Д.Шинэхүү дарга улсын тусгай хамгаалалттай газрыг зарсаар байх уу

Зайсангийн уугуул иргэдэд газар олгох тухай хуулийн төсөл яригдаж эхлэхтэй зэрэгцэн Зайсанд зөвшөөрөлгүйгээр гэр хатгаж эхлэв. Тодруулбал, Зайсан толгойн зүүн талын бэлд шинээр гэрүүд баригдсан байна.
Нэг өдрийн дотор тав, арван гэр шинээр хашаа хатгаад буусан нь цаанаа зохион байгуулалттайгаар суурьшиж байгааг харуулна. Жирийн нэгэн иргэн хэрэв зөвшөөрөлгүй буувал өдөртөө хөөгдөж, эргээд зөвшөөрөл хэзээ ч олгогддоггүй нь хууль.
Харин эрх мэдэлтнүүдийн хаацайлалттайгаар газар хадгалж буусан гэрүүд “хамгаалалттай” учир эцэстээ зөвшөөрөл нь олгогдоод өнгөрдөг. Өдгөө Зайсан толгойн хашаанд дотор гэр хатгаж, жорлон ухаж буй Хөвсгөлийн гаралтай гэх иргэдийн ард хэн гэдэг албан тушаалтан нуугдаж байна вэ.
Лав УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай тус газарт хоёр давхар байшин босгосонтой барьцаж байгаа гэж тэнд буусан иргэд тайлбарлаж байгаа. Хан-Уул дүүргийн газрын албанаас зөвшөөрөлгүй бууж буй газрыг хэн хариуцах талаар тодруулахад “Хуулиараа Богдхан уулын захиргаа” гэсэн хариултыг хэлж байна.
Ямартаа ч өнөөдөр гэр хатган Зайсан толгойтой хаяа дэрлэн буусан 10 гаруй гэр нэг л мэдэхэд зөвшөөрлөө авчихсан байх вий. Өнгөцхөн харахад хууль зөрчиж газар хатгасан иргэдийг өнөөдөр хариуцах эзэн нь олдохгүй байгаа мэт боловч хачир дээрээ албан тушаалтнуудын газар хадгалж түр зуур гэр буулгасан нь илэрхий байгаа юм.
Зайсан дахь газар олголт Монголын ард түмний нүдэн дээр албан тушаалтан, эрх мэдэлтнүүд хэрхэн хууль зөрчиж болдгийг тод томруун харуулсан. Аргаа барсан Зайсангийн уугуул иргэд тэмцэл зарлаж Байгаль орчны яамны үүдэнд жагсаж байхав дээ.
Тэнд газар олголтыг хуулиас гадуур явуулснаас болж өнөөдөр хэн нь Зайсангийн уугуул иргэд хэн нь суурьшмал иргэд хэн нь газар хадгалж бууж буй гэдэг нь ялгагдахаа больсон. Угтаа Зайсангийн бүс нутаг улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг.
Байгаль орчны яамны мэдэлд Зайсан тусгай хамгаалалттай газар нутаг хамрах ч уг газрыг хамгаалах үүргийг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа хүлээдэг.
Хуульд зааснаар Тусгай хамгаалалттай газарт зөвхөн аялал жуулчлалын чиглэлээр газар олгогдоно гэж тусгагдсан. Гэтэл Зайсанд аялал жуулчлал нэрийн дор хувь хүмүүс болон томоохон аж ахуйн нэгжүүд хороолол, хорооллоор нь хотхон барьж мөнгө хүүлж, тэрбум тэрбумаар газрын наймааг ил хийж ирсэн.
Газрын наймаа одоо ч хийгдсээр. Зайсанд олгогдсон газрыг хуулийн байгууллагаас шалгаад үзвэл хэдэн зуун сая ам.долларын хэрэг сөхөгдөнө. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам бодлогын зохицуулалт хийдэг учир хамгаалах үүргийг Богдхан уулын захиргаа хүлээнэ гэдгийг хэлж байна.
Богдхан уулын дархан цаазат газрын дарга Д.Шинэхүү “Зайсангийн хамгаалалтын асуудлыг хариуцдаг олон байгууллага бий. Ганцхан манайх хариуцдаг ч юм биш” гэж хээвнэг хариулж сууна.
Хуулийг завхруулах эрхтэй Д.Шинэхүү дарга гэж хэн бэ. 
Увс аймгийн гаралтай Д.Шинэхүү өнгөрсөн 2010 оноос тус газрын даргаар ажиллаж байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүн гэж өөрийгөө бусдад ярьж явдаг. Ерөнхий сайдын “хамгаалалттай” учраас хууль зөрчиж улсын тусгай хамгаалалттай газар нутгийг зарж, үрж болно гэж эндүүрмээргүйсэн.
Манай улсын хамгийн үнэтэй хороолол гэгдэж буй Зайсан болон бусад амуудад хэдэн арван га газрыг мөнгөтэйд нь “бэлэглэж” суугаа Д.Шинэхүү одоо болохоор “Бид хамгаалах үүрэгтэй биш шүү дээ” гэж байгаа нь төрийн өндөр албан тушаалтанд байх ёс зүй, хариуцлага мөн үү.
Богдхануулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны үндсэн чиг үүргийг судлаад үзвэл “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон Байгаль орчны тухай багц хуулиуд, тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт тавих,
хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, байгаль орчинд учирч болзошгүй хор аюулаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, байгаль орчны ажиглалт судалгаа, нөхөн сэргээлт, биотехникийн арга хэмжээг оновчтой зохион байгуулах, Богдхан уулын байгалийн унаган төрхийг хэвээр хадгалах, байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах, хамгаалах” гэж заажээ.
www.bogdkhanuul.mn сайтад зангиа зүүсэн Д.Шинэхүү даргын зурагтай “Манай байгууллагын эрхэм зорилго бол Богдхан уулын дархан цаазат газрын экологийн тэнцвэрт байдлыг хадгалан байгалийн нөөц баялгийн хамгаалалт, ашиглалтын менежментийг зvй зохистой явуулах, Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн болон Байгаль орчны багц хуулиудын хэрэгжилтийг хангах юм” гэх мэт хуулийн дагуу хариуцлага хүлээж ажиллах уярам сайхан мэдээллүүд олон бий.
“Хууль таны хариуцсан газарт хэрэгжсэн үү, дархан цаазат газрын экологийн тэнцвэрт байдлыг хадгалж чадаж байна уу” гэдэг асуултыг Д.Шинэхүү даргад үлдээе. Богдхан уулын дархан цаазат газрын үүрэгт зааснаар “Хэрэв гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Богдхан уулын хамгаалалтын захиргаа нөхөн төлбөр гаргуулж, хариуцлага тооцох үүрэгтэй” гэж тусгасан нь бий.
Үүний дагуу Богдхан уулын хязгаарлалтын бүсэд нийтдээ 662 зөвшөөрөл олгогдсон. Үүнээс ердөө 65 нь л зөвшөөрөл авсан зориулалтынхаа дагуу үйл ажиллагаа явуулдаггүй хууль бус үйлдэлтэй хэрхэн хариуцлага тооцож ирсэн бэ.
Хүлээсэн үүргийнхээ дагуу бол зөвшөөрөл олгогдсон зориулалтаасаа өөр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд ямар хариуцлага тооцож ирсэн бэ. Нөхөн төлбөр гаргуулсан уу.
Зөвшөөрлийг нь цуцалсан уу гэх мэтээр олон асуултын хариулт хүлээгдэж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн нэрийг барьсан Д.Шинэхүү дарга АТГ-ын хараа хяналтаас мултрах уу үгүй юу гэдгийг цаг хугацаа харуулах нь.
Б.Саруул 
Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин

URL:

Сэтгэгдэл бичих