Т.Мөнх-Оргил: Монголд хувьсгал хийх цаг болсон

Т.Мөнх-Оргил: Монголд хувьсгал хийх цаг болсон

Хувьсгалын талаар болоод Америкийн сайн муу, Америк шоронгийн тухай, Хятад цагаачдын тухай, Монголын талаарх үзэл бодол, хувьсгалын талаар ямар ч шүүлтүүргүй ном худалдаанд гараад удаагүй байна.

Нэрнээс нь эхлээд сонирхол татахуйц энэ номны зохиолчтой ярилцлаа.

-Сайн байна уу. Номны нэрнээс яриагаа эхлэе?
-Америкт байсан үеийн үзэл бодлууд энэ номонд ихэнхдээ бичигдсэн байгаа. Тэнд ажиллаж байхдаа Америкийн иргэнтэй муудалцаж, шоронд орж байсан.

Ер нь тэндхийн үзэл бодлыг харж, Монголд хувьсгал хийх шаардлагатай юм байна, олигарх, авлигачдын системийг устгахын тулд систем рүү нь дайрах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Америкаас Монголд ирээд амьдарч байх хугацаандаа олон хувьсгалч хүмүүстэй хамтарч ажиллаж, жагсаал цуглаанд оролцож байсан болохоор энэ номыг бичих хэрэгтэй юм байна гэж бодсон.

-Яагаад Америк шоронгоос гэв?

-Номныхоо ихэнх санааг Америкийн шоронд байхдаа бодож олсон. Шоронд байхдаа ном их уншдаг байсан. Хэдийгээр тэр шорон ч гэлээ дотроо номын сантай, ном унших бүрэн боломжтой. Америкт байхад түрээсийн байрнаас авахуулаад хоол, сургалтын төлбөр гэх мэт мөнгө олох нь илүү чухал. Сурах бололцоо маш бага. Ер нь шоронд байх хугацаандаа л ном их уншиж энэ нь миний боловсролд маш их нөлөөлсөн. Тиймээс Америк шоронгоос гэж тодотгож нэрлэсэн.

-Таны бодлоор Монголд хувьсгалын чанартай өөрчлөлт хийх хэрэгтэй гэж бодож байна уу?

-1990-ээд онд бид ардчилсан хувьсгалыг хийсэн. Гэвч энэ хувьсгал маш дутуу хийгдсэн учраас ардчилал гэдгээ ойлгохгүй, коммунист маягаар яваад байна. Сүүлийн жилд Ардчилсан нам төрийн эрхэнд гарснаас хойш “ардчилсан коммунистууд” гэдэг үг “моодонд” орж байна. Яагаад гэхлээр бүх л үйл ажиллагаа, хуулийг баталгаажуулж, хэрэгжүүлж байгаа энэ байдал комунистуудын арга барилтай их төстэй гэж хүмүүсийн хэлж байгаа нь хол зөрөө байхгүй. Ардчилсан нийгмийн нэг гол чанар нь сонголт хийх. Тиймээс бид зөв сонголтоо хийж чадахгүй байна. Тийм учраас бид хувьсгал хийх ёстой юм байна гэж үзэж байгаа.

-Тэгвэл энэ хувьсгалыг хэн хийх ёстой юм бэ. Та хийх юм уу?

-Хувьсгал хийнэ гэж ярьдаг хүмүүс их олон бий. Гэхдээ хувьсгалыг дан ганц би хийх биш. Уго Чавезийн хэлсэнээр “Хувьсгалыг ганц хүн хийх биш, энэ бол ард түмний бүтээл байдаг” гэж. Харин би номоороо дамжуулж хувьсгал хийе, хийх цаг нь болж ээ гэж ард түмэнд санал тавьж байна гэсэн үг. Харин үүнийг хүлээж авах эсэх нь Монголын нийгмийн асуудал. Үүнийг нийгэм хүлээж авахгүй байна гэдэг нь өөр асуудал. Хүн бүр янз бүрээр хувьсгал хийхийг оролдож байна. Би гэхэд жишээ нь нийгмийн үзэл суртлаа түгээхийн тулд ном бичиж гаргаж байна. Ардчилсан хувьсгалыг хийсэн тэр үеийн хүмүүс одоо тавь гарчихсан.

Ленингийн хэлсэнээр “Тавь гарсан хувьсгалчдыг зайлуулах ёстой” гэсэн үг бий. Яагаад гэвэл нийгэм өөрөө арван жилийн дотор хувьсгал хийлээ гэхэд нийгмийг удирдаж байгаа хүмүүс өөрчлөгдөж байх ёстой. Гэтэл одоо төрийг удирдаж байгаа хүмүүс хорин жилийн өмнөх хувьсгалыг хийсэн хүмүүс тэр чигээрээ байж байна.

Цаашдаа хэдэн жил ч байхыг мэдэхгүй. Тиймээс эдгээр хүмүүс эрх мэдлээ хамгаалахын тулд коммунист арга барилаар ажиллаад эхэлж байна. Тэгэхээр бид шинэ залуу хүмүүсийг гаргаж ирэх ёстой. Залуучууд гарч ирсэн ч нөгөө л коммунист удирдагч нарынхаа доор ажилладаг, тэдний хүмүүс гарч ирж байна. Тиймээс эдгээр шинэ залуучууд зоригтой, хэн нэгний хараат бусаар гарч ирж Монголын хувьсгалд өөрчлөлт хийх хэрэгтэй.

-Хувьсгал хийнэ гэдэг өөрөө энэ нийгмийг бүхлээр нь хамарсан том асуудал. Хувьсгал хийх гэж оролддог, эсэргүүцлийн жагсаал бараг өдөр болгон болж байна гэхэд хилсдэхгүй. Та үүнийг юу гэж бодож байна?

-Ямар ч нөхцөлд нийгмийг өөрчлөе гэж байгаа хүмүүсийг би дэмжинэ. Ийм ялзралтай, бохир байгаа энэ нийгэмд олон шийдлээр, янз бүрээр эсэргүүцэж байх хэрэгтэй гэж боддог. Ер нь аливаа зүйлийг хориглоод байх тусам буруу юм руу яваад байдаг. Эхлээд хүмүүсийнхээ эрхийг хамгаалчаад дараагийн хууль, эрх зүйгээ ярьж батлах хэрэгтэй. Тэгэхлээр хувьсгалийн чанартай өөрчлөлт нийгэмд тэр аяараа хийх хэрэгтэй болчихож байгаа юм. Гэхдээ энэ номонд дан улс төрийг шүүмжилж бичсэн биш. Хүний сэтгэлгээг илүү оруулахыг хичээсэн. Дараа нь манай нийгэмд болоод байгаа системийн гажуудал юунаас болоод байгааг тайлбарлахыг оролдсон.

-Номноос тань харахад Америкийн тухай та их сөрөг бодолтой юм уу даа?

-Сөрөг бодолтой гэвэл арай өрөөсгөл ойлголт болох юм уу даа. Яагаад гэхлээр Америкт би сурч, амьдарч байсан. Гэхдээ тэр улсад амьдарч байгаа, тэр улсын иргэндээ Америк улс өөрөө агуу. Харин цагаачаар амьдарч байгаа бидэн шиг хүмүүст маш хүнд нийгэм. Яагаад хүнд юм бэ гэхлээр зөвхөн өдрийнхээ хоолыг олох гэж сарын турш ажилладаг. Тийм болохоор ямар ч хөгжих боломжгүй, тухайн нийгмийнхээ боолыг хийгээд явж байна гэсэн үг. Энэ зүйлээс би гарахын тулд маш их кино үзэж, ном уншдаг байсан. Америк бол маш түрэмгийлэлтэй улс. 2003 оны үед ч тийм байсан, одоо ч тийм байгаа. Үүн дээр би тийм ч сайшаалтай хандахгүй.

-Монголын ихэнх залуучууд Америк бол мөрөөдлийн орон гэж ойлгодог. Ер нь дан ганц Америк ч биш гадаадын улс руу гарвал бүх юм сайхан болно гэж итгэдэг. Тэдгээр залууст хандаж ямар зөвлөгөө өгмөөр байна?
-Америк бол мөрөөдлийн орон биш болсон. Миний бодлоор. Залуу хүний урам зориг, итгэлийг хугалмааргүй байна л даа. Гэхдээ Америкт хоёр сая хүний нэгд л аз тохиодог. Тэр нь Америк мөрөөдлөө биелүүлдэг. Одоогоор бол Америк мөрөөдөл кинон дээр л гардаг байх. Гэхдээ залуучуудыг битгий яв гэхгүй. Залуу хүн амьдрал үзэх хэрэгтэй. Гэхдээ шүтэж, мөрөөдөх нь юу юм гэхэд залуучууддаа дахин сануулахад Америк мөрөөдлийн орон биш болсон шүү гэж хэлмээр байна.

-Таны номонд социализмийн тухай гарсан байсан. Энэ тухай ярихгүй юу?

-Социализмийн тухай бичлэгийг Америкт байхдаа бичсэн. Тэр үед ч, одоо ч бид эдийн засгийн маш хүнд нөхцөлд амьдарч байна. Бид гадны бараа бүтээгдэхүүнийг, гадны хүмүүсийг нь хүртэл хэт их шүтээд байна. Бид үүнийгээ хязгаарлах хэрэгтэй. Тэгэж байж бид үндэсний үйлдвэрлэлээ гаргаж, өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэж заншина. Тэгэхгүй гадны улсын барааг худалдаж аваад байнаа гэдэг нь бид өөрсдөө тэр улсын тансаг хэрэглээг хангаж өгч байна гэсэн үг. Энэ нь даяаршилын нийгэмд маш буруу хандлага болж байгаа юм.

-Саяхан буу шийдэм, бөмбөгтэй эсэргүүцлийн жагсаал боллоо. Үүнийг та юу гэж бодож байна?

-Одоо байгаа энэ нийгэм тэсэрч, дэлбэрэхэд бэлэн болчихсон байгааг харуулж байна гэж бодож байна. Нэгдүгээрт, нийгмийн хүнд нөхцөл байдлыг өөрсөддөө анхаарал татахын тулд ийм үйл ажиллагаа хийж байна гэж ойлгож байна. Хоёрдугаарт, иргэдийн тэмцлийн нэг хэлбэр. Эдгээр тэмцэгч хүмүүс нь сүүлийн 5-6 жилд гол, усаа хамгаалж байсан юм байна лээ. Гэтэл сүүлд энэ хуулийг буцаад батлах болсон нь тэдний дургүйцлыг хүргэж, ийм жагсаал хийхэд хүргэсэн. Тиймээс газар нутгаа хамгаалж жагсаж байгаа нь би хувьдаа зөв гэж бодож байна.

-Уншигчиддаа хандаж юу хэлэх вэ?

-Нийгмийн өөрчлөлтийг хүсдэг, оюун санаандаа дүгнэлт хийхийг хүсдэг хүмүүс миний номыг авч уншаарай гэж зөвлөмөөр байна.

Д.Тэмүүлэн


URL:

Сэтгэгдэл бичих