Ирэх онд бүх 21 аймгийг кадастрын мэдээллийн сантай болгоно
МХЕГ Завхан, Хөвсгөл аймгуудад газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын чиглэлээр шалгалт хийжээ.
Үүний хүрээнд геодезийн байнгын цэг тэмдэгтийн хадгалалт, хамгаалалтын байдал, геодези, зураг зүйн улсын нэгдсэн сан бүрдүүлэлт, газар зүйн нэрийн хэрэглээ, магадлан хэмжилт, ашиглагдаж байгаа зураг зэрэг асуудлыг хамруулан Завхан, Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар /ГХБХБГ/ болон бусад хувийн хэвшлийн компанийг шалгасан байна.
Шалгалтаар Хөвсгөлийн бүх сум, Завхан аймгийн Тэс, Баянтэс, Ургамал, Завханмандал, Дөрвөлжин сумдад газрын мэдээллийн сан үүсгээгүй, шинээр баригдсан барилгын гүйцэтгэлийн зураг хийгдээгүй, шинээр газар олголт хийхдээ нэгж талбарын эргэлтийн цэгийг газарт бэхэлж, хүлээлгэн өгсөн тухай баримт байхгүй зэрэг олон зөрчил илэрчээ.
Холбогдох байгууллагынхны мэдээлж буйгаар дээр дурдсан зөрчлийг арилгахын тулд эхний ээлжинд кадастр, хэмжил зүйн сургалтыг орон нутагт зохион байгуулж эхлээд байгаа аж.
Цаашид тус сумдад кадастрын мэдээллийн сан үүсгэж өгөх ба ирэх онд бүх 21 аймгийг санжуулах төлөвлөгөөтэй байгаа юм.
Түүнчлэн аймгуудыг зурган болон тоон мэдээллээр хангах тал дээр ажиллах болно гэж МХЕГ-аас мэдээллээ.
URL: