-Зэвсгийн наймааны хэргийг нэг тийш болгоход Лу.Болд ч хэрэгтэй-
Хил дамнасан зэвсгийн наймаа хийсэн онц гэмт хэрэг манай улсын эрүүгийн ертөнцөд бараг анх удаа гарч, олны чихийг дэлдийлгэж байсан нь саяхан. Өдгөөгийн Гадаад харилцааны сайд Лу.Болдыг Батлан хамгаалахын сайд байхад энэхүү бизнес ид хүчээ аван цэцэглэсэн гэх. Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах газрын дарга Т.Дашдэлэг энэхүү наймааг эхлүүлж, БНСУ-д цэргийн атташегаар ажиллаж байгаа генерал М.Борбаатар гүүр болсон гэдгийг ч хэвлэлүүд дэлгэсэн. Тэр ч бүү хэл Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Л.Бямбажав гэх эрхэм ч нэр холбогдоод авсан. Юутай ч энэ хэргийн эзэд тодорхой болж, түрүүчээсээ улайсан бол генерал М.Борбаатар “Би энэ хэрэгт ямар ч хамаагүй” гэж өөрийгөө хамгаалсан.
Харин ойрын эх сурвалжийн мэдээлж байгаагаар Т.Дашдэлэг мөрдөн байцаалтын явцад “Эл хэргийг Батлан хамгаалахын сайд байсан Лу.Болд маш сайн мэдэж байгаа” хэмээн хэлсэн нь өдгөө хэвлэлийн хуудаснаа баримттайгаар буй. Харин Т.Дашдэлэгийн өгсөн энэхүү мэдүүлгийг үндэслэн Лу.Болдыг хуулийнхан шалгасан уу, үгүй юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа. Юутай ч энэ хэргийг эцэслэн шийдэхэд Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Л.Бямбажавыг шалгах нь зүйтэй хэмээн цагдаагийн байгууллагаас үзсэн бололтой. Тиймээс Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг огцруулах тухай сураг чих дэлсэв. Энэхүү мэдээлэлтэй дөрөө харшуулан, ЗХЖШ-ын даргын суудалд санаархагчдын цуваа нэгэнт бий болжээ. Одоогоор Л.Бямбажав генерал ажлаа өгөөгүй ч ийнхүү жанжин штабыг эзлэх гэсэн урт дараалал үүссэн бололтой юм. Энэхүү дараалалд хэн нэгэн дурын генерал зогсоод байхгүй нь мэдээжийн хэрэг. Хамгийн гол нь Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн халаасны генерал байх учиртай. Ойрын эх сурвалжийн мэдээлж байгаагаар энэхүү дарааллын тэргүүн эгнээнд “казино” гэх Д.Энхбаатарын нэр явж буй.
Түүний хувьд БХЯ-ны Хяналт, шинжилгээ үнэлгээний газрын даргаар ажиллаж байгаад Бригадын генерал цолоор шагнуулж, улмаар Цэргийн тагнуулын газрын дарга болон дэвшсэн гэдгийг юу эс андах билээ. Д.Энхбаатарын араас Бригадын генерал М.Ганхүүгийн нэр бас дуулдана лээ. Тэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргаар ажиллаж, Бригадын генерал цолыг Ц.Элбэгдоржоос хүртсэн юм. Харин айргийн гуравт Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Ц.Сэргэлэнгийн нэр ч яваа юм. Айргийн дөрөвт ЗХЖШ- ын тэргүүн дэд дарга асан, хошууч генерал А.Ганбатын нэр ч нэлээд дээгүүр явна. Уг нь түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, хоёр хүүхдэдээ төсвийн хөрөнгөөс мөнгө олгосон гэсэн үндэслэлээр АТГ-аас шалгаж байсан удаатай. Хэрвээ Л.Бямбажавыг шалгах зүйн ёсны хэрэг байгаа бол түүнийг ажлаас нь буулгаж л таарна. Гэхдээ Л.Бямбажавын хувьд ч Ц.Элбэгдоржийн хүн.
Мөнөөх л халаасны генералуудын нэг яах аргагүй мөн. Тэгэхээр Ерөнхийлөгч маань нэг генералаа нөгөөгөөр нь солих хүндхэн шалааны өмнө яах аргагүй зогсож буй бололтой. Үнэхээр Л.Бямбажавыг шалгах хэрэгтэй хэмээн Цагдаагийн газраас үзсэн бол шударга Ерөнхийлөгч маань нэг найзаа гомдоож, нөгөөг нь баярлуулахаас өөр арга байхгүй. Төрийн ажил ийм юм хойно. Гэмт хэрэг үйлдсэн нь үнэн бол улсын чухал объектыг удирдаад явна гэж үгүй. Тэр ч бүү хэл ял авч болно. Тэгэхээр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч хэр шударга эсэхээ харуулах л үлдэж байна. Бүр цаад утгаар нь авч үзэх юм бол Ц.Элбэгдорж Монгол Улсад урьд өмнө болж байгаагүй зэвсгийн наймааны хэргийг нэг тийш болгоход гацаах эрхгүй. Цааш нь ухаж үзвэл, өдгөөгийн Гадаад харилцааны сайд Лу.Болдыг ч шалгах л болно. Лу.Болд гэснээс дээрх хэргийн талаар цухас дурдах хэрэгтэй.
Монгол Улсаас байлдааны онгоцны моторыг худалдаж авах гэсэн солонгосчууд урьдчилгаа болгож 300 мянган ам.долларыг манайх уруу шилжүүлсэн тухай мэдээлэл байдаг. Тэгэхдээ Лу.Болд сайдын эзэмшдэг хувийн компанийн дансанд оруулсан гэх мэдээлэл ч урьд өмнө гарч байсан. Үүнийг зөвхөн манай улсын хэвлэл мэдээллээр төдийгүй, гадаадын олон цахим хуудаснаа бичсэн байв. Тэгэхээр уг эх сурвалжууд нэлээд баттай байж болох талтай. Тухайн үед Лу.Болд сайд яаран мэдэгдэл хийж АТГ-т өөрийгөө шалгуулна гэсэн нь ч нэгийг өгүүлнэ. Батлан хамгаалахын сайд байсан хүн өөрийнх нь үед ид цэцэглэж байсан зэвсгийн наймаанд оролцоогүй гэвэл худлаа болно.
Оролцоогүй юм гэхэд мэдээгүй байна гэвэл бүр ч худлаа болно. Тэгэхээр энэ хэрэгт ямар нэгэн сэжмээр холбоотой байж мэдэх юм. Тухайн үеийн хэвлэлд дурдсан зарим баримтаас дэлгэвэл, энэхүү наймааны мөнгө Лу.Болд сайдын эзэмшдэг “Бодь” группийн дансаар 1.8 сая ам.доллар шилжсэн тухай мэдээлэл ч тарж байсан удаатай. Хэвлэлээр дэлгэж буй баримтуудаас харахад шударга Ерөнхийлөгч маань томоохон хэргийн учрыг тайлах хүндхэн үүргийн өмнө зогсч байна. Хүндхэн үүрэг гэсэн нь Ц.Элбэгдорж халаасны нэг генералаа нөгөөгөөр солиод зогсохгүй, Лу.Болд сайдад ч хамааралтай учраас тэр. Юутай ч Л.Бямбажав генерал ажлаа өгвөл дээрх эрхмүүдийн хэн нэг нь Зэвсэгт хүчний жанжин штабыг удирдах нь. Чухам Зэвсэгт хүчний жанжин штабын даргын марафонд хэн түрүүлэх нь одоогоор тодорхойгүй ч Ц.Элбэгдоржид хамгийн ойрын генерал л энэ салбарыг толгойлж таарна.
С.БАЯР