А.Эрдэнэтуяа гэдэг хүнээс болж, эмнэлгүүдийн төлбөр тооцоо бүтэн долоо хоног хаагдлаа

Аравдугаар сарын 4 буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа яамныхаа зургаан мэргэжилтнийг ажлаас халах тушаал гаргажээ. Хүмүүсийг бөөн бөөнөөр нь ажилгүй болгосон энэ тушаалаас болж өнгөрсөн долоо хоногийн турш эрүүл мэндийн салбарын төрийн сангийн данс хаагджээ. Учир нь ажилгүй болсон зургаан мэргэжилтний дунд төрийн сангийн мэргэжилтэн нь байжээ. Төрийн санд нэвтэрдэг, нууц кодыг мэддэг мэргэжилтнийг халсан тул Сангийн яам төрийн сан хөмрөгөө хамгаалах холбогдох хууль тогтоомжийн дагуу эрүүл мэндийн яамны төрийн сангийн дансыг хаасан нь энэ.  А.Эрдэнэтуяа гэдэг хүн эрх мэдлээ хэтрүүлэн төрийн сангийн мэргэжилтнийг Сангийн яамтай зөвшилцөлгүйгээр халснаас болоод өнгөрч байгаа долоо хоногт томоохон эмнэлгүүд дээр ч ихээхэн асуудал үүсчээ. Ер нь бүхэл бүтэн нэг салбар бүтэн долоо хоногийн турш төлбөр тооцоо хийгдэхгүй хүлээгдэж байна гэдэг өнөөгийн цаг үе нийгмийн хөгжилтэй яаж авцалдах юм бэ. Төлбөр тооцоог долоо найм хоног хийхгүй байх битгий хэл, банк руу явахаар замын түгжрэлд ороод удчихна гээд mobile bank  ашигладаг цаг үед бид амьдарч байгааг Эрүүл мэндийн яамны сайд Н.Удвал эрх биш мэдэж л баймаар юм.

Barimt-0

Barimt

Хууль бус халаа сэлгээнээс үүдэлтэйгээр салбарын санхүү, төлбөр тооцоо саатсан асуудал гараад  эмнэлгүүдээс утасдаад эхлэрээр ЭМЯ-ны удирдлагууд бурууг Сангийн яам руу чихээд сууж байсан сурагтай. Тэгээд бүр болохоо болихоор нь Төрийн сан руу аравдугаар сарын 8-нд албан бичиг бичжээ. Төрийн санд ирсэн бичиг нь гэж хөгийн. “Манай яамны Санхүү эдийн засгийн хэлтсийн Төрийн сангийн төлбөр тооцооны мэргэжилтэн Л.Байгальмааг ажлаас чөлөөлсөн Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 297 дугаар тушаалын хэрэгжилтийн хугацааг өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаа тул мэргэжилтэн Л.Байгальмаагийн төрийн сангийн нэгдсэн дансны системд нэвтрэх эрхийг сэргээж өгнө үү” гэжээ. Бас болоогүй “Дээрх асуудлыг хэрхэн шийдвэрлэснээ албан ёсоор мэдэгдэж, хамтран ажиллах болно” гэж төгсгөжээ.  Халсан ажилтнаа буцааж  авч байгаа гэсэн энэ бичигт ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяагийн гарын үсэг алга. Харин түүнийг орлож “-г Оюунчимэг” гэдэг хүн гарын үсэг зуржээ.  Харин төрийн нарийн Италид явж байгаа сурагтай.

Нэг тушаалаар зургаан хүн халж, салбарынхаа санхүү, төлбөр тооцоог гацаачихаад гадаад явчихсан төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа дарга ийм шийдвэр гаргахаасаа өмнө мэдээж сайдаасаа “добро” авсан л баймаар юм уг нь. Ажлаа мэддэггүй, хууль дүрэм журам гэдэг юмыг уландаа гишгэж байна гэдгийг  А.Эрдэнэтуяагийн энэ тушаал, бас араас нь төрийн сан руу явуулсэн энэ хоёр бичиг нь аяндаа батлаж өгч байна.

Дашрамд дурдахад, А.Эрдэнэтуяаг ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар томилогдсоны дараа  Төрийн албаны зөвлөлөөс түүнийг боловсон хүчний талаар шийдвэр гарах чадамжгүй гэдгийг анхааруулсан бичгийг Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хүргүүлж байжээ. Төрийн албаны зөвлөлийн энэ анхааруулга сануулгыг мөрдөхгүй А. Эрдэнэтуягаар бөөн бөөнөөр нь хүн халуулах тушаал гаргуулаад байсны хор уршгаас болж эмнэлгүүдийн данс хаагдаж, хүмүүс бухимдуулж чирэгдэж байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуягийн сонорт дуулгачихъя.


URL:

Сэтгэгдэл бичих