П.Хэнмэдэхийг Шархадны эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэсэн эмчийн дүгнэлт гарчээ

П.Хэнмэдэхийг Шархадны эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэсэн эмчийн дүгнэлт гарчээ

Эргэлзээ төрүүлсэн П.Хэнмэдэх Увс аймгийн Баруунтуруун суманд байрлах хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан байлдагч П.Хэнмэдэхийг дарамталж, зүү залгиулсан гэх дуулиан өнгөрсөн наймдугаар сард гарсан билээ.

Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 9-нд тус ангид хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч П.Хэнмэдэхийг гар утасны хулгайд сэрдэж, офицер Б.Баатар дарамталж, гурван зүү залгиулсан гэх мэдээлэл цацагдсан юм.

Анх энэ мэдээллийг сонссон иргэд хөөрхий цэргийг өрөвдөж, хөдөөний эгэл малчин эцэг, эхэд нь ч туслах тухай яригдаж байлаа. Учир нь П.Хэнмэдэх Хөвсгөлийн Цагаан-Уул сумын харьяат. Бага ангийн боловсролтой, бичиг үсэгт бүрэн тайлагдаагүй П.Хэнмэдэх цэргийн алба хаахаар анх удаагаа нутгийн дээс алхсан нь энэ аж.

Тиймээс ч эцэг, эхээсээ хол хүний нутагт цэргийн алба хааж байсан хөөрхий цэргийг тус ангийн офицерууд дарамталж, биед нь гэмтэл учруулсан талаар ч мэдээлэл цацагдсаныг уншигч та санаж байгаа биз ээ. Энэ мэдээлэл цацагдсаны дараа түүний аав А.Пүрэв-Очир манай нэр бүхий хэд, хэдэн хэвлэлд ярилцлага өгснөөр бүр ч даарин дээр давс нэмсэн явдал болсон юм. Түүний эцгийнх нь ярилцлага нийтлэгдсэнээр энэ хэрэгт офицер Б.Баатар буруутай нь бараг нотлогдсон мэт яриа иргэдийн дунд тархаад байсан билээ. Тиймээс ч ХХЕГ-ыг “арьсаа” хамгаалж, удаа дараа мэдэгдэл хийлээ, үнэн ялна гэдэгт иргэдийн санаа нэгдээд байв.

Нөгөөтэйгүүр П.Хэнмэдэхийг өөрөө зүү залгисан байх магадлалтай гэх жиргээ ч цахим ертөнцөд шуугиан тариад байсан юм. Харамсалтай нь П.Хэнмэдэх дахин зүү залгиснаар салхийг өөрийнхөө эсрэг эргүүлж орхилоо. Өөрөөр хэлбэл, офицерийн дарамтад орж, гурван зүү залгисан гэгдэж байсан П.Хэнмэдэх хугацаат цэргийн албаа үргэлжлүүлэн хааж байх хугацаандаа дахин зүү залгиснаар энэ хэрэг эргэлзээ төрүүлж эхэлсэн юм. Улмаар дэслэгч Б.Баатар үнэхээр түүнийг дарамталж, зүү залгиулсан уу гэх асуулт олон хүнд эргэлзээ төрүүлж байна.

Эргэлзээ төрүүлж байна гэхийн учир нь дээрх хэргийг Увс аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж буй. П.Хэнмэдэхийг шилжүүлж өгөх хүсэлтийг Увс аймгийн Цагдаагийн газраас ХХЕГ-т хүргүүлсэн байна. Энэ дагуу өнгөрсөн даваа гарагт хилийн 0164 дүгээр ангиас Увс аймгийн цагдаагийн газрын ажилтнууд авч явжээ. Тиймээс ч энэ талаар ХХЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Д.Баасанжаргалаас тодрууллаа.

Д .Баасанжаргал: П.Хэнмэдэх дахин зүү залгисан

-Байлдагч П.Хэнмэдэх дахин зүү залгисан гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ үнэн үү?
-Үнэн. Байлдагч П.Хэнмэдэх нь хилийн цэргийн 0164 дүгээр ангид алба хааж байхдаа дахиад зүү залгисан байсан. Тиймээс сая Увс аймаг руу шилжихээс нь өмнө рентгенд харахад зүү байхгүй байсан юм. Залгисан зүү нь гарчихсан юм шиг байна билээ. Яг үнэнийг хэлэхэд зүү залгисан тохиолдолд эмч нар нэг их тоодоггүй юм байна. Учир нь арвайн гурил зуурч, идүүлээд л гаргачихдаг гэсэн.

-Увс аймгийн цагдаагийн байгууллагаас П.Хэнмэдэхийг шилжүүлж өгөх хүсэлтийг танайд ирүүлсэн байна. Түүнийг хэзээ шилжүүлсэн бэ?

-Увс аймгийн цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулаад дэслэгч Б.Баатар нь П.Хэнмэдэхийг дарамталж, зүү залгиулсан гэдэг нь нотлогдсонгүй. Тиймээс энэ хүн цэргийн албанаас зайлсхийх зорилгоор өөрийн биед гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 280 дугаар зүйлд зааснаар сэжигтнээр тооцон саатуулахаар болсон тогтоолоо танилцуулсан. Хил хамгаалах ерөнхий газрын тушаал гарч, цагдаагийн байгууллагын хүсэлтээр шийдвэрлэсэн байгаа.

-Офицер Б.Баатар дарамталж, зүү залгиулсан, ХХЕГ-т удаа дараа захидал бичсэн ч хайхраагүй гэж аав нь ярьсан шүү дээ?

-Сүүлийн үед манай нийгэм нэг сонин донсолгоонд орчихоод байна шүү дээ. Өөрөөр хэлбэл, бурхнаар бөөлжлөө гэхэд итгэдэг болчихож. Бодит зүйлд итгэхийн оронд иймэрхүү цуу ярианд итгэдэг болчихсон байна. Офицер хүн ялангуяа шашны дээд мэргэжилтэй хүн гурван зүү барьчихаад бусдыг дарамталж байна гэдэг чинь эрүүл ухаанаар бодоод үзсэн ч ямар логикгүй асуудал шүү дээ. Нэгэнт л намайг Б.Баатар гэдэг хүн дарамталсан гэж гомдол гаргасан болохоор цагдаад хандахаас өөр аргагүйд хүрсэн. ХХЕГ-ын зүгээс ч тэр даруй үүрэгт ажлаас нь чөлөөлөөд энэ хэргийг цагдаагийн байгууллагад шалгуул гэсэн.

ХХЕГ-ын зүгээс ямар арга хэмжээ авсан гэхээр зөвхөн зүү залгиулахаас гадна өөр шалтгаан байсан уу гэдгийг судалсан. Зодсон, дарамталсан зүйл гаргасан уу гэдгийг судалсан юм. Мэдээж бидний хувьд офицерууддаа итгэж байгаа. Манайд хүн зодоод, зүү залги гээд зогсч байх тийм ухамсар дорой, эргүү хүн байхгүй. Яах вэ бухимдсан үедээ шанаадаад авах зүйл байхыг үгүйсгэхгүй. Бид П.Хэнмэдэхийн аавтай уулзсан. А.Пүрэв-Очир гуайтай уулзаж байхад “Бид хөдөөний харанхуй, бүдүүлэг хүмүүс. Манай хамаатны сэтгүүлч л энэ хэргийг чинь сенсаацлаад өгнө, дуулиан тарина гэсэн” гэж хариулсан. Тэгээд л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр энэ мэдээлэл цацагдсан. Гэхдээ тэр мэдээлэлд хоёр талын тэнцвэртэй байр суурь байгаагүй. Хэрэв мөрдөн байцаалтын явцад Б.Баатар зүү залгиулсан нь тогтоогдохгүй бол П.Хэнмэдэх давхар бусдын нэр хүндэд халдаж, гүтгэсэн гэдэг үндэслэлээр буруутгах юм.

-Цэргийн албанд мордсон эрчүүд маш их дарамтад байдаг талаар бишгүй л бичдэг. Иргэд ч ярьдаг. Хэд, хэдэн цэргийн амь нас хохирсон тохиолдол ч бий. Ингэхэд армид үнэхээр дарамт байдаг уу?
-Хэрэв та 18 насанд хүрсэн эр хүн мөн бол таныг төр авч байгаа юм. Түүнээс биш ХХЕГ, арми авдаггүй. Төр хуулиараа та насанд хүрсэн хүн бол эх орноо хамгаална гээд үүрэг болгочихсон байхгүй юу. Тэр үүргийнхээ дагуу тангараг өргөдөг юм.

Эр хүн гэдэг чинь эх орон дуудсан цагт бэлэн байх учиртай. Энд би зориуд нэг зүйлийг онцолмоор байна. Армид дэг гэдэг зүйл байдаг уу гэвэл байдаг юм. Дэг журам гэдэг зүйл аль ч байгууллагад байдаг. Тэр тусмаа цэргийн амьдрал тухайн хүнийг дэг, журамтай байхыг шаарддаг юм. Харин дэглэлт гэдэг зүйл социализмын үед байсан. Одоо бол байхгүй. Учир нь хугацаат цэргийн алба хаах хугацаа багассан. Нөгөөтэйгүүр армид цөөхөн хүн байна.

Тиймээс дэглэлт гэдэг зүйл байхгүй болсон юм. Харин дэгийн тухайд гэвэл сумын баар хэсээд, хээр хөдөө хонь хариулаад явж байсан нэг нөхрийг 06.00 цагт босгоод 23.00 цагт унтуулаад, босч, суухыг нь заагаад эхлэхээр дарамт юм шиг санагдаж байна л даа. Гэхдээ энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгч буюу зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн гаргасан журам шүү дээ. Армид ирсэн л бол энэ бүх дүрэм, журмыг дагаж мөрдөх ёстой. Харин энэ дэгийг зөрчөөд санаатайгаар өөрийнхөө биед гэмтэл учруулсан тохиолдолд хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэх ёстой. Энэ хэргийг Увс аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Хэн буруутайг нь хууль хяналтын байгууллага тогтооно.

Гэхдээ ний нуугүй хэлэхэд эцэг, эх нь зүү залгичихвал чөлөөлөгдчихдөг юм байх даа гэж бодоод байгаа байхгүй юу. Ингэчихвэл хүүг маань халаад чимээгүй өнгөрчих байх даа гэж ойлгоод байх шиг. Тэгвэл ийм зүйл байхгүй ээ. Аливаа хүн хуульд захирагдаж амьдардаг юм. Хүссэн хүсээгүй хуульд захирагдана. Миний хувьд шүүх хурал нь болоосой гэж бодож байгаа. Үнэхээр Б.Баатар нь гэм буруутай юм бол зохих ял, шийтгэлээ эдлэг. Эсвэл П.Хэнмэдэх хариуцлага хүлээх учиртай. Тэгэхгүй бол хэн дуртай нь зүү залгиж, бусдыг гүтгэчихээд бүхэл бүтэн байгууллагын нэр хүндэд халдаж байгаа нь өөрөө гэмт хэрэг шүү дээ.

-Б.Баатарын хувьд гэм буруугүй нь тогтоогдвол буцаад ажилдаа орох эрхтэй юу?

-Хэрэв үнэхээр гэм буруугүй нь тогтоогдвол ажилдаа буцаад ороход ямар ч асуудалгүй. Үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлсэн байгаа. Харин П.Хэнмэдэхийн хувьд манай мэдлээс гарсан. Тэр хүн гэмт хэрэг үйлдсэн учраас хууль хяналтын байгууллагын мэдэлд шилжсэн.

П.Хэнмэдэхийг Шархадны эмнэлэгт үзүүлэх байсан ч амжсангүй гэв

Харин энэ хэргийн талаар тодруулахаар Увс аймгийн цагдаагийн хэлтсийн байцаагч н.Алтангартаамтай холбогдоход “П.Хэнмэдэхэд эрүү үүсгэн шалгаж байна. Гэхдээ цагдан хорьсон зүйл байхгүй. Өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Ямартай ч өнгөрсөн зуны турш олны анхаарлын төвд байсан байлдагч, офицер хоёрын хэргийг Увс аймгийн цагдаагийн хэлтэс шалгаж байна. Хэрэв прокурор яллах дүгнэлт үйлдэн хянаад шүүхэд шилжүүлснээр хэн буруутай нь ял эдлэх нь ойлгомжтой. Гэхдээ энэ хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Харин энэ хэргийн талаар П.Хэнмэдэхийн аав А.Пүрэв-Очиртой холбогдоход “Хүүгийн минь биеийн байдал маш хүнд байсан. Даралт нь ихсээд, тархиндаа гэмтэл авсан байсан юм. Тэгээд Цэргийн госпитальд хэвтэн эмчлүүлж байсан. Гэтэл хүүг минь Увс руу аваад явчихсан байна. Би дөнгөж сая Увс аймагт ирээд байна. Одоо хүүтэйгээ уулзаж, хэрэгтэй нь танилцана. Миний хүү дахин зүү залгиагүй. Өмнө нь залгисан зүүнээс нь үлдсэн нь гэж бодож байгаа. Уг нь Шархадны эмнэлэгт үзүүлэх ёстой байсан боловч үзүүлж амжсангүй” гэв.

Хөвсгөл аймгийн харьяат Мөнгөнчимэг хэмээх бүсгүй бурханаар бөөлжиж дуулиан тарьсан. Харин одоо П.Хэнмэдэх зүү залгисан гэгдэж байгаа билээ. Тиймээс ч “металлд дуртай хөвсгөлчүүд” гэх хошин хэллэг цахим ертөнцөөр тархаад байгаа юм. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.

Х.Өнөржаргал


URL:

Сэтгэгдэл бичих