Э.Азбилэг: Энэ удаа титэм өгдөг тэмцээнд явна даа

“Andra model management” агентлагийн гэрээт загвар өмсөгч Э.Азбилэг Итали Улсад болсон “Miss motors international-2013” наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцоод ирсэн. Уран нугаралтаар хичээллэдэг Э.Азбилэг наадмын “Авьяаслаг мисс”-ээр шалгарсан юм. Түүнтэй ярилцсанаа толилуулж байна.

-Гараа сайн бол бариа сайн гэдэг. Анхны оролцсон загварын тэмцээнээсээ шагнал хүртээд ирлээ шүү дээ?
-“Miss motors international” тэмцээнд 70 гаруй орны сайхан бүсгүй оролцсон. Энэ жилийн тэмцээнийг титэмгүй зохион байгуулсан. Түрүүлсэн мисст титэм биш каск өгсөн. Тийм болохоор бага зэрэг харамсалтай санагдаж байлаа. Би тэмцээний “Авьяаслаг мисс”-ээр тодорсон. Богино хугацаанд бэлтгэсэн ч чамлахааргүй амжилт гаргасан гэж бодож байна. Миний хамгийн том өрсөлдөгч Арменийг төлөөлөн оролцсон бүсгүй байсан. Италиар дуулдаг мэргэжлийн дуурийн дуучин болохоор түүнээс л хамгийн их эмээж байсан даа. Тэр мисс долоон настайгаа дуулж эхэлсэн юм билээ. Би ч гэсэн долоон наснаасаа уран нугаралтаар хичээллэсэн болохоор туршлагын хувьд адилхан гэж өөрийгөө зоригжуулсан. Намайг энэ тэмцээнд оролцоход Б.Гантогоо багшийн “Miss Mongolia tourism” холбооныхон их тусалсан. Мөн “Шинэ цирк” төвийн Отгоо багшдаа баярлалаа гэж хэлье. Ер нь загварын тайз уран нугаралтынхаас ялгаатай юм билээ. Тийм болохоор өөрийгөө их дайчилсан. Хүмүүс уран нугараач хүн яагаад миссийн тэмцээнд оролцдог юм бэ гэж асуух байх. Би хэдийгээр уран нугараач ч гэсэн тэмцээний шаардлагыг хангаагүй бол оролцож чадахгүй шүү дээ.

-Загвар өмсөгч хүний хувиар тайзан дээр гараад сандарсан уу?
-Тэмцээний үеэр дээлний маань цахилгаан задраад их сандарсан. Усны хувцастай үзүүлбэрт гарчихаад ирсэн чинь намайг шууд үндэсний хувцсаа өмс гэж зохион байгуулагч хэлсэн. Гэтэл гараагаа андуурснаа хэлээд хувцсаа дахин солих шаардлагатай болсон. Их богинохон хугацаанд ёстой л юу болоод өнгөрөв дөө гэж бодсон шүү. Тэгж байхдаа л дээлийнхээ цахилгааныг эвдчихсэн юм. Яая даа гээд байж байтал бусад орны миссүүд тусалж арай гэж тайзан дээр гарсан. Чадан ядан тогтоосон зүүнүүд нь хатгачих гээд үнэхээр амаргүй байсан.

-Тэмцээнд ганцаараа явсан юм уу?
-Тэгсэн. Тэмцээний үеэр мисс Б.Гантогоо эгч ирээд гала тоглолт үзээд буцсан. Ер нь ирэхдээ ч, буцахдаа ч ганцаараа явсан даа. Мөн нүүр будалт, үс засалт гээд бүхий л зүйлээ ганцаараа хийсэн. Ер нь би ч гэлтгүй бусад нь ч бие даан хийж байсан. Энэ нь тэмцээний нэг шалгуур байсан ч гэж хэлж болно.

-Эл тэмцээний өмнөхөн Монголын сайхан бүсгүй шалгаруулах наадам эхэлсэн. Хэрвээ эх орондоо байсан бол Монголынхоо тэмцээнд оролцох байсан уу?
-Монголын сайхан бүсгүй шалгаруулах наадамд оролцоно гэж бодож байсан. Гэсэн ч “Miss motors international” тэмцээнтэй ойрхон болсон учраас оролцож чадаагүй. Ер нь би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Энэ нь миний аливаа зүйлийг эерэг талаас нь хүлээж авдагтай холбоотой байх. Одоо би СУИС-ийн бүжгийн багшийн ангид суралцаж байна. Өмнө нь гадаадад тоглолтоор яваад суралцах боломж олддоггүй байсан юм.

-Цаашдаа аль мэргэжлээрээ дагнан ажиллах вэ?
-Уран нугаралтаараа багшилна гэж төлөвлөж байгаа. Монголчууд хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэж ярьдаг шүү дээ. Гэтэл өнөөгийн нийгэмд нэг зүйлийн төлөө тууштай яваад амжилтад хүрнэ гэдэг амаргүй болсон. Тиймээс бүжгийн ангид суралцахаар болсон юм. Би сургуулиа төгсөөд студитэй болно гэж бодож байгаа. Миний бодлоор Монголын уран нугараачдад бүжгийн уян налархай хөдөлгөөн дутагдаж байгаа юм шиг санагддаг. Энэ нь надад ч гэсэн ажиглагддаг. Энэ ч бүжгийн багшийн ангийг сонгоход нөлөөлсөн. Мөн уран нугаралтыг мюзиклтэй хослуулж, алдартай “Нарны цирк”-тэй адилхан төвшинд хүрэхүйц хөгжүүлмээр санагддаг юм. Ер нь би их том мөрөөдөлтэй хүн дээ /инээв/.

-Отгон загварын агентлагт харьяалагдаад удаж байна уу?
-Зургаан сарын өмнө Б.Бадамгэрэл багштайгаа танилцсан. Түүнээс өмнө багшийг харахад зөв хүн юм шиг санагддаг байсан юм. Ер нь багш маань загварынхан дундаа боловсролтой нэр хүндтэйд нь багтдаг. Энэ утгаараа багшийнхаа шавь болохыг мөрөөддөг байлаа. Би багаасаа загварын тэмцээн үздэг байсан.

-Манай загвар өмсөгчид жаахан нэр муутай байдаг. Хэн нэгэнтэй нэр холбогдохдоо ч амархан юм шиг. Та үүнээ эмээх юм уу?
-Би өнгөрсөн сарын 10- нд Монголд ирээд дараагийн өдөр нь хичээлдээ орсон. Завгүй хэд хоног гүйгээд нэг өдөр интернэтэд орсон чинь миний оролцсон тэмцээний талаарх мэдээлэл бараг л бүх сайтад тавигджээ. Тэгээд доор нь байсан сэтгэгдлүүдийг нь уншсан чинь намайг баян хүний нууц амраг гээд биччихсэн байсан. Тэгээд багшдаа хэлсэн чинь намайг сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй гэж зөвлөсөн. Тийм болохоор одоо сэтгэгдэл уншихаа больсон.

-Одоо оролцохоор төлөвлөж байгаа тэмцээн бий юу?
-Оролцохоор төлөвлөсөн тэмцээн бий. Харин цагийг нь дөхүүлж байгаад зарласан нь дээр байх. Гэхдээ энэ удаад титэм өгдөг тэмцээнд явна аа /инээв/.

Б.СЭЛЭНГЭ

URL:

Сэтгэгдэл бичих