Нэгдүгээр эгнээнд зогссон 64 автомашиныг ачив
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Ачиж журамлах алба замын хөдөлгөөнд саад учруулж, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын автомашин ашиглан зөөж шилжүүлэх, ачиж буулгах үйл ажиллагааг эхлүүлээд нэлээд хугацаа өнгөрлөө.
Өнгөрсөн пүрэв гарагийн байдлаар нийт 64 автомашиныг зөөж шилжүүлсэн байна. Тээвэрлэхдээ тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулан дүрс бичлэг, фото зургаар баримтжуулж лацдан автомашиныг зөөж шилжүүлдэг байна.
Ингэснээр зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогссон тээврийн хэрэгслээс болж үүсдэг зохиомол түгжрэл багасна гэж албаныхан үзэж байгаа юм. Дашрамд дуулгахад, нийслэлийн зам тээврийн ослын 25.4 хувь буюу 2097 тээврийн хэрэгслийн жолооч хажуу хоорондын зайг тохируулаагүйгээс болж осол аваар гаргадаг гэсэн судалгаа байдаг аж.
URL: