Сонгууль угтсан гурван жил ба зөвхөн 2013 он

-Эдийн засгийн өсөлт өмнөх хоёр жилийн дунджаас өсөх горьдлого байна-

УИХ дээр улстөрчид худлаа ярих, хоосон улстөржүүлж “дүвчигнэх” боломжгүй болж байгаа юм. Учир нь жирийн иргэд ч гэсэн улсын төсвийн хуваарилалт, эдийн засгийн сайн, муу үзүүлэлтийг шаарддаг болсон байна. Тухайлбал ДНБ хийгээд үндэсний нийт орлого ямар байгаа талаарх статистикийг иргэд нэхдэг боллоо. Энэ сайн хэрэг. “Хотын  төв гудамжаар явахад үнэтэй машин олширчээ”, “Гуйлгачид, траншейнд амьдрагчид цөөрчээ”. Эсвэл нуугдчихсан ч байж мэднэ гэсэн гэнэн дүгнэлтээр эдийн засгийн нөхцөл байдалд дүн тавьдаг өдрүүд ард хоцорсон байна.

УИХ-ын нэгдсэн чуулганаар өчигдрөөс эхлэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэллээ.

Улс төр, парламентын нэгдсэн чуулган л хойно бойкот зарлах, сөрөг хүчнийхний хүчтэй дайралттай тулгарах гээд олон улсын жишигт байдаг л “зовлон, жаргал”-ыг үзэх биз. Харин үүний урьтал буюу бодит тоо баримт болгон хэдэн тоог эш татан олон нийтэд хүргэе. Гэхдээ “Сонгууль угтсан гурван жил ба зөвхөн 2014 он…” гэсэн байдлаар уг тоо баримтыг хүргэж байна. Учир нь есдүгээр сарын статистик хараахан гараагүй байгаа. Тэгээд ч жил, жилийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төсөлд эхний найман сарын байдлаар дүн мэдээ нь танилцуулагддаг билээ.

Оны хувьд 2011-2012 оны бүтэн жилийн дүн мэдээтэй энэ оны эхний найман сарын байдлыг харьцуулж буй. Сонирхолтой нь “УИХ-ын сонгууль угтсан” тэрхүү хоёр жилийн дүн мэдээ тун тааруухан байж, зөвхөн энэ оны эхний найман сарынхаас зарим үзүүлэлтээр доогуур гарч буй нь анзаарагдана. Үүнд Засгийн газар, Монголбанкны хамтарсан хөтөлбөр нь хамгийн эрсдэлтэй, эдийн засагт халтай цэгүүдээ хянаж, “хамгаалалт хийж” чадсаных болов уу. Өчүүхэн л “гоол алдаж” эмзэг цэгийг онож гэмээнэ эдийн засгийн өсөлт болон инфляцийн үзүүлэлтэд хүчтэй тэсрэлт өгөх байсан. Өөрөөр хэлбэл цагийн механизмтай тэсрэх бөмбөг зүүчихээд ажиллаж байгаагаа хаана, хаанаа ухаарсан нь лавтай.

Юуны өмнө эдийн засгийн бодит өсөлт. Энэ тоо хагас жилийн байдлаар 11.3 хувьтай байгаа нь сүүлийн гурван жилийн дундажтай ойролцоо төвшинд байна. Гэхдээ 2011-2012 оны дунджаар 12.1 хувь байсан. Харин оны эхний найман сарын байдлаар 11.3 хувьтай байгаа гээд бодохоор үлдсэн дөрвөн сард өмнөх оны дундаж 12.1 хувиас давах болов уу гэсэн горьдлого төрүүлээд байгаа юм. Зөвхөн горьдлого төрөөд зогсохгүй боломжит орчин нөхцөл, эерэг уур амьсгал ч бас ийн “билэгдэхэд” хүргэж буй.

Тухайлбал арилжааны банкуудын зээлийн өрийн үлдэгдлийн жилийн өсөлт энэ оны эхний найман сарын байдлаар 46 хувьтай байна. Энэ нь өнгөрсөн гурван жилийн дундажтай ойролцоо байх жишээтэй. Сануулахад 2011-2012 онуудад зээлийн өрийн үлдэгдлийн өсөлт дунджаар 40 хувьтай байсан юм. Гэтэл банкуудын төлбөрийн чадвар эрс сайжирсан дүн бас харагдаж буй. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээний асуудал одоогоос хоёр жилийн өмнө “шүдний өвчин” болж, тухайн үед янз бүрийн туршилтын гэмээр арга хэмжээг санал болгож байсан ч эсэргүүцэлтэй тулгарч байсан. Харин одоо эхний хагас жилийн байдлаар дээрх үзүүлэлт 15.9 хувьтай байгаа нь өнгөрсөн гурван жилийн дунджаас 3.1 хувиар нэмэгдэж сайжирчээ.

Одоо үнэ ханшийн байдал, тэр тусмаа гол нэрийн бараа бүтээгдэхүүн буюу өртөмтгий “эмзэг” цэгээ хамгаалсан хөтөлбөр инфляцид хэрхэн нөлөөлснийг харцгаая. Өнгөрсөн гурван жилийн дунджаар АИ-92 шатахуун литр тутамд 75 төгрөгрөөр, дизель түлш литр тутамд 145 төгрөгөөр өсч байсан бол 2013 онд өсөөгүй. Мөн Замын-Үүд дээр үүсдэг тээвэрлэлтийн түгжрэлийн хугацааг богиносгож инфляцийн зардлыг нийлүүлэлтийн шатанд нь “багасгах арга хэмжээ авснаар өргөн хэрэглээний барааны тээвэрлэлийн хугацаа өмнөх гурван жилийн дунджаас долоо дахин хурдасчээ. Энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх зардлыг нийлүүлэлтийн шатанд бууруулж инфляцийг тогтворжуулах чухал алхам байсан.

Түүнчлэн инфляци өсгөх гол шалтгаануудын нэг болох махны үнийн өсөлт өмнөх гурван жилийн дунджаас 2,1 дахин багасав. Үүнд махны нөөц бүрдүүлэх, хэрэглэгчдэд хүргэх, нөөцийн махны чанарыг сайжруулах шинэ механизм гол үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болно. Ямартай ч дээрх хөтөлбөрийн үр дүнд нийслэлд инфляци 8,4 хувьтай болсон нь өмнөх гурван жилийн дунджаас 4.2 хувиар буурсан үзүүлэлт, улсын хэмжээнд инфляци 9.4 хувьтай болсон нь өмнөх гурван жилийн дунджаас гурван хувиар буурсан байгаа юм. Энэ хөрс суурь нь улсын хэмжээнд дундаж давхаргын хэмжээг нэмэгдүүлж, иргэд амьжиргааны нөхцлөө сайжруулах боломжийг буй болголоо.

Үүний нэг илрэл нь орон сууцны зээлд хамрагдагчийн тоо 40.6 мянгад хүрч ердөө гуравхан сарын дотор 26 хувиар өсөв. Энэ нь дээр дурьдсан харьцуулалтаас хамгийн том өөрчлөлт байсан юм. Монгол хүн бүр үүнд баярлах учиртай. Орон сууцны зээлд хамрагдагчийн тоо 2010 оны сүүлчээр 19 700 байсан бол өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 40600-д хүрсэн байна. Хэрэв зээлийн нөхцөл, тогтолцоог буруу тооцоолж эсвэл инфляци тогтвортой буураагүй байсан бол иргэд орон сууцны зээлээ төлөөд цаана нь бусад хэрэглээгээ зохицуулж чадахгүй байх байлаа. Тэгэхээр дундаж давхаргынхан цаашид олуулаа болох хандлага ажиглагдаж байна. Тэр тусмаа Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд төсөөлж байгаачлан инфляцийг долоон хувьд барьж чадвал цаашид дээр дурьдсан бүх нөхцөл боломж улам нээлттэй болох учиртай. Тиймээс ч ганцхан жилийн дотор гарсан “сайн өөрчлөлт”-үүдэд ач холбогдол өгч улстөржүүлэлгүйгээр мөнгөний бодлогын төслийг баталж өгөх эрхэм үүргийг УИХ хүлээж байна.

У.Оргилмаа


URL:

Сэтгэгдэл бичих