Коростовецийн хөшөөг босгох тал дээр ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс илэрхийлсэн албан ёсны байр суурь

6c459ce2ab10f021big

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар

 

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үеийн Хаант Орос улсын сайд, нэрт дипломатч, дорно дахины судлаач Иван Яковлевич Коростовецийн дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор хөшөө босгох тухай хэлэлцжээ.

Уг хөшөөг нийслэлийн Баянзүрх дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт Оросын Холбооны Улсын Соёл шинжлэх ухааны төвийн эзэмшлийн талбайд байрлуулах саналыг Тэргүүлэгчдэд танилцуулсан байна.

Соёл спорт аялал жуулчлалын сайдын багцаас 85 сая төгрөгөөр санхүүжүүлэн баригдах уг хөшөө нь зургаан метрийн өндөртэй байх гэнэ. Тэргүүлэгчид асуудлыг хэлэлцэн олонхийн саналаар дэмжжээ.

 

Албан бичгийн хавсралт

Монголчууд 17 зуунаас эхлэн өөрийн бие даасан байдлаа хэсэг бусгаар алдаж эхэлсэн бөгөөд 1755 он гэхэд нэгэнтээ бүрэн Манж Чин улсын эрхшээлд багтаж, тэдний засаг захиргаа, улс төрийн эрх мэдэл бүрэн тогтсныг түүхийн баримт хөдлөшгүй батлана. Ийнхүү 160 орчим жилийн турш Манж Чин улсын төрийн хяналтад байсан ч газар нутаг, өөрийн үндэс язгуур, угсаа залгамжлал, төр ёсны уламжлалаа бүрэн умарталгүй хадгалсаар 1911 онд “цагийн тохиол” ашиглан үнэнхүү зориг, санаа нэгдэн Монгол улсаа сэргээн тунхаглаж, төр ёсны уламжлалаа сэргээсэн түүхэн үйл явдал болсон. Орчин үеийн Монгол улсын төрийн сэргэлт, тусгаар тогтнолын үүд хэмээн энэ түүхэн хэрэг явдлыг дүгнэн үздэг.

1911 оны тусгаар тогтнолын үйл хэрэг нь мэдээж дан ганц Монголчуудын хүчээр хийх асуудал биш байсан учир Богд гэгээнээс өөртөө тогтноход “чийрэг их улсыг шүтэж өөртөө тогтнох, чийрэг их улс болбаас дор бага улсыг тэтгэн туслах” ёсыг бодож умард хөршийг түшсэн нь түүхэн үнэн. Орос орон бол Монголчуудын сүүлийн 400 жилийн түүхэнд хөрш оршин буй монголын тусгаар тогтнолын баталгаа төдийгүй сайн хөрш юм. Гэвч тэр ХХ зууны эхэн үед газарзүйн байршил, улс төрөөс илүү эдийн засгийн сонирхолдоо хөтлөгдөн энэ үйл хэрэгт идэвхтэй тусласан боловч эцсийн дүндээ тэдний зүгээс монголын эдийн засгийг бүрэн мэдэх, монголд гаальгүй худалдаа эрхлэх эрхийг гэрээгээр баталгаажуулан нөлөөгөө тогтоож улс төрийн эрх мэдэл, тусгаар тогтнолын асуудлыг Дундад иргэн улсад даатган орхисон явдал гарсан юм. Үүнийг Оросын зүгээс хэлэлцээр хийж гэрээ байгуулан гүйцэтгэх болж уг даалгаварыг Бээжинд бүрэн эрхт төлөөлөгчөөр сууж байгаад “16 настай франц эмэгтэйтэй холбогдон хэл ам хэрүүл шуугиан” гаргаж дипломатын томоохон алдаа гаргаж Санкт-Петербургт буцаж очоод байсан И.Я.Коростовецийг 1912 оны 9 сард Монгол улсад ирүүлсэн билээ. Түүний хамгийн чухал зорилго нь уг гэрээгээр Оросууд Монгол улсад эдийн засгийн бүрэн нөлөөгөө тогтоох, монголчуудад аль аль талдаа ашигтай гэрээ хэмээх сэнхрүүлэн ойлгуулах, монголд энэ ажлыг хийж гүйцэтгэвэл алдсан нэр хүндээ эргүүлэн олох таатай боломж хайсан тэрээр “автономит” буюу “өөртөө засах” эрхийг монголчуудад олгосон дүр үзүүлэн эдийн засгийн хамаг эрхийг булаан авах, улс төрийн эрхийг хязгаарласан зөвхөн Оросуудын хувьд ашигтай монголчуудын хувьд ямар ч ашиггүй гэрээг хийхээр гэрээний төслөө барин Монгол улсад ирсэн юм. Тэрээр шинэ сэргэн мандсан Монгол улсад ирснийхээ дараагаас эхлэн Монголчуудыг эзлэн захирагч, их гүрний дээрэнгүй нүдээр харж үл тоож байсан юм. Ялангуяа Монголын төрийн ноёд, сайд нарыг “байгаль эхийн үрс”, “арай гэгээрсэн хүмүүс” хэмээн үзэж байлаа. Монголын носдыг татахын тулд Монгол дахь хятадын нөлөөг сулруулах хэмээн итгүүлнэ гэж хуурч байв. Үүгээрээ улбаалан Монголын тусгаар тогтнолын төлөө санаа, зориг шулуудан Нийслэл хүрээнд ирээд байсан ах дүү өвөр монголын ноёд ба халхын ноёдын хооронд яс хаяж тэднийг “Бээжингийн тагнуул” хэмээн цуу тарааж маш эвтэй байсан Засгийн газрын сайд ноёдыг хооронд нь эвдэрүүлж эхэлсэн явдал И.Я.Коростовецтой холбоотой. Түүнийг анх ирэхэд Монголын Засгийн газар ихээхэн итгэл найдвар тавьж байсан ч хэлэлцээрийн явцад хүчээр тулгасан гэрээ нь Монголчуудын хувьд ямар ч ашиггүй, зөвхөн Оросуудын эрх ашигт л нийцсэн гэрээ болсон юм. Уг гэрээгээр Монголчууд хэрчигдэн хуваагдах үүд нээгдэж, ах дүү Барга, Өвөр Монгол, Тагна Урианхай хилийн гадна үлдэж, эв нэгдэлтэй байсан Монголын засгийн газрынхан өөр хоорондоо үл итгэлцэж, ховоо хэлдэг хүнтэй болж, тусгаар тогтнолын хэрэгт зүтгэснээрээ “хятадын тагнуул”, “өөдгүй новш”, “увайгүй амьтан” хэмээх нэр хочийг зүүх болсон юм. Түүгээр зогсохгүй энэ гэрээгээр 1913 онд Бээжинд Орос, Дундад иргэн улс Монголын асуудлаар гэрээ байгуулан Монголын улс төрийн эрхийг Хятадад худалдаж, түүнийг Монголчууд эсэргүүцсэн тул 1915 оны Хиагтын буюу 3 улсын гэрээгээр Монголыг оролцуулан хүчээр шахан “автонимит монгол” хэмээн улсын статусыг нэрлэн Богд хааныг баталгаажсныг Барон Нольде тэмдэглэсэн байдаг. 1915 оны Хиагтын гэрээ бол Монголчуудыг тасдан хуваасан, Их гүрнүүд, хөрш улсаас Монгол улсад үзүүлсэн хамгийн гашуун шахалт дарамт, хэрчин хуваасан үйлдэл байсан нь тов тодорхой. Харин зарим судлаачид энэ бүх гэрээг гайхалтай байсан, Монгол улсыг баталгаажуулсан хэмээн дүгнэдэг нь эерэг талаараа бус сөрөг талаараа дүгнэгдэх учиртай. Хиагтын гэрээгээр 1911 оны тусгаар тогтнолын үйл хэрэг мөхөж, өвөр монголчуудыг чөлөөлөх дайн амжилттай явагдаж байсан ч гэнэт Монголын цэрэг татагдах болсон, Монголд сууж байсан Өвөр Монголчуудыг хөөн гаргаж, олон монголыг хэрчин хувааж, газар нутгийн хувьд үүрд хагацуулсан зэрэг гашуун үнэний эх суурь 1912 оны гэрээнээс хамааралтай.

Үүнийг анх Монголчууд өөрөөр хүлээж итгэж байсан юм. Монголын Засгийн газрын Дотоод яамны сайд Да лам Цэрэнчимэдийн хэлснээр “Блюнчлигийн олон улсын эрх зүйн онолыг баримтлан энэ хэлэлцээрийн үр дүнд Монгол улс эзэн хаан, нутаг орон, хүн ардтайгаа” үлдэнэ хэмээн И.Я.Коростовецаас шаардаж нэртэй дипломатч хэмээх тэрээр барьж ирсэн гэрээнийхээ эхийг уурлан шалан дээр шидтэл нь барьц алдуулж байсан юм. Магадгүй тухайн үеийн нэртэй дипломатч хүмүүс тийм авир гаргадаг байсныг үгүйсгэхгүй. Ямартай ч Монголчууд төр улсаа байгуулсан, төр улсаа хамгаалан үлдэхийн тулд өөрт буй бүх л боломж нөхцөлөөр, сэтгэл зүтгэлээрээ байгааг тэр Нийслэл хүрээнд 9 сар болохдоо гадарласан байхаа. Монгол улсын Ерөнхий сайдын орлогч нийт Өвөр Монголчуудын төлөөлөлийн тэргүүн эгнээнд байсан Бинт Чин ван Гончигсүрэнг гадуурхан “миний хамгийн том дайсан”, “да ламын холбоотой” “өөдгүй муу амьтан” хэмээн нүд үзүүрлэж улмаар түүнийг үдэж өгөх цайллагад тэрээр хор ууж үхсэн нь нэн сэжигтэй. Түүний дараахан уг гэрээг хамгийн хүчтэй эсэргүүцэж Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай зогсож байсан Да лам Цэрэнчимэд гэнэт ажлаасаа бууж баруун хязгаарт томилогдон явах замдаа таалал болсон байдаг.

Уг гэрээг Монголын засгийн газрынхан хичнээн эсэргүүцэвч И.Я.Коростовец “хятадын цэрэг Ховдоор ирж байгаа”, “гэрээг зөвшөөрч гарын үсэг зурахгүй бол бид та нарт туслахгүй” хэмээн сүрдүүлсээр гарын үсгээ зуруулж баталгаажуулсан юм. Хэдийгээр энэ гэрээг олон улсын чухал хэмээн хий хоосон дүгнэхээс илүүтэй тухайн үед Монголын засгийн газар юу гэж ойлгож байсан, яагаад тэд зурахгүй саатуулаад байсан, тэд өөрсдийн сайн дураар бус хүчээр тулгагдан зурсан зэргийг хожмын түүхчид сайтар тунгаавал асуудал нэн тодорхой болох юм. Уг гэрээний үндэсийг Монголын Засгийн газар үнэлэхдээ “Монгол улсад аль ч улсын хяналт хамгаалалт шаардагдахгүй. Орос улс Монголчуудын зүй ёсны шаардлагыг дэмжихээс татгалзсан болохоор Монголчууд нь хөрш айл улсыг түшэхээс өөр аргагүй”, “Оросын гавъяа тусаар улсаа байгуулсан боловч алсдаа нэг улсад идэгдэж магадгүй байна” хэмээн Япон улсыг түшихийг оролдож байжээ. И.Я.Коростовец Монголын Да ламын хэлсэн “Монголын нутаг дэвсгэр бол өнө эртнээс монголчуудын өмч байсаар ирсэн, хэзээ ч хятадынх байгаагүй” хэмээхэд тэрээр “олон улсын эрх зүйн үүднээсээ Монголын нутаг дэвсгэр хятадын салшгүй хэсэг” хэмээн өөрийн байр сууриа илэрхийлж байсан дипломат болно.

Энэ бүгдийн дараа И.Я.Коростовецийн хүчээр байгуулсан гэрээ нь Монголчуудад үзүүлсэн нөлөө нь дээрх мэт байгааг бид түүхийн бодит баримт, тухайн үеийн нөхцөл байдлыг үндэслэн тодорхойлж байна. Монголчууд бидэнд тусгаар тогтнолоо сэдэж сэргээсэн, түүнийхээ төлөө тууштай зүтгэсэн, амь насаараа хохирсон хойч үе нь хүндэтгэвэл зохих түүхэн хүмүүс нэлээд байгаа гэж бодож байна. Монголын тусгаар тогтнол нь Монголчуудын санаа зүтгэл, хүсэл мөрөөдлийн үр дүн байсныг уг нь санамаар байна. Бидэнд харийнханыг шүтэх үзэл нэвт гүн арай шингээгүй өнөө цагт Монголын тусгаар тогтнолын төлөө нэгэн биеийг зарж зүтгэсэн Да лам Цэрэнчимэд, Дархан Чин ван Пунцагцэрэн, Эрдэнэ Жонон Ван Ширнэндамдин, Цэргийн яамны сайд Гомбосүрэн, Сайн ноён хан Намнансүрэн, Лувсан цэвээн тэргүүн, Манзушир хутагт Цэрэндорж, Бинт чин ван Гончигсүрэн, Гүн Хайсан гээд хожим үеийнхэнд мөнхлөн үлдээж, гавъяаг үл умартах хүмүүс олон байгаадаа эхэлж анхаарвал эх оронч хүн бүрийн өмнө хүлээсэн томоохон үүрэг болно гэж үзэж байна. Эдгээр хүмүүсд хөшөө дурсгал битгий хэл нэрэмжит гудамж талбай ч алга байна. Энэ мэт олон олон монголынхоо төлөө зүтгэсэн түүхэн хүмүүс умартан мартагдсаар байгааг дашрамд дуулгаж байна. Энэ асуудлаар түүхчид, мэргэжлийн хүмүүсийг оролцуулсан хэлэлцүүлэг хийж болно. И.Я.Коростовецийн асуудлаар өөр олон баримт буйг дурдая.

Хэрвээ Оросын Соёл, Шинжлэх Ухааны байгууллагын өмнө хөшөө босгох хэрэгтэй бол Монголын судлалд дэлхийд гарамгай амжилт гаргасан, Монголын түүх соёлыг дэлхийд түгээж чадсан Академич Б.Я.Владимирцов, А.Ковалевский, Голстунский, В.В.Бартольд, П.К.Козлов, Ц.Ж.Цэвээн, А.С.Руднеев, Н.Н.Поппе, Л.Н.Гумилев, Монгол, Оросын харилцааны түүхэнд 50 жил консулаар ажилласан нэрт дипломат Я.П.Шишмарев зэрэг гайхамшигтай амжилтыг үзүүлсэн хүмүүс өнөө хир хүндэтгэлээ хүлээсээр байгааг анхааран үзвэл зохистой бус уу гэсэн саналыг хүргүүлж байна. Мэргэн оюундаа тунгаах буй за.

 


URL:

Сэтгэгдэл бичих