Он цагийн зовлонг үүрч яваа уран бүтээлчдийг бүү буруутгаасай
Монголын зохиолчдын эвлэл гэж хэл ам, хэрүүл хараалаас холхон, болж бүтэхээрээ өөрсдийгөө тэжээж, өрөөл нэгэнд урам хайрласан ТББ байдаг. Гэтэл өнгөрсөн сард XV чуулганаа зохион байгуулснаас хойш хэл аманд өртөж, хэрүүл зодоон дагуулснаас гадна гүйцэтгэх захирал Г. Мөнхцэцэг нь багагүй мөнгө хувьдаа завшсан гэх яриа газар авлаа. Уг нь ээлжит чуулганаараа өнгөрсөн жилүүдэд зохиолчдынхоо төлөө юу хийсэн, цаашид ямар ажил зохион байгуулах вэ гээд олон асуудлыг нээлттэй хэлэлцэж, Удирдах зөвлөлийн дарга, үндэсний төвүүдээ томилсон. Гэтэл МЗЭ-ийн чуулганыг зохион байгуулагчид салбарын сайдын өгсөн мөнгийг хувьдаа ашигласнаас АТГ-т дуудагдаж сандарч байгаа гэх мэт яриа хэвлэл мэдээллээр цацагдах боллоо. Хуралд 800 гаруй төлөөлөгч оролцсон. Тэдний байрлах буудал, хоол унд, энгэрийн тэмдэг гэх мэт жижиг сажиг зүйлд чамгүй их мөнгө зарцуулсан нь тодорхой.
Ер нь “Зохиолч, яруу найрагч гэх мэт уран бүтээлийн хүмүүс мөнгө идэж уухыг мэддэггүй. Харин авсан цалингаа ар гэртээ хүргэж өгөхөөсөө өмнө анд нөхдөө дайлчихдаг гэмтэй“ гэж олон жилийн өмнө яруу найрагч Ж.Осоржин хэлж байсан нь гэнэт санаанд буулаа. Үнэндээ хувьсгалын ажилд зарцуул гэж сайдынхаа өгсөн 80 сая төгрөгийг бүү хэл ээжийнхээ өгсөн найман мянган төгрөгийг хувьдаа зарцуулж чадахгүй эмзэг сэтгэлтэй хүн манай МЗЭ-д олон байх. Яахав ямар нэгэн юм хууль дүрэмтэй, хардах сэтгэлтэй болсон өнөө үед дэгдсэн их хэл амны дараа Ц.Оюунгэрэл сайд “МЗЭ-ийг шалгуулна. Идэж уусан бол буцааж төлүүлнэ. Яаманд ийм журам ч бий. Бид Соёл урлагийн сангаас соёлын үйл ажиллагааг дэмжиж мөнгө олгодог. Кино, театрын уран бүтээлийг дэмждэг. Соёлын арга хэмжээнүүдийг дэмжиж мөнгө олгодог. Зохиолчид гэдэг соёлын салбарт онцгой үүрэгтэй хүмүүс. Гоё кино хиймээр байна, солонгос кино олширлоо, Монгол киноны тоог нэмэгдүүлье, жүжгийн чанарыг сайжруул гэдэг. Үүний тулд сайн зохиол хэрэгтэй. Хүнийг хүн болгодог, салбарт сайн бүтээл нийлүүлэхийн тулд сайн зохиолчидтой л байх хэрэгтэй. Тэр утгаараа зохиолчид хурлаа хийе гээд өргөдлөө бариад ирэхээр нь “Энэ хүмүүс хоорондоо холбогдож, ирээдүйнхээ чиг хандлагыг зөв тодорхойлбол соёлын хандлага зөв гарна” гэдэг үүднээс дэмжсэн. Дэмжсэн мөнгийг өөр зүйлд зарцуулсан эсэх нь дараагийн асуудал. Тайланд дурдсан ажлаа үнэн зөвөөр хийсэн эсэхийг нь шалгадаг. Буруу зарцуулсан бол мөнгийг буцааж төлүүлнэ. Иймд бид журмынхаа дагуу шалгаад л зөрчил гарвал актаа тавина” хэмээн байр сууриа илэрхийлжээ. Энэ нь ч аргагүй юм. Суудлын аян дайнаас хэн нэгнээ хардах, хэрүүл, тэмцэл хийх шалтгаан ийнхүү олон хүний сэтгэлийг тавгүйтүүлж байгаа нь тодорхой. Манай зохиолчдод юуных нь суудлын аян дайн байх вэ дээ. Ээлжит чуулганараа МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргыг сонгох сонгууль болсон. Сонгуульд Ц. Буянзаяа, Ц.Хулан, Ж.Баяржаргал, П.Батхуяг нар нэр дэвшсэн.
Тэнд бүх л зүйл нээлттэй болсныг хуралд оролцогсод бүгд л мэдэж байгаа. Дээрх дөрвөн хүнээс олонхийн саналаар Ц.Буянзаяа МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар сонгогдсон. Энэ бол МЗЭ- ийн гишүүдийн санал. Үүнийг хэн ч үгүйсгэж, буруутгаж чадахгүй. Тэгээд ч зохиолч, яруу найрагч хүн гэнэн байж болох ч тэнэг байдаггүй. Тиймээс сонголтоо зөв хийсэн. Ц.Буянзаяа МЗЭ-д олон жил ажиллаж зовлон жаргал, сайн, муу бүхнийг мэднэ. Тийм учир МЗЭ-ийг зөв замаар, зөв сэтгэлээр жолоодож чадах хүн. Үүнтэй нэг их олон хүн санал зөрөлдөөд байхгүй болов уу. Хэдийгээр Удирдах зөвлөлд сонгогдож чадаагүй ч бусад уран бүтээлчид нь ч өнөөдөр МЗЭ-ийнхээ төлөө л гэсэн сэтгэл зүрхтэй яваа. Тэгээд ч МЗЭ гэдэг нэг их идэж уухаар хөрөнгө, мөнгөтэй том байгууллага биш. Сэтгэхүй, сэтгэлээрээ нэгдсэн уран бүтээлчид үүд хаалгыг нь нээсэн 70 гаруй жилийн түүхтэй ч хэдхэн давхар саарал байшингаас өөр юмгүй л төрийн бус байгууллага. Харин ч төрөөс царай алдахгүй бор ходоодоо болгож, саарал байшингийнхаа муудсаныг өөрсдийнхөө бор зүрхээр сэлбэж, тордож яваа. Үеийн үед МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал нар муу ажиллаж байсангүй. Үүнийг олон жишээгээр хэлж болно. Тиймээс ч МЗЭ-ийг авраач, тус дэм болооч, саарал байшинг минь сэлбээд өгөөч гэж Засгийн газар хийгээд холбогдох салбар яам, тамгын газарт нь нэг их сүртэй өргөдөл барьж гүйгээгүй л болов уу. Харин ч эсрэгээрээ монгол хүнийг өлгийтэйгөөс нь эхлээд өтөл настан хүртэл оюуны талхаар тэжээж тэтгэж яваа цорыг ганц байгууллага бол МЗЭ. Хэдхэн хоногт буруу дэгдсэн салхи хэдэн уран бүтээлчдийг тавгүйтүүлээд өнгөрлөө.
Гэхдээ яахав нэг их айхтар юм биш тэгсхийгээд сэтгэлийн үзүүрээс жавар арилж уран бүтээл нь мөнх хэвээрээ, уран бүтээлчид нь гэгээн тунгалаг янзаараа зон олонтойгоо хамт л байх болно. Үнэн чанартаа уран бүтээлчид чинь хэрүүл мэддэггүй амьтад шүү дээ. Хэн нэгэн МЗЭ-ийн өндөр босгоор сэтгэл зүрхээрээ алхаад ороорой. Тэндээс гэрэл гэгээ мэдрэгддэг юм. Тэр ч утгаараа энэ хэдэн зохиолч, яруу найрагчид чинь “гоё” байж чаддаг юм. Уран бүтээлчид чинь тэгтэл их яадгаа алдчихсан улс биш шүү дээ. Хүний мөнгөнд гараа дүрэх нь бүү хэл хүнтэй зөрөхдөө ч муухай үг хэлж зүрхэлдэггүй юм. Тиймээс “МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг нь мөнгө идлээ” гэж муухай үгийг хэлсэн, тэгж бодсон тэр хүн энэ гэрэл гэгээтэй яруу найрагч бүсгүйн ганцхан мөр шүлгийг уншаад л үзээсэй. Өнөөдөр Монголын ард түмэн зохиолчдын хороог минь мэдэхгүй ч зохиолчдыг хайрлаж чаддаг аугаа сэтгэлтэй. Тэгвэл тэрхүү хайр татам уран бүтээлчид нь МЗЭ-ийнхээ нэр хүндийн төлөө, ирээдүйн сайн сайхныг бүтээх гэж нуруундаа он цагийн зовлонг үүрч явааг хэн нэгэн бүү буруутгаасай.
URL: