Тэвчихийн аргагүй хөнгөмсөг оршихуй

Тайчих урлаг буюу стриптиз дэлхийн хөгжмийн урлагийн салшгүй нэг хэсэг болсон гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй сонин цаг үед бид амьдарч байна. Лэди Гага, Мадонна, Бейонсе, Рианна эцэст нь өсвөр насныхны шүтээн болоод буй Майли Сайрус. Зарим нь шинэ үеийнхэнтэй хөл нийлүүлэх гэж, зарим нь өөрсдөө тэр шинэ үеийнхэн болохоор ингэхээс аргагүйд хүрдэг байж мэдэх юм. Дуучид хөхөө ил гаргахгүй л бол, үгүй ядаж хэт богино банзал өмсөхгүй бол дуулж болохоо больсон биш л байлтай. “Hannah Montana” телевизийн цувралын гол дүрд тоглож, сэргэлэн, өхөөрдөм, хөгжилтэй бяцхан охидын төлөөлөл болж асан жүжигчин, дуучин Майли Сайрусын өнгөрсөн сард “MTV Video music awards”-ын тайзнаа үзүүлсэн этгээд үзүүлбэр өнөөдөр ч олны ярианы сэдэв болсон хэвээр.

Биений өнгөтэй дотуур хувцаснаас өөр юу ч үгүй тэрбээр өөрийнх нь аавтай бараг үе тэнгийн баймаар, дуучин Робин Тикийн өмнө өгзгөө хөдөлгөж, хөгжөөн дэмжигчдийн зүүдэг үлэмж том хурууны хэлбэртэй бээлий хүрэх, хүрэхгүй газарт нь чичлээд ёстой л нэг алж тавьсан. Этгээд гаж зүйлс сэтгэж, олныг шуугиулдгаараа алдартай Лэди Гагаг хүртэл дээрх тоглолтын дараа хэн ч дурсаагүйгээр үл барам, бүгд Майли, Майли хэмээн хашхирсан. Удсан ч үгүй, “Bangerz” шинэ цомгынхоо хоёр дахь сингл, “Wrecking ball”-ийн клипэнд тоглохдоо Майли чармай нүцгэлж, чулуун бөмбөлгөн дээр суун нааш цааш хөдлөх нь бүр ч “аймаар” харагдсан. Турьхан биетэй, шар охинд даанч зохихгүй үйлдэл түүнээс мөн ч их гарав. Хүн бүр л түүн рүү хараал, зүхэл, доромжлол илгээж байсан ч тэр бас хүссэндээ хүрсэн. Тэрхүү олны “хараал идсэн” дуу нь дорхноо “Биллбоард”-ын жагсаалтыг тэргүүлж, видео клипийг нь сарын дотор 200 гаруй сая хүн үзэж амжжээ.

Өнөө цагийн уран бүтээлчдийн од болох шалгарсан арга энэ. Нөгөө талаас нь үзэгч, сонсогчдын хүлээдэг юм энэ болсон. Ийм хоёр дүгнэлт хийж болохоор. Шар хэвлэлүүд энэ бүхний эхийг Мадоннатай холбоцгоож байна. 1990-ээд оны бэлгэ тэмдэг болсон тэрбээр нүцгэн зургаа хаа сайгүй цацаж, ярилцлага өгөх бүртээ эрээ цээргүй мэдэгдэл амнаасаа унагаж, бараг бүхий л клипэндээ тайчсаар өнөөдөр “попын хатан хаан” хэмээх хэргэм хүртсэн байна. Сүүлд Рианнагийн “Pour it up” дууны видео клип шуугиан тарьж байна. Бас л нүцгэн, “Time” сэтгүүлд бичсэнээр “муухан порногоос дээр” клип болсон аж. Ингэхэд бид чинь ямар үед амьдраад байна вэ? Дуучнаас илүү өгзгийг ярьдаг, чадалтай хоолойтой ч тарган эмэгтэй байвал галбиргүй гэж ярьдаг болсон нь хэр зөв бэ? Өнөө цагт хоолойн чадлаараа хүлээн зөвшөөрөгдсөн дуучин бол Бейонсе. Гэвч үзэгч, сонсогчдын сонирхол, хүлээлт түүнийг ч бас эвдэж дөнгөсөн. Тэр яг л Адель шиг зөвхөн хоолойгоо өмнөө бариад дэлхийн аль ч мундаг тайзнаа гарсан алзахгүй боловч сүүлд хийсэн уран бүтээлүүд нь бүжгийн хөдөлгөөн, секси харагдах хоёрт акцент өгч урам хугаллаа. Дуучнаас бид уг нь дуу л хүсэх ёстойсон. Энд бас Ники Минажийг дурдахгүй өнгөрч болохгүй.

Сүүлийн үед гарч ирсэн хамгийн чадалтай эмэгтэй реппер гэдэгтэй нь санал зөрөх хүн байдаггүй ч дэлхийн ихэнх хүн түүнийг өдгөө дуунаас илүү өгзгөөр нь таних болсон. Тэр ч тэгэхээс тэгэх гэсэн шиг клип бүртээ царайгаа биш өгзгөө харуулдаг болсон. Хөгжмийн ертөнцөд нүүрлэсэн “тахал” явсаар чадалтай хоолойтой дуучид болох Мирая Кэри, Кристина Агилера ч мөн ийм зам руу хальтирлаа. Сүүлд гарч ирж буй залуу дуучин охид ч хоолойн дасгалаасаа илүү цагийг галбир төрхөндөө анхаарахад зарцуулж байна. Дуу бичлэгийн студиуд шинэ уран бүтээлч гаргахдаа юун түрүүнд биеийг нь, царайг нь харж, шилдэг болжээ. Энэ байг гэхэд, ядаж сайхан биетэйн дээр сайхан хоолойтой байвал асуудалгүй.

Дээрх зохисгүй гинжин холбоос улам бүр батжихийн хэрээр дуучны хувьд ямар ч авьяасгүй этгээдүүд хөгжмийн сувгуудын эрэлттэй цагийг дүүргэж байна. Студид хоолойн нугалаас бүрийг нямбайлан засна, дуучин харин видео клипнээ тачаангуй харагдахад л болоо. Мадоннагаар эхэлж, Майлигаар буухиалж буй үйл явц, тэвчихийн аргагүй хөнгөмсөг оршихуй сайхан хоолойд шимтэх сонсогчдын хүслийг бүр унтраавал яана. Хувцсаа мянга нимгэлээд ч цочроо авахгүй болтлоо үзэгчид тогтож, дасвал яана.

 

Т.ЖИГҮҮР

www.inet.mn


URL:

Сэтгэгдэл бичих