Банкны удирдлагууд хувийн өмчид халдлаа
Монгол Улсын арилжааны анхны гэх тодотголтой “Капитал” банк ажилчиддаа олгосон орон сууцны зээл тойрсон асуудал өнгөрсөн наймдугаар сард цацагдсан.
Харин өнөөдөр банкны удирдлагын зүгээс дээрх асуудлын хүрээнд иргэний өмчид халдаж хууль зөрчсөн үйлдэл гаргасан байна. Тодруулбал, “Капитал” банк нь өнгөрсөн оны тавдугаар сарын 3-нд 80 гаруй өөрийн ажилчдаа найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамруулсан аж. Ингэхдээ орон сууцны мкв бүрийг 1 сая 350 мянган төгрөгөөр үнэлж, “Шинэ дэлхий”, Би Энд Си”, “Катринг” гэх гурван барилгын компанийн орон сууцнаас сонголт хийх “шаардлага” тавьжээ. Өөрөөр хэлбэл, дээрх гурван компани нь “Капитал” банкнаас их хэмжээний мөнгө зээлж, орон сууцны барилга барьсан байна. Гэтэл энэ оны гуравдугаар сард тус банкны “ТУЗ” хуралдаж, 03 тоот тогтоолоор ажилчдадаа олгосон зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хүчингүй болгожээ. Тэд энэ үйлдлээ тайлбарлахдаа “Банк их хэмжээний зээл олгосон байна. Харин их хэмжээний зээл олгохдоо компанийн тухай хуульд заасан “ТУЗ”-өөс зөвшөөрөл авах ёстой. Зөвшөөрөл аваагүй учраас гэрээг хүчингүй болгосон” хэмээн тайлбарласан байх юм. Түүнчлэн орон сууцны үнэ өссөн учраас анх гэрээнд заасан нэг мкв тутамд төлсөн 1 сая 350 мянган төгрөгийг даруй нэмэгдүүлж, 1 сая 800 мянган төгрөг болгожээ. Түүнчлэн нэмэгдсэн мөнгийг төлөөгүй тохиолдолд байрнаас даруй гарахыг шаардаж эхэлсэн байна.
Дээрх байдлыг “Капитал” банкнаас зээл авсан ажилчид эсэргүүцэж өнгөрсөн наймдугаар сард хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандсан ч “хэвлэлд хандсан” үндэслэлээр ажлаас нь халжээ. Харин өчигдөр дээрх шалтгааны улмаас ажлаасаа халагдсан “Капитал” банкны С989 дүгээр салбарын захирлаар ажиллаж байсан Г.Ойдовын гэрт банкны удирдлагууд, хамгаалагчийн хамтаар халдаж, гэрийнх хаалгыг эвдэж дотогш нэвтэрсэн байна. Биднийг тухайн газарт очих үед тус банкны удирдлагууд байрных нь гадна машиндаа сууж байсан бөгөөд гэрийнх нь үүдэнд банкны хамгаалагч зогсоосон байдалтай байлаа. Тэрбээр “Капитал” банканд ажиллаж байх хугацаандаа “Шинэ дэлхий” компанийн барьсан байранд 55 мкв хэмжээтэй хоёр өрөө байрыг худалдаж авсан байна. Харин банкны зүгээс гэрээг цуцалсны дараагаар тэрбээр 25 сая төгрөг нэмж төлөх аль эсвэл байрнаасаа гарах шахаанд орсон аж. Бусад ажилчдын хувьд ч гэсэн зөрүү мөнгө төлөх эсвэл 10 жилийн турш тогтвортой ажиллах гэрээг банктай байгуулах сонголттой үлдсэн байна.
АЖИЛЧИД ӨНГӨЛӨН ДАЛДЛАЛТ БАЙВ УУ
Түүнчлэн “Капитал” банкнаас зээл авч орон сууцны барилга сүндэрлүүлсэн “Шинэ дэлхий” компанийн орон сууцны барилгын I давхар буюу үйлчилгээний төвд “Капитал” банкны салбар байршиж байсан нь бидний анхаарлыг татсан юм. Өөрөөр хэлбэл, банк, барилгын компани хоёрын хооронд ямар нэг холбоо бий юу, гэх хардлага. Мэдээж улсын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж, 10 давхар, гурван орцтой, үйлчилгээний томоохон талбайтай орон сууцны барилга барьсан компанийн захирал аль нэг банкны захирлыг ажил хэргийн шугамаар таньж, мэдэх нь зүйн хэрэг. Гэхдээ дээр үүссэн нөхцөл байдал арай өөр. Тодруулбал, 2011, 2012 оны эхэн үеэр “Капитал”банк нь барилгын санхүүжилтийн зээлийг дээр дурдсан “Шинэ дэлхий”, “Би Энд Си”, “Катринг” гэсэн гурван компанид олгосон байдаг байна. Тухайн үед барилгын компаниуд нь зээлээ аваад, барилгаа бариад явж байсан ч санхүүжилт нь багассан аж. Өөрөөр хэлбэл, зээл эргэн төлөгдөх хугацаа хэтэрч, барилгын компаниуд зээлээ төлж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн байна. Тиймээс банк чанаргүй зээлийг гаргасан байж болзошгүй аюулд унасан аж. Мэдээж барилгын санхүүжилтийн зээл учраас хэдэн саяар биш хэдэн тэрбумаар тоологдох нь дамжиггүй. Харин ийм нөхцөл байдал үүсээд байсан үеэр Монголбанкнаас тус банканд шалгалт оруулж эхэлсэн аж. Тиймээс банк зохистой харьцаагаа авч үлдэхийн тулд барилгын компанид олгосон зээлээ ажилчдын орон сууцны зээл болгон хувиргасан байж болзошгүй байгаа юм. Ийнхүү асуудал намжиж эхэлсний дараагаар банк ажилчиддаа олгосон зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, тухайн үеийн ханшаар худалдсан орон сууцны үнийг даруй өсгөж, бүр хувийн өмчид халдан хууль зөрчиж эхэлсэн байна. Тиймээс орон сууцны зээлд хамрагдсан тус банкны 80 гаруй ажилчид нэг талаасаа чанаргүй зээлийн золиос болсон бололтой.
“NT” © Б.ШИРНЭН
Эх сурвалж: niigmiintoli.mn
URL: