“Микронуудын үнэ тариф, үйлчилгээний соёлд шалгалт хийнэ”

“Микронуудын үнэ тариф, үйлчилгээний соёлд шалгалт хийнэ”

ШӨХТГ-аас сүүлийн үед хийсэн хяналт шалгалтуудын талаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсийн дарга Ч.Батбаатараас тодрууллаа.

-Сүүлийн үед ямар газруудад хяналт шалгалт хийж байна вэ?
-Нийслэлийн хэмжээнд ашиглагдаж байгаа лифтийн үзлэг шалгалт хийх, пайзжуулах ажлыг “ШӨХТГ”, ”МХЕГ”, ”Улаанбаатр лифт” НӨҮГ-тай хамтран зохион байгуулж байна. Мөн хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй хамтарсан шалгалт, Вьетнам авто засварын газруудад дүүргийн ЗДТГ-тай хамтран гүйцэтгэлийн хяналт шалгалт хийсэн. Түүнчлэн хүнсний дэлгүүр супермаркетууд, тамхи импортлогч болон үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын ажил зэрэг олон ажил хийгдэж байгаа.

-Нийслэлийн хэмжээнд ашиглагдаж байгаа лифтийн үзлэг шалгалт хийсэн гэсэн. Уг шалгалтын талаар тодруулаач?
-Одоогоор Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол дүүргийн нийт 1000 гаруй лифт үзлэгт хамрагдаад байна. Шалгалтын явцад лифтийн засвар үйлчилгээ хйидэг компаниуд сар болгон ирж хийдэг засвар үйлчилгээг хангалтгүй хийх, зарим газруудад тогтмол хийдэггүй, лифтийн санамж пайзгүй, албан байгуулагуудад мэргэжлийн үнэмлэх бүхий лифтчин байхгүй, лифтийн компаниудаас ирж техник үйлчилгээг хийсэн техникчид лифтийн паспортанд хөтлөлт хийдэггүй нийтлэг зөрчлүүд илэрч байна.

Эдгээр лифтийг ашиглагч байгуулагуудад зөрчлийг арилгах хугацаатай шаардах хуудас өгсөн. Шалгалтын явцад ноцтой зөрчил илэрсэн газруудын лифтийг хугацаатай зогсоон мөн зөрчлийг арилгах хугацаатай шаардах хуудас өгсөн байгаа.

-Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй хамтарсан шалгалтаар хууль бусаар усны суурь хураамж авч байгааг илрүүлсэн гэсэн үү?
-Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй хамтран энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна. Шалгалтаар 40 гаруй аж ахуйн нэгж, СӨХ, иргэд хууль зөрчиж тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж хууль бусаар усны суурь хураамж авч байгааг илрүүлсэн. Эдгээр аж ахуйн нэгж, СӨХ, иргэдэд энэ сарын 01-ний дотор зөрчлөө арилган, үйл ажиллагаагаа хууль тогтоомжид нийцүүлэхийг шаардсан улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлээд байна.

-Вьетнам авто засварын газруудад өгөгдсөн албан шаардлагын биелэлт хэр хангалттай байсан бэ?
-Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Вьетнам авто засварын газруудад дүүргийн ЗДТГ-тай хамтран гүйцэтгэлийн хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар засвар, үйлчилгээнийхээ ажлын үнэ тарифыг хэрэглэгчдэд ойлгомжтой, ил тод байрлуулах, хийгдсэн засвартаа баталгааны хуудас олгож байх талаар өмнө нь өгөгдсөн албан шаардлагын биелэлт хангалтгүй байгаа нь тогтоогдсон.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нэг Вьетнам авто засварын газрын үйл ажиллагааг түр зогсоож, иргэний бичиг баримтын зөрчилтэй хоёр Вьетнам иргэнийг цагдаагийн байгууллагад шилжүүлж, зөрчилтэй байсан “ББ -Од” ХХК, “Ханой-Өргөө” ХХК, “Висом” ХХК-иудад Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар нийт сая 728 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Цаашид бусад дүүргийн Засаг дарга нарт тухайн нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа авто машины засварын газруудад үзлэг шалгалт хийж, холбогдох арга хэмжээ авч хамтран ажиллах талаар албан тоот хүргүүлсэн. Уг шалгалт одоо ч үргэлжилж байна.

-Хүнсний дэлгүүр супермаркетуудад яагаад шалгалт хийх болов. Шалгалтаар ямар зөрчил илэрсэн бэ?
-Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүр супермаркетуудын лангууны үнэ кассын үнэ ялгаатай байдагтай холбоотойгоор хэрэглэгчдээс ирсэн гомдлын дагуу “Оргил”, “Номин”, “Миний дэлгүүр”, “Макс”, “Баясах”, “Замбала” зэрэг супер маркетуудад хяналт шалгалт хийсэн.

Уг шалгалтаар зарим дэлгүүрүүдэд кассын үнэ лангууны үнэ зөрсөн зөрчил ихээр илэрсэн. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Баясах-32” дэлгүүрээс 26 нэрийн барааг сонгон авч үзэхэд 10, “Замбала” дэлгүүрээс 23 нэрийн бараа сонгосноос есөн барааны үнэ зөрүүтэй байсан.

Түүнчлэн чанарын шаардлага хангахгүй хуурамч архи зарж байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд байрлалтай найман нэрийн “Нэмол” хүнсний дэлгүүрт гэнэтийн шалгалт хийсэн. Шалгалтаар “Мөнхжин-Од” ХХК нь “Жем интернэшнл”, “Спирт бал бурам” зэрэг архины шил савыг ашигласан, хуурамч акзиз нааж хямд үнээр борлуулж байсан нь тогтоогдсон.

Тиймээс 140 гаруй шил архийг нь битүүмжлэн тус компанид таван сая төгрөгийн торгууль ногдуулж, ҮХААЯ-нд тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах санал хүргүүлсэн. Мөн дэлгүүрт үйлдвэрлэсэн хугацаа нь тодорхойгүй, хадгалалтын хугацаа дууссан, хаяг шошгожилтын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн, ихээхэн хэмжээний чихэр, набор, өтгөрүүлсэн сүү, какао зэргийг худалдаж байсныг илрүүлж битүүмжлэн 150 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байгаа.

-Тамхи импортлогч болон үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд хийсэн хяналт шалгалтын ажил хийсэн гэсэн. Шалгалтаар ямар зөрчил голлож илрэв?

-Тамхи импортлогч болон үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалтын ажил хийгдсэн. Тус хяналт шалгалтад “Газар сүлжмэл” ХХК, “Алтангадас трейд” ХХК, “Алтан жолоо трейд” ХХК, “Престиж суплайз инк” ХХК, “Монгол тамхи со” ХХК, “Монгол тамхи интернешнл” ХХК гэсэн аж ахуй нэгжүүд хамрагдсан. Шалгалтаар “Алтангадас трейд” ХХК-ийн БНСУ-аас импортоор оруулж ирдэг “ESSE LIGTHS” нэрийн тамхины үйлдвэрлэсэн хугацаа нь 2015 оны дөрөвдүгээр сарын 15-нд гэж бичигдсэн зөрчил илэрсэн тул тус компанид таван сая төгрөгийн торгууль ногдуулсан. Агуулахад хураалттай байгаа 2800 хайрцаг зөрчилтэй тамхийг худалдаалахыг түр зогсоож худалдаанд гаргасан зөрчилтэй тамхиудыг буцаан татах, санамж наалгахаар болсон байгаа.

Энэ мэт олон хяналт шалгалт хийж байгаа. Тухайлбал, Засгийн газар, Монгол банкнаас хамтран хэрэгжүүлж байгаа цементийн үнэ тогтворжуулах хөтөлбөрт хамрагдаж, гэрээ байгуулж хөнгөлттэй зээл авсан аж ахуй нэгжүүдийн гэрээний үүргийн биелэлтийг гаргаж үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулахаар ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 23 аж ахуй нэгж хамрагдсанаас урьдчилсан байдлаар тайлан мэдээгээ гэрээнд заасан хугацаанд гаргаж өгөөгүй, гэрээгээр тохирсон үнийг нэмэгдүүлсэн зөрчлүүд илэрсэн. Шалгалт үргэлжилж байгаа.

Цаашид Нийслэлийн тээврийн газартай хамтран бага оврын автобуснуудын буюу микронуудын үйл ажиллагаа, үйлчилгээний соёл, үнэ тариф, гэрээний үүргийн биелэлтийг, жолооны курсуудын сургалтын орчин, чанар, багшлах боловсон хүчний хангамж болон үйл ажиллагаа нь суралцагчийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа эсэх, брэнд бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа дэлгүүр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь Өрсөлдөөний болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх талаар хяналт шалгалтуудыг хийхээр төлөвлөөд байна.

Ж.Мягмар


URL:

Сэтгэгдэл бичих