Тээвэрлэгч
Хил дамнасан хар тамхины наймааны тухай сонсоод бид аль хэдийнэ цочирдохоо байжээ. Монголчууд олноороо хар тамхи тээвэрлэх болсон нь гадаадад энэ төрлийн хэргээр ял эдэлж буй иргэдийн тооноос харагдана.
Манай улсын 142 иргэн 16 улсад ял эдэлж байна. Үүнээс хар тамхины хэргээр Хятадад гэхэд л 44, өөр бусад улсад ч цөөнгүй монгол харь улсын төмөр торны цаана хорвоогийн өдрийг тоолон сууна. Эх орондоо хар тамхи хэрэглэж, ийм төрлийн өвс ургамалд мансуурч байгаа залуу үеийг түр орхиж, үндэстэн дамнасан хориотой наймаанд монголчууд гар бие оролцож тээвэрлэдэг болсон тухай хөндье.
АМЬДРАХЫН ЭРХЭНД…
“…Нөхрийнхөө цогцсыг чандарлахад “Чи өөрөө бэлтгэх ёстой” гээд дүү бид хоёрыг нэг өрөөнд оруулчихаж билээ. Ханийнхаа хөрсөн цогцсыг өргөж, хувцаслаж, улаан торон өлгийд хэрхэн хийснээ сайн санадаггүй юм. Дараа нь хятадууд нөхрийн маань чандрыг хайрцагт хийгээд өгөхөд зарим яс нь гүйцэд бутраагүй, бүлээнээрээ байсан. Хар тамхинаас болж ханийнхаа халуун чандраас ясыг нь авч цуулж зогссоноо одоо хэр хар дарсан зүүд байгаасай гэж хүсдэг. Харамсалтай нь энэ бодит үнэн байсан. Хорвоог хамтдаа туулна гээд, хэдхэн хоногийн дараа араас чинь очно гэсээр инээгээд үлдсэн нөхөр маань энэ хайрцагт байгаа гэж бодоход хэцүү байсан…” гэх мэдүүлэг хавтаст хэрэгт байна.
Энэ бол өнгөрсөн онд хар тамхи тээвэрлэж яваад харамсалтайгаар амиа алдсан талийгаач залуугийн гэр бүлийн хүний мэдүүлэг юм. Энэ явдал ингэж эхэлжээ. Мөнгөний эрхээр нутгаа орхиж хот бараадсан Г-ийн амьдрал нэг л төвхнөж өгсөнгүй. Явдал суудал нь бага, мөнгө төгрөг зарлагаддаггүй хөдөө нутгийн дэргэд хотод ганц алхахад л мөнгө нэхдэг болохоор байрны түрээс, хоол унднаас эхлэн гачигдах зүйл их болжээ. Тиймээс эзэмшил газартай, гэр оронтой болчихвол амьдрал цэцэглэнэ хэмээн эхнэртэйгээ ярьж байсан гэнэ.
Эхнэр нь нэг өдөр “Богино хугацаанд их мөнгөтэй болох ажил байдаг, гурван сарын дотор 40-50 сая төгрөг олно” хэмээн дуулснаар тэдний амьдрал орвонгоороо эргэх эхлэл болжээ. Ийм мэдээ сонссон эхнэр Т нөхөртөө дуулгаж ятгасаар байгаад тэр ажилд явахаар тохиролцож, танилын хүнтэйгээ уулзан туршилтад орсон гэдэг. Тэр хоёрыг дагуулж очсон газарт хэд хэдэн монгол байж хамт туршилтад орон, хурууны үе шиг боодолтой зүйлийг хэр олныг залгисан нь явах боломжтой болохыг мэджээ. Уралдан байж залгисаар нөхөртэйгөө явах “виз”-тэй болсон гэнэ.
Хүүгээ хөдөө ээж, аав руугаа явуулж, Бээжин нисчээ. Тэнд Г, Т нарыг хүмүүс тосч үнэтэй хувцас авч өгөн, өнгөтэй өөдтэйг эдлүүлж, зугаацуулж байснаа нэг л өдөр үндсэн ажилдаа орохыг үүрэгджээ. Тэдний хийх ёстой ажил капсультай хар тамхийг олноор залгин хил гарах. Хар тамхины наймаачдын бараагаа хил нэвтрүүлэх хамгийн боломжтой арга нь тэр аж. Хэр олныг залгина их мөнгөтэй болно гэсэн бодлоор тэд хэд хэдэн удаа тээвэрлэлт хийжээ.
Тэдний толгойлогч нь Б.Хулан, Б.Халиун нар. Нутаг нэгтнээ олноор нь хууль бус наймаанд уруу татсан “Алтан гурвалжин”- гийн гишүүд. Зарим эх сурвалжийн мэдээлснээр уг бүлэглэлийн толгойлогч гэх нь бий. Т тээвэрлэгчийн ажлаа больж, нутагтаа буцахыг эрхэмлэх болж нөхөртэйгөө ярилцан Б.Хулан, Б.Халиун нарт учирласнаар буцах болжээ. Гэтэл нөхөр нь “Дахиад ганц удаа тээвэрлэлт хийчихээд араас чинь очно” хэмээн эхнэрээ үджээ.
Г сүүлчийнхээ тээвэрлэлтээр 70 ширхэг капсуль залгиж хил гарахдаа цагдаагийнханд баригдаж, улмаар ходоодонд нь задарч хордож нас барсныг эх сурвалж хэлж байна. Гэтэл цаад эзэд нь бараагаа авчихаад чандарлаж өгнө хэмээн амласнаар талийгаачийн цогцсыг авчээ. Гэвч бараагаа аваад талийгаачийн цогцсыг чемоданд хийн усан онгоцонд хаясан байхыг Хятадын цагдаагийнхан олсноор нөхрөө хүлээсэн эхнэр Т, ааваа хүлээсэн хүүгийнд хаягласан харамсалт мэдээг манай улсад дуулгасан байна.
ХАМГИЙН ЭРСДЭЛТЭЙ НЬ “ТЭЭВЭРЛЭГЧ”
Тээвэрлэгчийн түүх хэзээ ч сайнаар дуусдаггүй. Өрнөл нь ч сайхан байдаггүй. Тэд үргэлж бие, сэтгэлийн дарамтад байдаг. Капсультай хар тамхи хэдэн арваар нь залгина, 30-70-ийн хооронд. Тээвэрлэгчдийн хоолой хавдах, өвдөх тохиолдол энүүхэнд. Бараагаа бусдад мэдэгдэхгүйн тулд онгоцонд олон цагаар ямар ч хөдөлгөөнгүй сууна.
Юм идэж, ариун цэврийн өрөө орж болохгүй, бүр огцом хөдөлж ч болохгүй. Хүлээлгэж өгөхдөө өтгөнөөсөө өөрөө ялгаж цэвэрлэнэ. Удахгүй дахиад энэ ажил тэднийг угтана. Монголчууд ийм замаар хориотой наймаа тээвэрлэсээр Азийн орнуудыг аалзны тор мэт сүлжиж явна. Хар тамхины наймаанд хамгийн эрсдэлтэй, хамгийн бага хөлс авдаг нь тээвэрлэгч гэнэ.
Энэ ажилд монголчуудыг уруу татагчид мөнгө олох зорилгыг нь ашигладаг. Нөгөө талаар энэ ажлыг манайхан сэтгэл гарган хийдэг учраас гаднынхан дуртай байдаг гэнэ. Хамгийн харамсалтай нь нутаг нэгтнээ ийм хэрэгт уруу татах ажлыг хариуцдаг монголчууд хар тамхины бүлэглэлд багтаж, хүрээгээ тэлсээр байгааг хуулийн байгууллагынхан онцолж байна.
50 МГ-ААС ДЭЭШ ЗӨӨСӨН БОЛ ЦААЗААР АВНА ЭСВЭЛ БҮХ НАСААР НЬ ХОРИНО
Хар тамхины хэрэг онц хүнд гэмт хэрэгт тооцогддог учир энэ төрлийн хэрэгт холбогдсон хүмүүс хөнгөн ялаар мултарна гэж үгүй. Хятадад л гэхэд 50 мг-аас дээш хар тамхи худалдаалж, борлуулсан бол шууд онц хүнд гэмт хэрэгт тооцогддог.
Гэтэл манайхны зөөвөрлөсөн бараа үүнээс хэдэн арав дахин их учир цаазын ял эсвэл бүх насаар нь хорих ялд унадаг. Монголчууд ийм эрсдлийг үл тооцон, зөвхөн “Нэг дор их хэмжээний мөнгө олж байвал юу ч хийсэн яахав” хэмээн хилийн дээс алхдаг нь хар тамхины хэрэгт холбогдогсдын мэдүүлгээс харж болох. “Амьдрахын эрхээр” хэмээх хоёрхон үгэнд амьдралаа булшлуулсан нэгэн өрхийн түүхийг дээр өгүүллээ. Тэдэн шиг бодолтой өчнөөн гэр бүл энэ нийгэмд бий. Хүчээр ийм амьдрал руу оруулдаггүй, хувь хүн өөрийн хүслээр ийм замыг сонгодог нь хүний эрх, эрх чөлөө. Анх 2006 онд монгол хүн хар тамхины хэрэгт холбогдож шүүхээр таслагдаж байсныг хуулийн байгууллагынхан бүртгэжээ.
Арав хүрэхгүй жилийн дотор монгол хүн тээвэрлэгчээс хар тамхины наймаачдын бүлэглэлийн толгойлогч болтлоо томорсон байна. Тэд бол Б.Халиун, Б.Хулан нарыг эгч дүүс. Гэхдээ тэдний тухай дараагийн дугаарт онцолно. Мөн гэр бүл, хамаатан садан, найз нөхөд зэрэг олон арван хүнийг нэг дор харийн шоронгийн хаалга татуулсан хэргийн эзэн “брэнд бараа”-ны түүхийг маргаашийн дугаараас уншаарай.
Б.Энхзаяа /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: