Хууль зөрчсөн компаниудыг 43 сая төгрөгөөр торгожээ

11671_247Уурхайн ажлаас болж эвдэрч, элэгдсэн газрыг компаниуд хэрхэн нөхөн сэргээж байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтынхан шалгажээ. Энэ талаарх мэдээллийг тоймлон хүргэе.

ХӨРС БОХИРДУУЛСАН ЕСӨН КОМПАНИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ

Манай улс геологи, уул уурхайн хайгуул, олборлолтыг сүүлийн таван жилд эрчимжүүлснээр газрын эвдрэл ихэсч, техникийн болон биологийн нөхөн сэргээлт зайлшгүй шаардлагатай болсон аж. Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар эвдэрсэн газрын хэмжээ 18 мянга 125 га-д хүрчээ. Үүний  8496 га-д техникийн нөхөн сэргээлт, 44 мянган га-д биологийн нөхөн сэргээлт хийх зайлшгүй шаардлага байгаа нь нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар илэрчээ.  Тус газрын байцаагчид геологи, хайгуул, баяжуулах үйлдвэр, бичил уурхайн болон уурхайн хаалтад шалгалт хийсэн байна. Энэ онд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг 18 аж ахуйн нэгж, компанийн үйл ажиллагаанд шалгалт хийхээр төлөвлөжээ.

Сүүлийн шалгалт өнгөрсөн сарын 23 хүртэл үргэлжилсэн аж. Шалгалтаар Говьсүмбэр, Дорноговь, Сүхбаатар, Дорнод, Баянхонгор, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутагт геологи хайгуул, уурхайн хаалт, эрдсийн боловсруулалт, бичил уурхайн чиглэлээр ажиллаж буй аж ахуйн нэгжүүдийг хамруулжээ. Геологи, хайгуулын чиглэлээр шалгалт хийх явцад компаниудын дийлэнх нь зардлаа хэмнэхээр зураглал, судалгааны ажлыг иж бүрэн хийгээгүй, ашигт малтмалын нөөцийг бодитой тогтоогоогүйгээс ашиглалтын явцад нөөцийн хэмжээ зөрөх тохиолдол хэд хэдэн удаа гарсан байна. Мөн хайгуулынхаа талбай дээр зөвшөөрөлгүй кемп байгуулж, мөрдөж байсан хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын өмнөх гэрээ зэрэгт учир дутагдалтай зүйлс байжээ.

Баяжуулах үйлд­вэрийн жоншны хүдрийг техник, эдийн засгийн үндэслэлд тусгагдсан ордуудаас биш, хууль бусаар ашигт малтмал олборлогчдоос худалдан авах, зарим компани байгаль хамгаалах менежментийн төлөв­лөгөө, орчны хяналт, шинжилгээний хөтөл­бөрийн дагуу агаар, хөрс, шинжилгээний дүгнэлтээр гарсан сөрөг нөлөөллийг бууруулаагүй нь тогтоогдсон байна. Түүнчлэн уурхайн үйлдвэрийн хаягдал хадгалах байгууламжийг баталсан зураг төслийн дагуу бариагүй, газрын хөрсийг бохирдуулж байсан есөн компани энэ үеэр шалгалтад бүдэрчээ.

БИЧИЛ УУРХАЙД ЗАСАГ ДАРГА НАР СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА

Бичил уурхайчдад хийсэн шалгалтаар сумдын Засаг дарга нар сумандаа байгуулах нөхөрлөлийн дээд хязгаарыг хэтрүүлдэг, орон нутгийн харьяаллын бус иргэдтэй нөхөрлөлийн гэрээ байгуулах, нөхөн сэргээлт хийлгүй орхиж явсан этгээдүүдтэй хариуцлага тооцохгүй байгаа  зэрэг зөрчил илэрчээ. Манай улс бичил уурхайчдыг зохион байгуулалтад оруулж, дэмжиж, тэдэнд хариуцлага хүлээлгэхэд нөхөрлөл байгуулах нь чухал гэж үзсэн. Гэвч шалгалтаар нөхөрлөлийн үр дүн тийм ч сайнгүй байгааг байцаагчид онцолж байна. Энэ байдалд орон нутагтаа уул уурхайн үйл ажиллагаа явуулах эрх, зөвшөөрлийг гартаа авсан засаг захиргааны нэгжийн хяналттай холбоотой гэж албаныхан үзэж байгаа юм. Мөн геологи, уул уурхайн хайгуул, олборлолтын компани, бичил уурхайчдад холбогдох хууль, дүрэм хангалтгүй үйлчилж байгааг нийслэлийн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Гүньбазар онцолсон юм. Шалгалтаар илэрсэн зөрчлүүдэд улсын байцаагчийн 12 албан шаардлага хүргүүлж, геологи, уул уурхай чиглэлийн ажлыг зогсоох долоон актыг компаниудад өгч, 43.1 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Э.СОЛОНГО

Эх сурвалж: http://shuurga.mn/index.php?pid=54&sec=view&id=11671#sthash.zXU8dZAo.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих