“Портер” нүүрс 160-320 мянган төгрөгийн үнэтэй байна

e8e5b624d189c687bigЦаг агаар хүйтэрч айл бүр нүүрс түлээгээ бэлтгэж байна. Боломж олдвол хямд үнээр ахиухан нүүрс, мод авах санаатай.

Гэвч нүүрсний захуудад түлээний үнэ өсч, хөнгөлөлттэй нүүрсийг зарим иргэд хэдэн төгрөгөөр хаанаас авахаа мэдэхгүй байгаа юм. Энэ талаар сурвалжлахаар “Цайз” захыг зорилоо. Тэнд Налайхын уурхайн “портер” нүүрс 260-320 мянган төгрөгөөр, Багануурын нүүрс 160-280 мянган төгрөгөөр зарагдаж байна. Харин 20 кг хүрэхгүй шуудайтай нүүрс гурван мянга гэв. Уутны хэмжээ стандартыг нь асуувал Хятадаас орж ирдэг 150 төгрөгийн үнэтэй уут гэнэ. Бидний мэддэг шар торон ууттай адилхан хэмжээтэй юм.

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд 3200 төгрөгөөр ийм хэмжээтэй нүүрс гурван уутыг авах боломжтой. Иргэдийн хэлж буйгаар хөнгөлөлттэй нүүрс тийм амар олддоггүй, зарим нь хаанаас яаж авахаа мэддэггүй бололтой. Модны тухайд 50 кг-ийн ууттай мод 6500 төгрөгийн ханштай байлаа. Хувиараа бизнес эрхлэгчдийн хэлж буйгаар Налайхын нүүрс илчтэй, хог багатай, чанартай гэнэ. Харин Багануурын нүүрсний чанар муу бас пүүн дээр зогсдог учраас портер машинд бага ачигддаг аж. Яагаад нүүрсээ өндөр үнээр зардаг талаар лавлахад хувиараа нүүрс авчирч борлуулахад тээвэрлэлтийн зардалд олсон ашгийн 60 хувийг нь зарцуулдаг гэнэ. Тиймээс ханшаа буулгах боломжгүй хэмээн тэд тайлбарлав.

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хувиараа бизнес эрхэлдэг хүмүүсийн нүүрсний үнийг хязгаарлах боломжгүй гэлээ. Засгийн газраас иргэдийнхээ амьжиргаанд нэмэр болох, нүүрсний хэт өндөр үнийг хазаарлах зорилгоор өнгөрсөн жилээс “Нүүрс” хөтөлбөрийг эхлүүлсэн билээ. Иргэдэд Багануурын уурхайн нүүрс нэг тонн нь 80 мянган төгрөгөөр очиж эхэлснээс хойш зах зээлд дэх нүүрсний үнэ 100- 120 мянган төгрөгөөр хямдарчээ. Энэ жил “Нүүрс” хөтөлбөрт зориулан Багануурын уурхайгаас 200 мянган тонн нүүрсийг нийлүүлэхээр болжээ. Ийнхүү нэг тонн нүүрсний үнийг 80 мянган төгрөг байхаар тогтоож, 40 кг-аар савласан нэг шуудай нүүрсийг 3200 төгрөгөөр худалдах юм байна. Мөн өнгөрсөн жил “Нүүрс” хөтөлбөрийн нүүрсийг 160 гаруй цэгээр худалдаалж байсан бол энэ жил 130 гаруй цэгээр худалдахаар болжээ.

Нийслэлийн таван дүүрэгт энэхүү нүүрс борлуулах цэгийг байгуулсан боловч Баянгол дүүргийг цэвэр агаарын бүс болгоод байгаа юм. Мөн энэ жил нөөц хангалттай учраас нүүрс хомсдож үнэ өсөхгүй гэж албаны хүмүүс ярьж байна. Өмнөх жилийнхийг бодвол нүүрсний чанар нь сайжирсан гэж худалдаачид ярьж байна. Тодруулбал өнгөрсөн жил хогон нүүрс, том нүүрс их байна гэсэн гомдол санал ирснээс энэ жилээс уурхайд шигшигч болон бутлагч тоног төхөөрөмжийг суурилуулжээ.

Нөөц хангалттай байгаа учраас иргэдэд хаягаар хүргэж өгөх шинэ үйлчилгээг нэвтрүүлжээ. Иргэд хямд нүүрсийг нүүрсний цэгүүдээс авч болох ба 7011 0171 дугаарын утсаар захиалан авч болох юм байна. Өнгөрсөн жил хувьд “Нүүрс” хөтөлбөр арваннэгдүгээр сард эхэлсэн бөгөөд 400 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Гол шалтгаан нь ажилчдын цалин өндөр байсных гэнэ. Энэ жил нүүрс борлуулах ажил түрүү жилийнхээс нэг сарын өмнө эхэлж цэргүүдийг ажиллуулж байгаа аж. Нүүрсэнд хүнд даацын техник, технологи ашигладаг, хөрөнгө зардал их ордог үүнийгээ дагаад байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө их.

Гэтэл нүүрсний нэгжид ногдох үнэ бусад ашигт малтмалаас харьцангуй бага аж. Манай Улсад өнөөдрийн байдлаар 140 гаруй аж ахуй нэгж нүүрсний борлуулалт явуулахад бэлэн болсон байна. Өнгөрсөн онд 20 орчим сая тонн нүүрс экспортлосон. Энэ жил 34сая тонн нүүрс гаргахаар төлөвлөж байгаагаас 60 хувийг нь экспортод гаргаад байгаа гэнэ. Ингэхдээ нүүрсний хэрэгцээтэй буй Япон, Өмнөд Солонгос болон Европын орнууда д нийлүүлэх бодлогыг баримталж байна. БНХАУ зургаан тэрбум тонн нүүрсний хэрэглээтэй. Үүний 3.2 тэрбум тонныг өөрсдөө олборлодог байна.

С.Уянга /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих