Санхүүгийн тайлангаа хоцроовол 960 мянгаар торгуулна

Санхүүгийн тайлангаа хоцроовол 960 мянгаар торгуулна

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс дүүргийнхээ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг энэ оны гуравдугаар улирлын тайлан тэнцлээ энэ сарын 20-нд багтааж ирүүлэхийг санууллаа.

Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд санхүүгийн тайлангаа сарын сүүлийн өдрүүдэд багтааж өгөх гэж хэт ачаалал үүсгэж, чирэгдэл бий болдог байна.

Энэ ачааллыг багасгахын тулд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд дүүргийн Засаг даргын Тамгын газарт өөрийн биеэр ирэхгүйгээр http://www.e-balance.gov.mn/ сайт руу нэвтэрч тайлангаа шивж, батлагдсан маягтын дагуу шуудангаар явуулж болно.

Шуудангаар илгээж буй тайлан тэнцлийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс гэж хаяглаад буцах хаягаа, шинэ дугтуйн хамт ирүүлэх шаардлагатай юм байна.

Учир нь дүүргийн Тамгын газрын Санхүү төрийн санд бүртгэсэн тайлан тэнцлийг тухайн хаягаар эргүүлж явуулдаг байна.

Дашрамд дурдахад, Тайлангийн хугацаа хоцроосон тохиолдолд Нягтлан бодох бүртгэлийн тухайн хуулийн 23.1.3-т заасны дагуу “Аж ахуйн нэгж, байгууллага улирлын санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн санхүүгийн тайланг дараа оны хоёрдугаар сарын 10-ны өдрийн дотор харилцагч санхүүгийн байгууллагад тушаагаагүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог” байна.

Харин одоо мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тайлан тэнцлийн баталгаажуулалтаа хугацаанаас нь хоцроосны торгуулийн хэмжээ 960 мянган төгрөг болж байна.

Д.Сүрэн


URL:

Сэтгэгдэл бичих