Цагдаагийн дарга нар өмгөөлөгчдөө халтай
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа П.Өлзийсайханыг өнгөрсөн хавраас эхлэн хориод байгаа билээ. Харин түүний өмгөөлөгч Л.Баттогтох өнгөрсөн сарын сүүлээр хэвлэлийнхэнд хандаж дэд хурандаа П.Өлзийсайханд зохиомол хэрэг үүсгэн, ял оноох гээд байна гэж байсан юм.
Тэрээр мэдээлэлдээ “Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Өлзийсайханыг прокурорын байгууллага хэн нэгний захиалгаар хилс хэрэгт гүтгээд байна гэсэн юм.
Тэрбээр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн даргаар ажиллаж байхдаа хууль бус мод огтлох, алт олборлолт, ан гөрөө хийх, авилгал хээл хахуультай идэвхитэй тэмцэж ирсэн. Үүнийг ЦЕГ-аас мөн батлаж байгаа.
Түүнийг Эрүүгийн тасгийн даргаар ажиллаж байхад тус аймгийн прокурорын газрын орлогч дарга н.Болд-Эрдэнэ гэгч этгээд авилгалын асуудалд орооцолджээ. Уг хэрэг дээр П.Өлзийсайхан АТГ-ын мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой, болон Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн төлөөлөгч Г.Ганболд нар ажиллаж, н.Болд-Эрдэнийг авилгал авсныг тогтоосон байгаа юм.
Тиймээс н.Болд-Эрдэнэ тодорхой хэмжээний ял авч, үүнээс нэг жилийн ялыг биеэр эдлэсэн байна. Гэвч тэрбээр хорих ангиас гарч ирээд хуулийн байгууллагад нөлөөлж өөрийн нь шалгаж байсан П.Өлзийсайхан, Б.Бат-Олзвой, Г.Ганболд нарыг Улсын прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд “хууль бусаар намайг баривчилсан, хууль бусаар нотлох баримт гаргасан” гэх гомдлыг гаргасан байгаа юм.
Үүнд Нийслэлийн прокурор хянаад эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхэд шилжүүлсэн. Харин гурван шатны шүүхээс “уг хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүн шинжгүй” хэмээн хэргийг цагаатгах тогтоол гарсан.
Цагаатгах тогтоол гурван шатны шүүхээс гарсан чинь н.Болд-Эрдэнэ өөр хувилбараар П.Өлзийсайханыг оролдож эхэлсэн. Өөрөөр хэлбэл, П.Өлзийсайханыг нэргүй мэдээллээр дөрвөн гэмт хэргийг хийсэн хэмээн Нийслэлийн прокурор дахин эрүүгийн хэрэг үүсгэсэн.
П.Өлзийсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230.3-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тус зүйл ангид 5-8 жилийн хорих ялаар шийтгэнэ хэмээн заасан байдаг.
Тодруулбал, П.Өлзийсайхан долоон жилийн өмнө наадмаар Замын цагдаагийн тасгийн байцаагч Н.Мөнгөнтулгад шаардлага тавьж маргалдсан байдаг. Улмаар нэг алгадсан. Гэхдээ Н.Мөнгөнтулгын биед гэмтэл учраагүй. Тэрбээр өөрөө ч П.Өлзийсайхан даргад ямар ч гомдолгүй.
Миний биед ямарч гэмтэл учраагүйгээ хавтаст хэрэгт мэдүүлсэн. Гэтэл прокурорын газраас хэргийг долоон жилийн дараа сөхөж, хүнд гэмтэл гэдэг дүгнэлт гаргуулж хэрэг үүсгэсэн байгаа юм. П.Өлзийсайханд алгадуулсан Н. Мөнгөнтулга гомдолгүй гэдгээ мэдүүлсэн.
Мөн өөрөө ч яагаад гомдолгүй байхад хэрэг үүсээд яваад байгааг ойлгохгүй байна гэдэг. Долоон жилийн өмнө болсон хэрэгт өнгөрсөн тавдугаар сарын 11-нд хэрэг үүсгэсэн. Үүсгэхдээ хүний биед хүнд гэмтэл учруулсан гэж үүсгэсэн байдаг.
Гэтэл гэмтлийн зэргийг хэрэг үүсгэснээс арван хоногийн дараа буюу өнгөрсөн тавдугаар сарын 21-нд хүнд гэмтэл гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр хуулийнхан хүнд гэдгийг яаж мэдэж хэрэг үүсгэсэн болж байна. Энэ мэт зохиомол хэрэг тулгаж байгаа нь батлагдаж байна.
П.Өлзийсайханыг саатуулаад ирэнгүүт зарим хүмүүс албан тушаалаас нь чөлөөлж өгөөч гэх бичгийг ЦЕГ-т өгсөн байгаа юм. Харин ЦЕГ-аас П.Өлзийсайхан бол ажилдаа үнэнч, маш олон гэмт хэргийг илрүүлж, хууль бус үйлдлүүдийг таслан зогсоодог чадвартай ажилтан гэх тайлбар өгсөн байна лээ.
Ер нь бол Прокурорын байгууллага П.Өлзийсайханыг заавал гэмт хэрэгтэн болгох гээд байна” хэмээж байсан билээ. Тэгвэл дээрх мэдээллийг хийснийхээ төлөө Дэд хурандаа П.Өлзийсайханы өмгөөлөгч Л.Баттогтох эргүүгийн хэрэгт холбогдоод байгаа юм.
Өмгөөлөгчийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтээс “Бусдаас мөнгө авч, захиалгаар гэмгүй хүний нэр төрийг хэвлэл мэдээллээр гутаан доромжилж, гүтгэсэн” гэх эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар хэвлэлд мэдээллээ.
П.Өлзийсайхынг барьж хорьсоны дараахан түүний ах дүү нь хамаатнууд нь “Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтэст үүсээд байгаа бусармаг бүхнийг илчлэх гэж байсных нь төлөө миний дүүг барьж саатуулсан” гэх мэдээллийг өгч байсан билээ.
Харин албаныхан түүнд эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига, хээл хахууль авсан хэрэгт буруутган гурван зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж, ял төлөвлөөд байгаа юм.
Ийнхүү дэд хурандаа П.Өлзийсайханд холбогдох хэрэг улам ээдрээтэй болж эхэлж байх шиг байна. Өмгөөлөгчийг нь хүртэл барьж хорьж, эрүү үүсгэчихлээ.
Ер нь Монголд цагдаагийн удирдлагуудад холбогдох хэргийг өмгөөлж байгаа хүмүүсийг барьж хорих, саатуулах үзэгдэл түгэх шинжтэй. 2008 оны долдугаар сарын нэгний өдөрт цагдаагийн удирдлагуудыг буруутгаж, яллах явцад өмгөөлөгчийг О.Алтангэрэлийг нь хорьж байсан түүх бий.
Харин энэ удаад Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханд холбогдох хэргийг өмгөөлж буй Г.Буянтогтох эрүүгийн хэрэгт шалгагдаж, эхэллээ.
Н.Чинзориг
Эх сурвалж: “new.mn“
URL: