Боксын ДАШТ эхэллээ
Сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Алма-Ата хотноо эхэллээ. Балуан Шолакийн нэрэмжит спортын ордонд болж буй тэмцээнд 118 орны 600 гаруй ширэн бээлийтэн хүч үзэж байгаа юм. Манай улсын хувьд 52, 91- ээс бусад жинд боксчид оролцож байна. Тодруулбал, 49 кг-ын жинд ОУХМ Г.Ган-Эрдэнэ эхлээд гоц мөргөж, 1/16 шигшээд Унгарын боксчин, тивийн аваргын медальт Иштван Унгваритай “гар зөрүүлнэ”. Түүнийг ялбал дэлхийн чансааны тамирчин П.Лоуренстай тулалдах магадлалтай байна. 56 кг-ын жинд гавьяат тамирчин Н.Төгсцогт эхэлж гоц мөргөж, 1/16-д Азербайжаны Ж.Чалабиев, Тажикистаны Авзалшоев нарын ялсантай учраа таарчээ. Харин 60 кг-ын жинд ОУХМ Д.Отгондалай эхний тойрогт Кенийн тамирчинтай таарсан байна. Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ эхэлж гоц мөргөөд Тажик, Хятадын тамирчдын ялсантай дараагийн тулаанаа хийх ажээ. 69 кг-ын жинд ОУХМ Б.Түвшинбат эхлээд хятад боксчныг ялбал орос боксчинтой дараагийн даваанд өрсөлдөнө. 75 кг-ын жинд ОУХМ Н.Шинэбаяр Израиль, 81 кг-ын жинд ОУХМ С.Эрдэнэбаяр АНУ-ын боксчидтой учраа таарчээ.
URL: