ДАШТ-ий 6,1 сая тасалбар захиалжээ
Ирэх онд Бразил улсад болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тасалбар захиалагчийн тоо 6,1 саяд хүрчээ.
Тиймээс тасалбар захиалсан иргэдийн тал хувь нь тэмцээнийг телевизээр үзэхээс өөр аргагүй болсон байна. Учир нь ДАШТ-ий тасалбар 3,3 сая байгаа аж. Ирэх оны зургаадугаар сарын 13-д Бразилийн Сан Пауло хотноо болох хөлбөмбөгийн дэлхийн аваргын нээлтийг үзэхийн тулд 726 мянган хүн тасалбар захиалах санал ирүүлсэн байна.
Харин ирэх оны долдугаар сарын 12- нд “Маракана” цэнгэлдэхэд болох шигшээ тоглолтыг 751 мянга гаруй хүн үзэхээр тасалбар захиалжээ. Гэвч Бразилийн Рио де Жанейро хотноо байрлах алдарт “Маракана” цэнгэлдэх хүрээлэн 78 мянга 838 хүний багтаамжтай. Гэхдээ энэ цэнгэлдэх хүрээлэнд 1950 оны хөлбөмбөгийн ДАШТийн шигшээд Бразил, Уругвай тоглоход 199,854 хүн үзсэн нь дээд амжилт болж байжээ.
Тэмцээний тасалбарыг хамгийн их захиалсан улсаар зохион байгуулагч орон болох Бразил тодорчээ. Тус улс нутгийнхаа иргэдэд зориулж тасалбараа тусгайлан хямд үнээр гаргажээ. Бразилийн хөгжөөн дэмжигчид цэнгэлдэхийн хойгуурх суудлуудаар “ердөө” 15 еврогийн үнэтэй тасалбараар үйлчлүүлэх юм. Ирэх жил болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтууд Улаанбаатарын цагаар шөнийн 03:00-06:00 цагуудад болох юм.
Тэмцээн Бразил улсын 12 хотод нэг сарын турш болно. Тасалбар нь ямар улсуудын тоглолт, аль хот зэргээс шалтгаалан өөр үнэтэй. Хамгийн үнэтэй тасалбар нь Рио де Жанейро хотын “Маракана” цэнгэлдэх хүрээлэнгийн тоглолтынх юм. Шигшээ тоглолтын тасалбарын 1900 еврог өнөөдрийн Монгол банкны ханшаар төгрөгт шилжүүлбэл 4, 4 сая төгрөг болж байна.
Тасалбарын үнийг тус бүрээр танилцуулъя.
Нээлт: 1490 евро / Сан Пауло хот, Сан Пауло Арена/
Хэсгийн тоглолт: 290 евро
Шөвгийн 16 болон дөрөв: 390-640 евро
Хагас шигшээ: 1140 евро / Бело Хоризонте хот, Минейро цэнгэлдэх/
990 евро / Сан Пауло хот, Сан Пауло Арена/
Хүрэл медалийн төлөөх тоглолт: 390 евро /Бразилия хот, Үндэсний төв цэнгэлдэх/
Шигшээ тоглолт: 1900 евро /Рио де Жанейро, Маракана цэнгэлдэх/
URL: