Сүхбаатар аймагт газрын тосны орд нээгдэх үү

Сүхбаатар аймагт газрын тосны орд нээгдэх үү

-Газрын тосны “Вульф петролеум” компани Талбулаг, Тосон толгойн талбайд 2D хайгуулын ажлыг амжилттай хийжээ-

Сүхбаатар аймгийн нутагт газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй Австралийн 100 хувийн хөр өнг ө оруулалттай “Вульф Петролеум” компани Тал булаг, Тосонтолгойн 174 миль2 /280 км2/ талбайд чичирхийллийн аргаар 2D нэмэлт судалгаа хийж дуусгажээ.

Чичирхийллийн судалгаа нь уян харимхай долгионы чулуулаг орчинд тархах физик шинж чанарт үндэслэдэг арга юм. Хайгуулын үр дүнд дээрх талбайд газрын тосны орд байж болохыг баталсан байна. Тэд 2D судалгааны нэмэлт хөтөлбөрийн хүрээнд 7500 гаруй дээж авч судалсан бөгөөд үр дүн нь орд байж болох найдлага төрүүлж байгаа аж.

Гэхдээ ирэх долоо хоногт ажлын үр дүн эцсийн байдлаар тодорхой болох гэнэ. Монгол Улсын Засгийн газар энэ оны нэгдгээр сард тус компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээнд гарын үсэг зурсан билээ. Хайгуулын ажлыг АНУ-ын WesternGeco, Sterling Seismic Services in the U.S. компани “Вульф Петролеум”- ын техникийн зөвлөх MHA Petroleum Consultants-тай хамтран гүйцэтгэжээ. MHA Petroleum Consultants нь газрын тосны хайгуул, ашиглалтын 30 гаруй жилийн туршлагатай бөгөөд “Вульф петролеум”- тай 2011 оноос хойш хамтарч ажиллаж байгаа аж.

“Вульф петролеум”-ынхан судалгааны нэгдсэн дүгнэлтийг энэ оны дөрөвдүгээр улиралд гаргаж, ирэх жилээс өрөмдөхөөр төлөвлөж байгаа юм байна. Хайгуул хийгдсэн SB блок нь Монголдоо газрын тосны хайгуул хийгдсэн анхдагч талбайн нэг бөгөөд нийтдээ 23 000 км2 талбайн 60 хувь нь буюу 12 000 км2 талбай нь газрын тосны орд, гүний усны нөөц байх өндөр магадлалтай гэж тооцогддог юм байна.

Сая судалгаа хийсэн Toсон Толгой (3500 км2) талбай нь орд илрэх өндөр магадлалтай, Дорнод Монголын нефтийн нэг гол ундарга болох боломжтой гэж тооцогддог. “Вульф петролеум” тус талбайд 14 жил хайгуул, 30 жил олборлолт явуулах гэрээтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа ажээ.

Монгол Улсын нутаг дэвсгэрт 1990-1992 онд газрын тосны хайгуулын 22 талбай байсан бол 2007 онд 28 болж нэмэгдсэн байдаг. Үүнээс Төхөм Х талбайг “хойд” ба “урд”, Цагаан-элс XIII ба Зүүнбаян XIV талбайн зарим хэсэгт “1997БХГ” талбайг ялгасан тул хайгуулын талбай 30 болж нэмэгджээ.

Дээрх 30 талбайн 21-д нь гадаад, дотоодын 16 компани “Бүтээгдэхүүн хуваах гэрээ” байгуулснаас нэг талбайн гэрээ дуусгавар болж, гурван талбайд газрын тосны олборлолт, 17 талбайд газрын тосны хайгуул хийгдэж байгаа юм. Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан компаниудын дөрөв нь дотоодын, долоо нь БНХАУын, тав нь Австрали болон бусад орны харьяалалтай байгаа юм.

Х.Батсайхан


URL:

Сэтгэгдэл бичих