“Утаа багатай зуухыг 29-36 мянган төгрөгөөр худалдаж эхэлсэн”
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаар Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр өнгөрсөн жил нийслэлийн төвийн дүүргүүдэд утаа багатай зуух тараасан.
Энэ жил Дэлхийн банкны санхүүжилтээр “Улаанбаатар цэвэр агаар төсөл” хэрэгжиж 45 мянган айлд утаа багатай зуухыг хямдралтай үнээр борлуулах юм. Энэ талаар төслийн инженер Г.Батмэргэнээс тодрууллаа.
- Төслийн зуух борлуулна гэсэн. Ажлын явц ямар байна?
-Өнгөрсөн долоо хоногоос ажлаа эхэлсэн. Бүрэн шаталттай сайжруулсан зуухыг Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт тус бүр тав, бусад дөрвөн дүүрэгт тус бүр хоёр борлуулах төв ажиллаж байна.
-Иргэд ямар материал бүрдүүлэх вэ?
-Энэ удаад зуух авч амжихгүй бол дахиж хамрагдах боломжгүй. Оршин сууж буй хороондоо албан ёсны бүртгэлтэй, амьдардаг байх шаардлагатай. Мөн өнгөрсөн жил төсөлд хамрагдаж байгаагүй иргэд байх ёстой. Шинэ зуухаа аваад хуучин зуухаа хураалгана.
-Утаа багатай зуухны төсөл орон нутагт хэрэгжих үү?
-Дэлхийн банкны санхүүжилтээр хийгдэж байгаа энэ төсөл зөвхөн нийслэлд хэрэгжинэ. Тэр дундаа нийслэлийн төвийн зургаан дүүрэгт.
-Хямдралтай зуухыг хэдэн төгрөгөөр авах вэ?
-“Өлзий”, “Дөл”, “Талст” зэрэг дөрвөн төрлийн зуухаас сонголт хийх боломжтой. Үнийн хувьд 29-36 мянган төгрөгөөр худалдаалж байна.
Б.Энх /Зууны мэдээ/
URL: