Шинэ хуулиар “Олон нийтийн цагдаа алба хаагчдаас дутахааргүй үүрэг гүйцэтгэгчид”

527-1381716031untitledЦагдаагийн албаны тухай хуулийг баталсантай холбогдуулан, ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.
-УИХ-ын нэгдсэн чуулганаар Цагдаагийн албаны тухай хуулийг шинэчлэн баталлаа. Хуулийн нэрийг “Албаны” гэж тодотгосны учир юу вэ? 
-Цагдаагийн байгууллагын тухай хууль 1993 онд батлагдаж, 1994 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш хорь шахам жил өнгөрч байна. Энэ хууль цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг төлөвшүүлэн жигдэлж, материал- техникийн хувьд бэхжүүлэн, цагдаагийн албыг хөгжихөд чухал нэмрээ оруулсан юм.
Гэвч өнөөдөр энэ байгууллагад тогтолцооны болон үйл ажиллагаа, удирдлагын зарчмын шинэчлэл хийх шаардлагатай болохыг олон судалгаа харуулсан. Үүний дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Цагдаагийн алба, алба хаагчийн эрх зүйн байдал, үйл ажиллагааны тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажилласан.
Улмаар УИХ хэлэлцэн, энэ оны долдугаар сарын 5-ны өдөр Цагдаагийн албаны тухай хуулийг батлан ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон.
Өмнө нь цагдаагийн байгууллагын үндсэн чиг үүргийг гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах гэж байсныг шинэ хуулиар гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэж өргөжүүлсэн.
Гадаад орнуудын цагдааг ихэвчлэн “Police service” гэж нэрлэж байгаа нь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гэмт халдлагаас хамгаалах алба гэж ойлгодогтой хол боо той. Ийм ч учраас манайх Цаг даагийн албаны тухай хуультай боллоо.
-Өмнөх хуулиас өөрчлөгдсөн гол асуултын ялгаа юу вэ? 
-1705 оноос баруун Европт “Police science” буюу цагдаа судлалын ухааныг үүсгэн орчин үеийн цагдаагийн албаны ойлголтын талаар судалж хөгжүүлж ирсэн байдаг. Үүгээр цагдаагийн албаны хөгжилд хамгийн чухал хоёр зүйл бол нэгдүгээрт democratic control буюу иргэний хяналт, хоёрдугаарт political neutrality буюу улстөрөөс ангид байх явдал гэж үзсэн.
Цагдаагийн алба иргэний өмнө хариуцлага хүлээдэг байхын тулд иргэний хяналттай байх ёстой. Цагдаагийн албаны тухай хуульд нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагын төсвийн зарцуулалт, үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэх, сургалт, үйл ажиллагаандаа орчин үеийн технологи нэвтрүүлэх бодло гын хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий.
Энэ утгаараа Иргэний зөвлөлтэй байхаар тусгасан. Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн албаны үйл ажиллагааны зарчмыг “иргэний дэмжлэг авах, төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллага, иргэдтэй харилцан хамтран ажиллах” гэж тодорхойлсон.
Үүний дагуу “Олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагаа” гэсэн бүлэг нэмж тусгасан. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журмыг хамгаалах үүрэг бүхий олон нийтийн цагдаагийн ажилтныг гэрээ байгуулан ажиллуулах, түүнд олгох урамшил, холбооны болон тусгай хэрэгслээр хангах, сургах зардлыг хариуцна.
Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгч дийн хурал нь Иргэний зөвлөл, цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн тухайн жилдээ ажиллуулах олон нийтийн цагдаагийн ажилтны тоог тогтооно.
-Хуульд зааснаар цагдаагийн байгууллага болон алба хаагчдын эрх, үүрэг өөрчлөгдсөн үү. Цагдаагийн алба хаагч мөрдөн байцаагч, хэв журам сахиулагч гэх мэт олон үүрэг гүйцэтгэдэг. Ажил, үүргийн хуваарийн давхардлыг хэрхэн зохицуулсан бэ? 
-Цагдаагийн албаны тухай хуулиар цагдаагийн байгууллагын чиг үүргийг гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах гэж тодорхойлсон. Нийгмийн хэв журам хамгаалах гэж байсныг нийтийн хэв журам хамгаалах гэж өөрчилсөн байгаа.
Олон улсад үүнийг public order гэх бөгөөд нийтээр хүлээн зөвшөөрсөн, нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон хэм хэмжээг сахин хамгаалах буюу сахиулах гэсэн үг юм. Шинээр тодорхойлж оруулсан нэг чиг үүрэг бол олон нийтийн аюулгүй байдлыг хангах. Үүнийг олон улсад public security гэдэг.
Энэ чиг үүрэгт дипломат төлөөлөгчийн газар, улсын онц чухал болон бусад обьектыг хамгаалах, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан, гэнэтийн бусад аюул, эмх замбараагүй байдал, террорист халдлага, онц болон дайны байдал зарласан үед дэг журам сахиулах, жагсаал цуглааныг албадан тараах тухай Засаг даргын шийдвэрийг биелүүлэх зэрэг үүргийг гүйцэтгэнэ.
Мөн хуулиар цагдаагийн төв байгууллага, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын ажил үүргийг зааглаж өгсөн. Тухайлбал, тодорхой нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага нь хариуцсан нутаг дэвсгэр дээрээ бүрэн эзэн болж ажиллах шаардлагатай болж байгаа юм.
Энэ нь эрх мэдлийг хэт төвлөрүүлэх бус орон нутагт шилжүүлж, бодлого, үйлдвэрлэл хоёрыг зааглаж байна гэсэн үг. Түүнчлэн энэ хууль болон дагалдан гарсан бусад хуулиар цагдаагийн одоо гүйцэтгэдэг зарим үүрэг өөрчлөгдөж байна.
-Тухайлбал? 
-Эрүүлжүүлэх үйл ажиллагаа байна. Хүнийг эрүүлжүүлнэ гэдэг эмчлэнэ гэсэн үг, Эрүүл мэндийн тухай хуулиар ч ингэж заасан. Иймээс согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, өөрийн үйлдлийг удирдан жолоодох чадваргүй болсон хүнийг эмнэлгийн байгууллагад шилжүүлдэг болно.
Харин гэмт хэрэг, зөрчил үйлдэж баривчлагдсан хүнийг эрүүл ч бай, согтуу ч бай цагдаагийн байгууллага хууль сахиулах үйл ажиллагааныхаа хүрээнд баривчлах, саатуулах ажиллагаагаа явуулна. Товчхондоо бол эрүүлжүүлэх байр байхгүй болно гэсэн үг.
Мөн хараа хяналтгүй хүүхдийн асуудлыг судалж, шийдвэрлэх талаар зарчмын өөрчлөлт орсон. Хараа хяналтгүй хүүхдийг цагдаагийн байгууллага хүлээн аваад хүүхдийн байгууллагад шилжүүлдэг болсон. Цагдаагийн албаны тухай хуульд цагдаагийн байгууллага, алба хаагчаар хуульд зааснаас өөр ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглохоор зааж өгсөн.
-Шинэ хууль үйлчилж эхэлснээр цагдаагийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хийх үү? 
-Шинээр батлагдсан хуульд заасны дагуу бүтцийн өөрчлөлт хийгдэнэ. Энэ хуулиар цагдаагийн албаны тогтолцоог цагдаагийн төв байгууллага, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага, харьяа албанаас бүрдэнэ гэж заасан.
Цагдаагийн төв байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон дэмжлэг үзүүлэх, дотоод хяналт-аюулгүй байдлын алба, тэдгээрийн зохион байгуулалтын бүтцийн нэгжээс бүрдэнэ.
Гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон дэмжлэг үзүүлэх албад нь тус тусынхаа чиглэлээр цагдаагийн нийт байгууллагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, шаардлагатай бодлого, стандартаар хангах үүрэгтэй.
Энд одоогийнх шиг хэрэг мөрдөхгүй, хэв журмын хамгаалалт удирдахгүй. Энэ хуульд урьд байгаагүй зүйл орж ирсэн нь Цагдаагийн төв байгууллагын харьяанд цагдаа судлалын ухааныг хөгжүүлэх судалгааны төв, албаны зэвсэг, тусгай хэрэгсэл, тусгай зориулалтын техник, хэрэгслийн чанар стандартыг судлан тогтоох лаборатори байгаа. Мөн криминалистикийн шинжилгээ хийх бүтэцтэй болно.
-Цагдаагийн алба хаагч удирд лагаас өгсөн хууль бус тушаалыг биелүүлэхгүй байхаар тусгайлан зохи цуулсан гэсэн. Үүнийг тодруулаач? 
-Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуульд заавал биелүүлэх тушаал, захирамжийг биелүүлсэн бол гэмт хэрэгт тооцохгүй. Харин хууль бус тушаал, захирамж өгсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.
Энэ зарчмыг Цагдаагийн албаны тухай хуульд тусгаж, алба хаагч удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг, даалгаврыг биелүүлэхдээ хуульд заасны дагуу биелүүлэх ёстой.
Харин хууль бус үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалзах үүрэгтэй байхаар хуульчилсан нь хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, хуулийг чанд сахих баталгаа болсон төдийгүй алба хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалсан чухал зохицуулалт болсон.
-Олон нийт цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд оролцох зохицуулалтын талаар тодорхой мэдээлэл өгнө үү? 
-Манай улсад community oriented policing буюу олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагааг хөгжүүлэх талаар хэд хэдэн удаагийн төсөл хэрэгжиж тодорхой үр дүнгээ үзүүлсэн. 1990-ээд оны үед урамшилтай, цалинтай, гэрээт эргүүл гэж ажиллуулан тодорхой үр дүнд хүрч байсан туршлага бий.
Мөн Засгийн газраас олон нийт-цагдаагийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг 2011 онд баталж хэрэгжүүлж байна. Энэ нь товчхондоо бол, хүний аюулгүй байдлыг хангахын тулд иргэдийн идэвх санаачилгыг дэмжиж ажиллах арга юм.
Цагдаагийн албаны тухай хуульд заасан олон нийтийн цагдаагийн ажилтан нь эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ, тухайн орчинд гэмт хэрэг гарч болзошгүй нөхцөл үүссэн бол зохих газарт нь мэдэгдэж шаардлага тавих эрх эдлэхээр тусгасан.
Жишээ нь, аль нэг булан тохойд гэрэлтүүлэг байхгүй болсноос тухайн газарт дээрэм, хүчин гэх мэт хэрэг гарч болзошгүй нөхцөл үүслээ гэхэд энэ талаар холбогдох байгууллагад нь мэдэгдэж, тэр зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.
Олон нийтийн цагдаагийн ажилтан нь гэмт хэрэг, зөрчил гарсан газар, ул мөрийг хамгаалах, холбогдох байгууллагад мэдэгдэх, хүний баримт бичгийг шалгах, иргэн, хуулийн этгээдэд шаардлага тавих, гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүнийг цагдаагийн байгууллагад хүргэх, зөрчил гаргасан хүнд торгууль ногдуулах эрх эдлэхээр зааж өгсөн.
-Цагдаагийн алба хаагчийн цалин хөлс, цол, зэрэг нийгмийн асуудлыг энэ хуулиар хэрхэн шийдвэрлэж өгөв? 
-Цагдаагийн алба хаагчийн ажиллах нөхцөл баталгаатай холбоотой нийтлэг асуудлыг Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд тусгаж, Цагдаагийн албаны тухай хуулиар зарим онцлог зохицуулалтыг тусгасан. Одоогийн байдлаар манай улсын хэмжээнд 330 гаруй суманд 21-30 насны залуучууд цагдаагийн алба хаагчаар ажиллаж байна.
Тэднийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд суманд ажиллаж байгаа алба хаагчид таван жил тутам 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор заасан.
Түүнчлэн одоогийн хуулиар албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчийн ар гэрт нь нэг удаа таван жилийн цалинг нь олгоод орхидог. Харин шинэ хуулиар 10 жилийн турш тухайн ажилтны авч байсан цалинг ар гэрт нь олгохоор заасан.
Мөн дээд буюу тэргүүн комиссар, тэргүүн дэд комиссар, дэд комиссар, туслах комиссар гэсэн цолыг шинээр бий болгосон. Цагдаагийн бусад цол болох ахлах, дунд, бага цол хэвээрээ байна. Зарчмын өөрчлөлт гэвэл цагдаагийн цолыг албан тушаалыг нь харгалзан, олгохоор болсон.
Цагдаагийн дээд, ахлах цолыг ямар албан тушаалд ажиллаж байгаа алба хаагчид олгохыг хуульд тодорхой заасан. Энэ нь алба хаагч цол авахын төлөө бус жинхэнэ мэргэжил, ур чадвартаа тохирсон албан тушаалын цолыг хэрэглэнэ гэсэн үг.
-Алба хаагчдын агсамжийн асуудал нэлээд тодорхой тусгагдсан байсан? 
-Цагдаагийн алба хаагчийн ажиллах нөхцөл баталгааг хангах нэг чухал зүйл бол алба хаагчийн агсамжийн талаарх заалт юм. Цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэхдээ заавал биедээ авч явах зүйлийн жагсаалтыг энэ хуулиар тогтоосон.
Үүнд гав, бороохой, цахилгаан гүйдлээр цохигч, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, холбооны хэрэгсэл, гар чийдэн, дүрс, дуу бичлэгийн хэрэгсэл багтаж байгаа. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулснаар цагдаагийн байгууллага хөгжлийн сантай болсон.
Уг санг цагдаагийн байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх, алба хаагчдын сургалт, бэлтгэлийг хангуулах, сургал- тын материаллаг баазыг бэхжүүлэх, зэвсэглэл, техникийг сэргээн сайжруулахад зориулна. Мөн энхийг дэм жих ажиллагаанд оролцохтой хол богдсон бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх, цагдаагийн алба хаагч, ажилтны нийгмийн хамгааллыг сайжруулахад ашиглах юм.
М.Өнөржаргал
Эх сурвалж: Үнэн.мн

URL:

Сэтгэгдэл бичих