нуух юун. “Саруул тэнгэр” цогцолбор нь зам дагуу байдаг учир төв нарны тусгалаас хол ихэнхдээ сүүдэртэй байдаг. Тэгэхээр өвлийн улиралд тухайн орчмын замд мөсөн гулгуур үүсэж, машинууд шүргэлцэж, мөргөлдөх нь байдаг л нэг үзэгдэл болоод уджээ.
Энэ байдалтай эвлэрсэн оршин суугчид хаана хандаж, хэнд хэлэхээ ч мэддэггүй гэнэ. Иймэрхүү л байдалтай иргэд нь амьдарч, жолооч нар нь зогсоолгүй зутарч байгааг “Саруул тэнгэр”-ийнхэн төдийгүй сахилга журмыг хэрэгжүүлдэг Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж журамлах албаныхан анхааралдаа авах биз ээ.
НИЙТИЙН ӨМЧИЙГ НЭГ НЬ ГИНЖЛЭЧИХДЭГ ХУУЛЬ ХААНА БАЙНА ВЭ
“Таслаагүй гинжийг таслах тун” гээд л хүүхэд байхдаа тоглодог байсан. Тэгвэл одоо зогсоол хайсан жолооч нар энд тэндхийн гинжилсэн авто зогсоолыг таслахад хүрчээ. Уг нь барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайг хэн нэгэн өөрийн мэдэлдээ авах эрх байхгүй атал “Саруул тэнгэр” хотхоныхон урд хэсгийн талбайг гинжлэчихээд хээв нэг сууж байна.
Тус байрны нэг давхар тэр чигтээ худалдаа үйлчилгээ эрхлэхэд зориулагдсан түрээсийн байртай юм билээ. Гэтэл түрээслэгчид нь нийтийн замыг өөрийн өмч шиг ашиглаж, урдуураа улаан хөлт гаргахгүй гэсэн шиг тагласныг гэрэл зургаас харж болно. Баянзүрх дүүрэг нь хүн ам төдийгүй автомашиныхаа тоогоор нийслэлдээ толгой цохидог газар. Эл дүүрэгт томоохон захууд, худалдааны төвүүд гээд дурьдаад байвал үйлдвэр, үйлчилгээний газрууд зөндөө. Харин авто зогсоолын асуудал арай л биш байгааг албаныхан анхааралдаа авчихна биз дээ.
Шинэчлэлийн Засгийн газар оройхон гараад ширүүхэн дайрч өмнөх жилүүдийг бодвол өнгөтэй, өөдтэй ажлуудыг өдөр алгасахгүй хийж байгаа. Үүний нэг нь зам засварын ажил. Эвдэрхий, сэтэрхий замаар эгээтэй л мөргөлдчихгүй явдаг байсан жолооч нар өдгөө 3-4 эгнээ замаар салхи татуулан давхидаг болж. Гэтэл зам засагдаж, өргөн болохын хирээр нэгдүгээр эгнээг өмчлөгчид олширлоо.
Түлээ, нүүрс, элс, шороо зарж амьдралаа залгуулж буй иргэдийг буруутгах гэсэнгүй харин бусдынхаа хийж гүйцэтгэсэн ажлыг хэнэг ч үгүй сүйтгэж байгаа нэгнийг зэмлэмээр санагдаад болдоггүй ээ.
Б.Чанцал /Нийгмийн толь/
URL: