Шинзо Абэ цацрагт ялагдсанаа хүлээн зөвшөөрөв
Японы үе үеийн удирдагчид буюу ерөнхий сайд асан Жуничиро Койзуми, Наото Каннар цөмийн эрчим хүчээс татгалзахыг уриалж (1), “АЦС хүн төрөлхтөн хоёр зэрэгцэн орших боломжгүй” (2) гэж мэдэгдэх болсон. Саяхан Шинзо Абэ ч бас тэдний эгнээнд нэгдэхээр сэтгэл шулуудаж эхэлжээ.
2011 оны 3 сарын 11-ний Фукушимагийн осол нь Чернобылээс хойш тохиолдсон, манай гаригийн хамгийн том, хамгийн ноцтой цөмийн гамшиг билээ. Гэвч Японы засгийн газар дээрх мэдэгдлийг хүлээн зөвшөөрөхөд бүхэл бүтэн 2.5 жил шаардагджээ.
2013 оны 10 сарын 6-нд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ дэлхийн олон нийтэд хандаж, улам бүр хурцадсаар буй Фукушимагийн гамшгийг тогтоон барихад тусламж туслалцаа үзүүлэхийг дэлхий нийтээс хүсчээ. “Энэ асуудлыг таслан зогсоохын тулд бид гадаад орнуудын шилдэг эрдэм мэдлэгээс хүлээн авахад нээлттэй байна.
Манай улсад та бүхний мэдлэг туршлага чухал шаардлагатай байна” гэж Киотод болсон олон улсын эрдэм шинжилгээний форумын эрчим хүч, байгаль орчины салбар хуралдаан дээр Шинзо Абэ мэдэгдсэн байна.
Ийнхүү хэлсэн үг нь Шинзо Абэгийн өмнө хэлж ярьж байснаас өдөр шөнө шиг зөрөөтэй ажээ. Шинзо Абэ олон улсын байгууллагууд болон Японы иргэдийг ямагт тайвшруулж, аюул занал хийлэл өнгөрсөн гэж ярьдаг байсан юм.
Тухайлбал, ердөө ганцхан сарын өмнө буюу 9 сарын 7-нд Буэнос Айрест болсон Олон Улсын Олимпийн Хорооны ерөнхий хуралдаан дээр Шинзо Абэ : “Цөмийн гамшиг Токиод ямар ч аюул учруулаагүй, учруулах ч үгүй. Асуудал огт байхгүй…
Өнөөг хүртэл ард иргэдийн эрүүл мэндэд нөлөөлсөн зүйл гараагүй, ирээдүйд ч гарахгүй.Би энэ үгийг ямар ч эргэлзээгүйгээр батлан хэлж байна. Бид байдлыг бүрэн хянаж чадаж байгаа” гэж дахин дахин давтаж байжээ.
Гэвч түүний үгийг ТЕПКО компанийн удирдах албан тушаалтны нэг Казухико Ямашитаэрс үгүйсгэж, “бид нөхцөл байдлыг хянаж байгаа гэж хэлж чадахгүй” хэмээн Фукушима мужийн Корияма хотод 2013 оны 9 сарын 13-нд болсон уулзалтан дээр ярьсан байна.
Фукушимагийн ослууд цуварсаар…
2013 оны 10 сарын 7– Фукушимагийн АЦС-ын байгууламж дээр шалгалт хийж байсан ажилтан товчлуурыг эндүүрч дарсны улмаас эвдэрсэн цөмийн реакторуудыг хөргөөх ус соруулж байсан насосны цахилгаан хангамж тасалдаж, дөрвөн реактор дэлбэрэх ноцтой байдал үүсчээ. Золоор нөөц үүсгүүр ажилласан тул осол гарсангүй.
2011 оны 3 сарын 11-ний ослоосхойш ТЕПКО эдгээр реакторууд дээр хоногт хэдэн зуун тонн хүйтэн ус тасралтгүй юүлсээр ирсэн юм. Хэрэв хөргөлтийн систем тасалдвал асар халуун цөмийн урвал явагдаж буй цөмийн түлш хэт халан хяналтаас гарч, урд хожид үзэгдээгүй асар том цөмийн дэлбэрэлт гарах аюултай ажээ.
Гэвч хөргөлтийн ажлыг тасалдахад хүргэж болзошгүй хүндрэл бэрхшээл тохиолдсоор байна. Тухайлбал, хэдэн сарын өмнө цахилгаан дамжуулах утсыг харх мэрсэнээс болж эрчим хүч тасарч, ашигласан түлшний санруу ус юүлэх ажиллагаа зогсч байжээ.
Нөгөөтэйгүүр тийнхүү ашигласан асар их цацрагтай усыг аюулгүй хадгалах нь томоохон асуудал үүсгэж байна. ТЕПКО компаниас хөргөлтөнд ашигласан асар өндөр цацрагтай усыг хадгалахын тулд АЦС-ын дэргэд 1000 ширхэг 450 тонны багтаамжтай торхнуудыг шуурхайлан байрлуулжээ.
Гэвч эдгээр торхнуудаас цацрагтай усалдагдах явдал цөөнгүй гарч байна. 10 сарын 3-нд ТЕПКО компанийн ажилчид хадгалах савныдүүргэлтийг хэмжих багажгүй байсны улмаас сав дүүрч, 400 гаруй литр цацрагтай ус гадагш асгарчээ.
Түүний өмнөх өдөр буюу 10 сарын 2-нд, ажилчид дүүрсэн савруу андуурч ус шахсаны улмаас 4тонн орчим цацрагийн бохирдолтой ус асгарсан байна. Түүнчлэн, хадгалах савнаас 300 тонн цацрагтай ус Номхон Далайд алдагдсаныг ТЕПКО компани бүтэн сарын дараа буюу 2013 оны 8 сарын сүүлчээр мэдэж байсан удаатай юм.
Цацрагтай ус асгарсан, алдагдсан ослуудыг судалж үзвэл, техникийн гэхээсээ илүү хүний хүчин зүйлийн асуудлууд байдаг аж. Өнгөрсөн сар гаруйн хугацаанд 3 удаа ус ихээхэн хэмжээгээр алдагдаж, хэдэн тонн цацрагтай ус хөрсөнд нэвчиж, далайруу цутгасан нь бүгд ажилчдын хайхрамжгүй хариуцлагагүй байдлаас үүдсэн нь тогтоогджээ.
Японы Цөмийн Зохицуулах албаны захирал Кацухико Икеда хэлэхдээ “Хүний алдаанаас болж цацрагтай усалдагдсан нь туйлын харамсалтай байна. Ослын газар дээрх удирдлага, зохион байгуулалт туйлын хангалтгүй байгааг харуулж байна” гэжээ.
Үйлдвэрлэлийн мэргэжилтнүүд болон инженерууд ТЕПКО-г цацрагтай ус савлах явцад хариуцлагагүй ханддаг, цацрагтай ус алдагдаж, Номхон Далайд орохоос хамгаалсан хамгаалалтын ханаа хэт намхан барьсан, ус хадгалах торхнуудыг ажиглалт хяналтын баримт дутуу, усны түвшинг хэмжих багаж хүрэлцээгүй, цацрагтай ус дамжуулах хоолойг өвсөн дээгүүр татсан нь цоорч гэмтэх эрсдэлтэй гэх мэтээр шүүмжилж байна. Японы Цөмийн Зохицуулах агентлагийн ажилтнууд ч ТЕПКО-г “цацрагийн түвшинг хэмжих анхан шатны мэдлэг чадвар сул” хэмээн дүгнэжээ.
Бодит байдал ямар байна вэ?
2011 оны 3 сарын 11-ний цөмийн ослоос хойш Фукушимагаас алдагдсаар байгаа цацрагтай ус нь манай гаригийн хүнс тэжээлийн гол эх үүсвэрийн нэг болох Номхон Далайн экосистемийг хордуулсаар ирсэн юм.
2013 оны 8 сард ТЕПКО-гийнхан нийт хуримтлагдсан дүнгээр 20-40 триллион бэккэрэлээр хэмжигдэх цацрагт тритий гэгч бодис ослоос хойшхи хугацаанд Номхон Далайн усанд цутгасныг хүлээн зөвшөөрчээ. Гэтэл цацрагийн зөвшөөрөгдсөн дээд хэмжээ нь 1 литр усанд 30 бэккэрэл байдаг ажээ.
Сүүлд алдагдсан 430 литр усанд хэмжилт хийхэд 1 литр усанд ногдох цацрагийн хэмжээ 200,000 бэккэрэл байсан хэмжилт гарчээ. Энэ нь албан ёсны зөвшөөрөгдсөн түвшнээс даруй 6700 дахин их байна.
Номхон Далайруу цацрагтай ус алдагдаж буйг таслан зогсоохын тулд Японы засгийн газраас хагас тэрбумдоллар зарцуулахаар төлөвлөж байна.
Тухайлбал, энэ сарын эхээр Японы засгийн газраас Фукушимагийн АЦС-ынг тойруулан далайн түвшнээс 30 метрийн дор хөргөлтийн хоолой булж, улмаар газрын хөрсийг хөлдөөж цацрагтай ус урсч алдагдахаас сэргийлэх төслийг баталжээ.
Тус ажлыг хийж гүйцэтгэхэд 18 сар шаардлагатай бөгөөд хэдэн зуун сая долларын өртөгтэй юм. Хүн төрөлхтөн Фукушимагийн хэмжээтэй цөмийн осол урьд хожид тохиолдож байсангүй.
Хэдийгээр 1986 онд болсон Чернобылийн осол Олон Улсын Цөмийн Гамшгийн үнэлгээний 7-р түвшний осол байсан гэдэг ч Чернобылийн АЦС нь ердөө цөмийн ганцхан реакторын осол байсан. Түүгээр ч барахгүй Чернобылийн АЦС дотор осол болохоос өмнө 180 тонн цацрагт материал агуулагдаж байжээ.
Тэгвэл Фукушимад нийтдээ 10 цөмийн реактор, ашигласан түлшний 11 сантай байсан төдийгүй осол болохын өмнө бараг 10 дахин их буюу 1,760 тонн цацрагт материал хадгалагдаж байсан аж.
ОХУ-ын ИТАР-ТАСС агентлагийн мэдээнээс үзвэл, цацрагийн аюулгүй түвшин жилд 1-13 миллизиверт байх ёстой атал Фукушимад цацрагийн түвшин цагт 100 миллизиверт хүрч байгаа ажээ.
Фукушимагийн АЦС-ыг бүрэн аюулгүй болгож, хаахад хэдэн арван жил зарцуулагдах тооцоо гарчээ.
Э. Амарлин
http://golomt.og
Ашигласан эх сурвалжууд:
1. Former Japanese Leader Declares Opposition to Nuclear Power. 2013 оны 10 сарын 2, Мартин Фэклер, New York Times сонин.
2. НаотоКан: Хүн төрөлхтөн АЦС 2 зэрэгцэн орших боломжгүй. 2013 оны 3 сар, Хелен Калдикоттын сангийн хуралд зориулсан видео .
3. Japan asks for world’s help on Fukushima leaks. 2013 оны 10 сарын 6, Аль Жазийра Америка мэдээллийн цахим сайт.
4. Fukushima Radiation Now A Global Disaster: Japan Finally Asks World For Help, Two Years Too Late. 2013 оны 10 сарын 7, ДэйвСмит, International Business Times цахим сайт.
5. Fukushima worker accidentally switches off cooling pumps, backup kicks in.
2013 оны 10 сарын 7, Мэри Сайто, Ройтерс агентлаг.
6. TEPCO official denies Abe’s claim that nuclear crisis is ‘under control’. 2013 оны 9 сарын 13, Асахисонин.
7. Fukushima radiation readings spike to highest levels. 2013 оны 9 сарын 3, Аль Жазийра Америка мэдээллийн цахим сайт.
8. Water 6,700 times more radioactive than legal limit spills from Fukushima. 2013 оны 10 сарын 3, Аратa Ямамото, Александр Смит, NBC News мэдээллийн цахим суваг.
URL: