Энэ намар хотын гудамж, цэцэрлэгүүдэд 70 мянган мод тарина

Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны ажилчид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын зам дагуу мод тарилаа. Энэ үеэр мэргэжлийн цэцэрлэгчид мод тарих арга зүйн зөвлөгөө өгсөн юм.
Захирагчийн ажлын албанаас нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд нийтдээ 2400 ширхэг мод хуваарилж, 10-р сарын 09-12-ны өдрүүдэд тарьсан байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанаас өөрийн талбай дээрээ мод, сөөг тарих, арчлах сургалт зохион байгуулж, олон нийтийг хамрууллаа.
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” 10-р сарын 05-ны өдрөөс эхлэн хотын нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгүүдэд намрын нөхөн тарилтын ажлыг графикийн дагуу хийж эхэлсэн.
Энэ өдөр хотын 65 гудамж, цэцэрлэгүүдийн бүх мод, сөөгийг услах ажлыг  мэргэжлийн 40 компани хийлээ. Энэ намар буюу 10-р сарын 30 хүртэлх хугацаанд хотын гудамж, цэцэрлэгүүдэд нийтдээ 70.0 мянга орчим мод, сөөгийг тарихаар төлөвлөөд байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих