Эмнэлгийн гадаа амаржсан Мексик эмэгтэй шуугиан дэгдээв

Эмнэлгийн гадаа амаржсан Мексик эмэгтэй шуугиан дэгдээв

Мексик улсад нэгэн эмэгтэй эмнэлгийн гадаах талбайд төржээ. Гэхдээ тэрээр эмнэлэгт хүрч чадалгүй замдаа төрчихсөн юм биш, харин эмнэлэгт хандсан ч түүнийг тоогоогүй учир гадаа зогсож байхдаа тэсгэлгүй төржээ.

Гурван хүүхдийн эх 29 настай Ирма Лопез төрөхийн өвдөлт өгсөн учир нөхрийн хамт харанхуй шөнө Оахака хот дахь гэрээсээ гарч олон цаг алхсаар Сан-Фелипе тосгоны эмнэлэгт ханджээ.

Гэтэл түүнийг “Төрөх хугацаа болоогүй, найман сартай байна. Тэгээд ч нэмэлт хүн хүч алга” гэж сувилагч зандрангуй байдлаар харьцан хүлээж аваагүй байна. Харамсалтай нь Испани хэлээр ярьсан сувилагчийн ярианаас “no” гэсэн үгнээс бусдыг нь хосууд ойлгоогүй аж. Тэд яах учраа олохгүй гадаа цаг гаруй зогсож байх зуур эмэгтэйн ус гэнэт гарч нөхөр нь сувилагч дуудах гээд эмнэлэг рүү оржээ.

Ирма Лопез хүлээж тэвчилгүй зүлгэн дээр өвдөглөн суугаад төрсөн байна. Харин эмнэлэгт оочер дараалал дунд зогсож байсан нэгэн хүн эмэгтэйн хашхирахыг сонсон гарч иржээ. Тэрээр үнэн байдлын зургийг авч хэвлэлийнхэнд хандсанаар шуугиан дэгджээ.

“Энэхүү үйл явдал Мексик улсад сүүлийн жилүүдэд эхийн эндэгэл өндөр хувьтай байгаа шалтгааныг маш товчхоноор нээн харууллаа” хэмээн хэвлэлийнхэн онцолжээ. Дээрх бүсгүйн амьдардаг Оахака хотын таван бие давхар эмэгтэй тутмын нэг нь эмнэлэгт төрдөггүй гэсэн судалгаа 2011 онд гарч байжээ.

Одоогоор эх хүүгийн биеийн байдал хэвийн байгаа бол тус эмнэлгийн дарга Адриан Рене Крусыг албан тушаалаас нь түдгэлзүүлжээ. Мөн Мексикийн Эрүүл мэндийн яамнаас хэргийн учрыг тодруулахаар албаны хүмүүсийг томилсон байна.


Б.Сондор /gogo.mn/


URL:

Сэтгэгдэл бичих