Н.Энхбат: Миний тоглолтоос энэрэл, хайр үнэртэнэ
-Тоглолтоо яагаад бурхан багшийн их дүйчин өдөр тааруулав. Бэлгэдлийг бодсон хэрэг үү?
-Миний ижий 2002 онд бурхан болсон. Дуучин хүний хувьд ээжийгээ амьд сэрүүн байхад нь тоглолтоо үзүүлж, дууныхаа клипэнд нэг тоглуулчих юмсан гэж бодож явсаар байгаад муу ижийгээ алдчихсан. Үүндээ их харамсч явдаг даа. Тэгээд бодож байгаад намрын адаг сар, бурхан багш ижийнхээ ачийг хариулсан өдөр тоглолтоо хийх шийдвэр гаргасан. Энэ жилийн бурхан багшийн ээжийнхээ ачийг хариулсан өдөр аравдугаар сарын 26- нд тохиож байгаа. Эл өдөр бурхан багш 33 тэнгэрийн орноос ижийнхээ ачийг хариулчихаад бууж ирсэн бэлгэ дэмбэрэлтэй өдөр. Тэгээд л эртнээс төлөвлөж байгаад “Ээжээ хүү нь дуулж л явна” тоглолтоо хийх гэж байна. Хүн ээжийнхээ ачийг хариулж чаддаггүй гэдэг. Тэгэхээр ээжийнхээ сэтгэл санааг амар тайван байлгаж чадвал ачийг нь хариулж байгаагаас ялгаагүй. Торго дурдан, алт мөнгөнд ээжийгөө умбуулах биш, төлөв төвшин, хүний дайтай амьдрах нь юунаас ч илүү чухал гэж боддог. Иймээс ээжүүддээ зориулж нэгэн гэгээн тоглолт хийх гэж байна. Миний тоглолтоос энэрэл хайр, бодрол үнэртэнэ.
-Ухаарал хайрласан сайхан тоглолт болох нь ээ?
-Их гэгээн болно. Үзэгч босч гүйгээд байхгүй, оролцож байгаа уран бүтээлчид ч шоу талдаа биш уянгалаг тоглолт болно. Ээжтэй хүмүүс нь уярч, хорвоогийн жамаар ижийгүй болсон хүмүүс нь ухаарч, ээжийгээ дурсах ийм л тоглолт болно доо. Монгол Улсын морин хуурийн чуулга, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгийн бүжигчид, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, МУГЖ Болормаа, СТА Оюунмаа, Дэлгэрмаа зэрэг олон сайхан уран бүтээлчид миний тоглолтод ая дуугаа өргөнө.
-Тоглолтын бэлтгэл ажил өрнөж байгаа юм байна даа. Бас шинэ цомгийн баяраа хийх сурагтай байсан?
-Би чинь бүх юмаа гардаж хийх гэдэг хэцүү хүн л дээ. Тоглолтын найруулга, менежментийг өөрийн санаанд таарснаар хийх гэж бүх л зүйлдээ өөрөө харайж байгаа учраас жаахан ачаалалтай байна. Гурван бие даасан тоглолт хийж, гурван цомог гаргасан байдаг. Өмнөх гурван цомогт орсон дуунаасаа шилж сонгож, хүмүүсийн дуулах дуртай, дагаж аялдаг 14 дуунаас бүрдсэн “Ээжээ хүү нь дуулж л явна” цомгоо үзэгчдэдээ бэлэглэнэ.
-Уран бүтээлээрээ овоглосон олон авьяастнуудын нэг нь Та. Хонгорзулын Энхбат гэхээр хүмүүс анддаггүй шүү дээ. Энэ дууныхаа талаар хуучлах уу?
-СГЗ Д.Лхагвасүрэн гуайн үг, “Алтай” чуулгын уран сайхны удирдагч, хөгжмийн зохиолчоор ажиллаж байсан Б.Цэрэндондов аялгууг нь бичсэн дуу. Би 1999 онд “Алтай” чуулгад анх “Хонгорзул”-ыг дуулсан. Дараа нь 2000 оны нэгдүгээр сард Төрийн ордонд Монголын радио гийн Цагаан лавайн эгшиг нэвтрүүлгийн шилдэг дууны наадамд энэ дуугаа дуулснаар ард түмний дунд хурдан хугацаанд хит болсон. Залгаад Монголын хөгжмийн зохиолч, яруу найрагчдын дунд зохиогддог “Морин хуур” наадамд оролцож 85 дуунаас шилдэг 25-т шалгарсан. Энд дуугаа дуулчихаад 1000 километрт орших нутаг уруугаа яваад өгсөн. Тэгсэн хотод “Хонгорзул” хит болж, Говь- Алтайд Энхбат од болсон доо. /инээв/ Ямар сайндаа Монголын радиогийн “Ая дууны мэнд”-ийн ил захидлын буланд нэг өдөр “Хонгорзул” дуугаар 25 захидал уншиж байсан гээд бод доо. 2005 онд гурав дахь бие даасан тоглолтоо хийхдээ 1999 онд Хонгорзул дуутай хамт мэндэлсэн “Хонгорзул” нэртэй хүүхдүүдэд тоглолтынхоо үеэр Мобикомын алт, мөнгөн дугаар бэлэглэнэ гээд зар тараачихсан. Би үсрээд 20- иод хүүхэд гарч ирэх болов уу гэж бодсон. Тэгсэн чинь тоглолтын тайзан дээр дуулж, бүжиглэдэг авьяаслаг 65 Хонгорзул гарч ирсэн. Тэгээд бүгдэд нь амласан бэлгээ өгч байлаа. Тийм л сайхан гэгээн дуу.
- Танайх чинь Хонгорзул охинтой байх аа. Гэр бүлээ танилцуулаач. Хэр сайн аав бол..?
-Хоёр сайхан охинтой. Том охин маань ЭМШУИС-д сурч байна. Бага охин Хонгорзул одоо зургадугаар ангид сурдаг. Эхнэр төрийн байгууллагад ажилладаг ийм л нэг энгийн гэр бүл дээ. Хүүхдүүддээ хамгийн эхлээд хүн бол гэж сургадаг. Охиддоо хэнийг ч ялгахгүй тус хүргэж чаддаг, хүнлэг, байхыг зааж зөвлөж, буруу үед нь хатуухан шүүмжилж, зөвд нь зөөллөж л явна даа.
-Таны дуунууд их зөөлөн, аргадсан хэв маягтай юм шиг бодогддог. Харин сүүлийн үед яагаад шинэ дуу дуулахгүй байна вэ?
-Нөгөө “Шагай шиг хэдэн адуу” гэдэг шиг миний урын санд цөөхөн хэдэн дуу бий. Гэхдээ Н.Энхбат дуулсан даа биш. Миний дуунууд ая дан тэнцүүхэн, үг нь их сайхан бүтээлүүд байдаг. Үг, ая хосолсон сайхан бүтээлийг дуучин олон түмэнд яаж хүргэх вэ гэдэг нь чухал. Би аль болох хүний чихэнд ойрхон дуулахыг хичээдэг. Дууны урлаг нийгмээ дагаад зах зээлд орсон байна. Дууны дан хөгжим ямар үнэтэй, шүлэг хэдэн төгрөг, хоолой бичүүлэхэд хэд хүрч байгаа билээ. Дуулчихаад нам дарчихаж болохгүй. Тэр болгонд мөнгө орох болсон байна. Тэгээд ч би шинэ дуу хөөгөөд явж байх нас мөн үү, биш үү гээд бодох зүйл бий. Түүнээс гадна би дууны үгийг их хардаг. Ер нь дууны үг андашгүй байдаг. Энгийн атлаа агуулга нь өргөн, нэг их уран чамин гэхээс илүү бодит амьдралыг энгийн үгээр хэлсэн ч юм уу тийм л дууны үгэнд татагддаг.
-Таныг эх орныхоо найман зовхист хүрч ая дуугаа өргөсөн уран бүтээлч гэж сонссон?
-Говь-Алтай аймгийн “Алтай” чуулгад 21 настай очиж 15 жил тасралтгүй ажилласан. Энэ хугацаанд ёстой л хөдөө хөхөрч, гадаа гандаж явлаа. Өмнөх нийгмиин үед уран бүтээлийн төлөвлөгөө биелүүлдэг байсан. Өвөл, хаврын улиралд уран бүтээлийн 20 гаруй хүнтэй баг бүх сумдаар явж тоглолт хийнэ. Тухайн үед Ард түмний дунд “Хонгорзулын” гэж алдаршсан СТА дуучин Насанцогтын Энхбат намрын адаг сарын 22-нд буюу Бурхан багш ээжийнхээ ачийг хариулсан эл өдөр тайлан тоглолтоо хийхээр болжээ. Тэрбээр “Ээждээ үнсүүлэхсэн”, “Хонгор зул”, “Гүнж тогоруу”, “Дуулж явна би”, “Намайгаа дурсаарай” зэрэг хүн бүхний сэтгэл зүрхэнд хоногшсон олон сайхан дууг амилуулсан. Сүүлийн үед тэрбээр дуулахаас гадна сэтгүүл зүйн салбарт хүч үзэхээр зэхэж, Монголын хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүл зүйн дээд курсийг төгссөн. Багадаа мэдээ, сурвалжлага бичин сургуулийнхаа сонинд нийтлүүлдэг байж. Багынхаа мөрөөдлийг биелүүлэн хорвоогийн үнэн худлыг үзэгний үзүүрээр зурахаар шийдсэн гэж хэлэх дуртай юм билээ. Ингээд түүнтэй ярилцсанаа толилуулж байна. нэг үзэгч байсан ч тоглодог журамтай байлаа. Сүүлд чөлөөт уран бүтээлч болоод ч бусад дуучидтайгаа Монгол орноо тойрч аялан тоглолт хийсэн.
-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Удамд тань урлагийн хүн бий юу?
-Аав ээжээс арвуул, айлын гурав дахь хүү нь. Манайд урлагийн хүн байгаагүй. Гэхдээ миний ижий маш сайхан дуулдаг хүн байсан. Ээжийн бүүвэйн тэр яруу гоё аялгуу миний санаанаас ер гардаггүй. “Хүрэн толгойн сүүдэр”, “Тууврын замд” киноны дууны аянд бүүвэй аялдаг байсан. Тэгэхээр ээжийнхээ тэр сайхан хоолойг өвлөсөн юм болов уу л гэж боддог. Миний удаах талийгаач дүү бас сайхан дуулдаг байлаа. Бүгд л найранд гурван дуутай даа.
-Өнгөрсөн жил “Ээжээ хүү нь дуулж л явна” нэртэй сайхан нийтлэл бичсэн байсан. Та чинь бас сэтгүүлч болохоор шийдээд байгаа байх аа?
-Ер нь хүн зах зээлийн нийгэмд өөрт байгаа боломж нөөц, үнэт чанар юу байна түүнийгээ өнгөлж тордож амьдрах хэрэгтэй. Сэтгүүлч болсон нь хүүхэд ахуй насныхаа мөрөөдлийг биелүүлсэн гэж үзэж байгаа. Өнгөрсөн хавар Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүл зүйн дээд курсийг төгссөн. Сурагч байхдаа Говь-Алтай аймгийнхаа “Алтайн хөгжил” сонинд ангийнхаа ах, дүү хоёр илтгээлтийн эзний тухай, малчдад багш нар тусламж хүргэдэг байсан тухай бичиж нийтлүүлж байлаа. Ингээд бодохоор надад бас эхлэл байсан шиг байгаа юм. Тэгээд би сэтгүүлч болох замаа ээжийнхээ сүүн замаар эхэлье гэж бодоод өөрийнхөө төрсөн өдрөөр ээждээ зориулж нийтлэл бичсэн. Үүнийг би ямар агуулга, утга санаагаар бичсэн гэхээр энэ өдөр Н.Энхбат мэндэлсэн гэхээсээ илүүтэй миний ижий орчлон хорвоо дээр хүүтэй болсон баярын өдөр. Үртэй, хүүтэй болсон эх хүн яаж баярладаг билээ. Түүний адил ижий минь ямар их баярласан бол гэж бодож байгаад “Ээжээ хүү нь дуулж л явна” дурсамж нийтлэл бичсэн. Одоо тоглолтынхоо дараа Garag.mn хэвлэл мэдээллийн сайт нээж танин мэдэхүйн чиглэлийн соён гэгээрүүлэх нийтлэл, мэдээ мэдээлэл бэлтгэж уншигчдадаа хүргэхийг зорьж байна.
-Номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уусан хүний хувьд нийгэмд сэтгүүлчийн үүрэг ямар байх ёстой гэж боддог вэ?
-Сэтгүүлч хүн бол улс орны хөгжил дэвшлийн түүчээ байх ёстой. Мөн олон түмний оюун санааны манлайлагч байх. Тийм учраас би нийгэмд болж буй сайныг нь дэмжиж, олон түмний дургүйцэж байгаа саар зүйлсийг жигших хандлагатай. Орон нутгаар тоглолт хийгээд явж байхад ч биччихээр сэдэв харагдаж байдаг. Ер нь сэтгүүлч хүн их гярхай, ажигч, сониуч юм бүхэнд дурламтгай байдаг байх. Сэтгүүлч хүнийг үзэг нь биш хөл нь тэжээх ёстой гэсэн үг байдаг шүү дээ. Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.
URL: