Гэр бүлийн гишүүдийн нэгэндээ өвлүүлсэн хөрөнгөөс татвар авахгүй
Татварын 16 багц хуулийг шинээр батлах гэж буйтай холбогдуулан тус хуульд орсон өөрчлөлт, шинэ заалтуудын талаар бид уншигчиддаа цувралаар хүргэж байгаа билээ.
Энэ удаа Өв залгамжлал, Бэлэглэлийн албан татварын тухай хуулиас хүргэж байна.
Татварын багц хуулийн төслийг Татварын ерөнхий газар, Сангийн яамныхан хамтран боловсруулжээ. Эл хууль албан ёсоор УИХ-д өргөн баригдаагүй байгаа гэдгийг онцолъё.
Энэхүү хуулийн төсөлд эд хөрөнгө, хувьцаа, компанийг ямар хүмүүс хоорондоо шилжүүлж, бэлэглэж болох улмаар татвараас хэрхэн чөлөөлөгдөх талаар тусгасан байна. Тодруулбал, Гэр бүлийн тухай хуульд зааснаар аав, ээж, ах эгч, дүү нар хоорондоо эд хөрөнгө өвлүүлэх, бэлэглэх тохиолдолд татвар төлөхгүй байх гэнэ.
Хуулийн төслийг анх боловсруулж байхад гэр бүлийн гишүүдийн өв залгамжлалд хөрөнгийн хязгаар тогтооно гэж байсан ч яамдаас ирсэн хязгааргүй байх саналыг тусгахаар болжээ.
Хөрөнгийн үнэлгээг өв залгамжлагч өөрөө тогтоох гэнэ
Эл шинэ хуулийн зургаадугаар зүйлд өв залгамжилсан болон бэлэглэсэн хөрөнгийн үнэлгээг хэн тогтоох талаар тусгажээ. Үүнд, уг хуулийн 6.1-д “Өв залгамжилсан, бэлэглэсэн хөрөнгийн үнэлгээг өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлэн авсан тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээг өвлөгч болон бэлэг хүлээн авагч өөрөө тодорхойлно” гэсэн байна.
Харин ямар нэгэн шаардлага гарч хөрөнгийн үнэлгээ нь тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээнээс “Хэт бага болон хэт өндөр үнэлэгдсэн” гэж талууд үзвэл татварын улсын байцаагч эд хөрөнгийг нь мэргэжлийн үнэлгээний компаниар дахин үнэлүүлэх шийдвэр гаргах гэнэ.
Хэрэв хөрөнгийн үнэлгээгээ бусдаар хийлгэсэн тохиолдолд гарах зардлыг өвлөгч болон бэлэг хүлээн авагч өөрөө төлөх юм байна.
Тэжээгчээ алдсан иргэдэд өвлүүлсэн хөрөнгийн татварыг чөлөөлнө
Нийт 12 зүйл бүхий Өв залгамжлал, Бэлэглэлийн албан татварын тухай шинэ хуулийн заалтад ямар өв залгамжлагч, бас эд хөрөнгө татвараас чөлөөлөгдөж болохыг тусгажээ.
Тухайлбал, есдүгээр зүйлийн 9.1.2-т “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1-д заасан иргэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн арванхоёрдугаар зүйлд заасан тэжээгчээ алдсан иргэдэд өвлүүлсэн хөрөнгө”-ийг татвараас чөлөөлөх заалт орсон аж.
Түүнчлэн “Засгийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд өвлүүлсэн болон бэлэглэсэн хөрөнгө”-өөс татвар авахгүй байх заалтууд байна.
Тэгэхээр эл шинэ хуулийн заалт ёсоор өвлүүлсэн, бэлэглэсэн болон эд хөрөнгийг өвлөж байгаа хүн бүр татвар төлөхгүй бололтой. Татварын багц хуулийн шинэ төсөл УИХ-ын энэ намрын ээлжит чуулганаар орж батлагдвал эдийн засагт ээлтэй хуулиуд болохыг хууль санаачлагчид хэлж байлаа.
Үргэлжлэл бий
URL: