Хүн ам зүйн бодлогогүй Монгол улс
Жанчхүүгийн даваанаас нааш
Шаахайн мөр гаргахгүй
Жагар, Төвөдийн орноос
Гуутай бурхан залахгүй
Өвөг дээдсийн бодлогоос
Аль ч улсын төрийн бодлогын салшгүй нэг бол хүн ам зүйн асуудал юм. Улсын хүн ам, эх хэл бичиг, хил хязгаар бол тэр улсын оршин тогтнохын үндэс байдаг. Улс үндэстэнд хоёр үндсэн бодлого чухамдаа
Нэгд: ард түмний оршин тогтнох үндсийг байнга бэхжүүлэх.
Хоёрд: Улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах байдаг.
Үүний тулд хүн амын өсөлтийн түвшинг эдийн засаг, хөгжил, боловсрол, эрүүлжүүлэлттэй нягт холбоотой нарийн бодлогоор зохицуулдаг ажээ. Үүнийг л хөх толботой Монгол хүн бүр эр, эмгүй, хүүхэд нялхсгүй, хөгшин, залуугүй насан турхар хамгаалах ёстойдог, хамгаалж ирсэн түүхтэй дэг. Оросын судлаач И.Майскийн бичсэнээр 1918-1919 оны үед хаант засгийн Монголын хүн ам 647,8 мянга байсныг тэмдэглэсэн бөгөөд энэ тоо баримтаас өөр одоогоор тулгуурлан бариад авах материал ховор ажээ. Оросын эрдэмтэн Н. Пржеволыкий XX зууны эхээр “Байдал энэ хэвээрээ үргэлжлэх юм бол тавин жилийн дараа энэ нутагт Монгол хүн үлдэхгүй харин миний адуу л үлдэх бололтой” гэжээ. Хүн ам зүйн бодлогын гол хэсэг нь
-Хүн амын жилийн дундаж өсөлтийг бууруулахгүй байх
-Хүн амын бүтэц харьцааг зөв тогтоох
-Улсынхан хүн амын удамын санг хэвийн хадаглах
-Гэр бүл бүрэлдэн тогтох нөхцлийг бүрдүүлэх
-Хүнийг зөв төлөвшүүлэн хүмүүжүүлэх
-Нөхөн үржихүйн үндэс эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг сайжруулах байдаг.
Дэлхийн хүн амын өсөлтийн хандлага хөгжилтэй орнуудын хүн амын өсөлт буурч хөгжингүй орнуудын хүн ам хэт өсч байна. Дэлхийн хүн ам долоон тэр бум боллоо. Дэлхийн улс орон хүн амыг хоёр дахин өсгөхөд Кени улс одоогийн өсөлтөөрөө 20 жилд 2 дахин өсч 70 сая болох ахул Япон хүн амаа хоёр дахин өсгөхөд 200 жил шаардагдах жишээтэй. Африкчуудын хүн ам жилд 3-4 хувиар өсдөг бол хүүхэд төрүүлэхээ байсан орны ихэнх нь Европын улсууд байна. Богдын засгийн газар бас ч хүн амаа өсгөхөд анхаарч, монголчуудын удам угсааг хадаглах, хэвийн байлгах ялангуяа Хятад угсааны хүмүүстэй цус холилдуулахгүй байх талаар сүрхий анхаарч байжээ.
Монголын угсаатны гарал үүсэл, удам угсааг дээр үеэс уламжлан ирсэн угийн бичиг нарийн хөтлүүлэн хадаглаж байжээ. Манжийн төрийн үед Манж гүрэн охидоо Монгол ноёдод хатан болгох, эрчүүдээ Монгол эмэгтэйчүүдтэй гэрлүүлэх Монголыг уусган устгах Монгол нутгийг өөртөө байлгах бодлого хэрэгжүүлж байв. Бидний өвөг дээдэс үүний эсрэг сэрэмжлэн хариу арга хэмжээ авч байжээ. Гадаад Монголын төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичгийн 846 дугаар зүйл дэх “Хятад хүн Монгол эмэгтэйтэй гэрлэж болохгүй, гэрлэсэн байвал нөхрөөс нь салгаж төрхөмд нь буцаа! Хүчээр гэрлүүлэж Монгол хууль зөрчсөн Хятад иргэнийг тус бүр 3 сар дөнгөлж 100 удаа ташуурдан Хятад иргэнийг нутагт нь хүргүүл! Уг эмэгтэйг захирах тайжийг 27 малаар торгож, 6 сарын цалинг нь хас. Хэрвээ харьяат тайж, засаг ноён нь уг хэргийг илэрүүлсэн бол ялыг хэлтрүүл” гэсэн заалт юм.
Гэвч Хятадууд олноор Монголд ирэх болсон үеэс энэ хууль алдагдаж зөрчигдөж эхэлжээ. Үүнийг таслан зогсоохын тулд Богд хаан 1913 оны 6 сарын 17-нд Монгол ноёдыг Хятад эмэгтэйчүүдтэй гэрлэхийг хориглосон зарлиг гаргажээ. Энэ зарлигийг Бүгд ерөнхийлөн захирах яам хүлээн аваад Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаас илгээсэн бичиг Үндэсний төв архивт байна.
Тэр бичигт “Эдүгээ манай Бүгд ерөнхийлөн захирагч яаманд Дээд зарлиг буулгасан нь Монгол олон, хан, ван, бэйл, бэйс, засаг нар Хятад хүн лүгээ ураг барилдаж богтолж үүрд болохгүй болгогтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж хянаваас ер Монгол хууль бичигт Монгол иргэн хүн харилцан ураг барилдахыг цаазалсан зүйл бий боловч өдөр удаж, хаяа ёсыг цалгардах, хэлхээг самууруулах нь буй тул одоогийн буулгасан Дээд хуучин хуулийг журамлан дагаж, хичээнгүйлэн дагаж шийтгүүлвээс зохих, үүнийг дөрвөн аймгийн Чуулган дарга, жанжин нарт тушаан явуулсан бичиг хүрмэгц зарлигийг хичээнгүйлэн дагаж, уламжлан харьяат захирсан олон газраа зарлан тушааж, үүрд журамлан шийтгүүлсүгэй! Ийнхүү цаазалсныг хаяа зөрчигсөд буй аваас саадгүй Дээд зарлигийг зөрчсөн хүнд нэгэн зүйлийг дагуулан, ял хэлэлцэх явдлыг сайтар уншуулан тушаасугай. Үүнийг бас Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаа явуулаад байцаан үзүүлсүгэй. Үүний тул илгээв. Олноо өргөгдсөний гуравдугаар он таван сарын 14 гэжээ.
Богдын засгийн үед даа лам Цэрэнчимэд хүн амыг өсгөхөд нилээд анхаарал хандуулаж байжээ. Монголын ардын хувьсгалын жилүүдэд төлөвлөгөөт эдийн засгийн үед олсон том амжилт бол Монголын хүн ам гурав дахин өссөн ололт юм. 1918 онд Монгол улс XX зууны анхны тооллогоор 647,5 мянган хүнтэй байжээ. 1935 онд 1921 оны Ардын хувьсгалын дараах анхны тооллогоор 738,2 мянган хүнтэй болж 15 жилийн дотор 90,7 мянган хүнээр өссөн буюу жилийн дундаж өсөлт 0,8% байжээ. 1944 онд дайны жилүүдэд хийсэн тооллогоор 754,2 мянга, 1956 оны олон улсын аргачлалыг хэрэглэн явуулсан тооллогоор 845,5 мянган хүнтэй болжээ.
Монгол улсын түүхэнд 1935-1999 оны хооронд хүн амын жилийн дундаж өсөлт 0,3% болж хамгийн бага өсөлттэй жилүүд байлаа. 1956 онд нийт хүн амын 21,6 % нь хотод, 78,4 % нь хөдөө амьдарч байлаа. 1963 онд цахим тооцоолуур анх удаа ашиглаж 1017,1 мянга хүн, 1969 онд 1197,6 мянга, 1979 онд 1595,0 мянга, 1989 онд 2099,0 мянга, 2000 онд зах зээлийн эдийн засагт шилжих үед хийсэн анхны тооллогоор 2044,0 мянга, 2010 онд 2754685 хүнтэй болжээ. Энэ 2013 оны 7 сард 2900000 дахь иргэн мэндэлжээ. Хүн амын жилийн дундаж өсөлт 1940 оны II хагаст 1,50 – 2,00, 1956-1963 онд 2.70, 1963-1969 онд 2.75,1969-1979 онд 3.25, 1979-1989 онд 2.80, 1996 онд 1.5, 1992 онд 1.9, 2000-2010 онд 1.4 болжээ. 1969-1979 онд өсөлт хамгийн их 3.25 байснаа, 1990 оны үед 1.4 болтлоо унаж, хүн ам өсөлтгүй болжээ.
1921-1990 он хүртэл ардын засгийн газраас авч явуулсан нийт Монголын хүн амын эрүүл мэндийг сайжруулах, элдэв өвчнөөс сэргийлэх, хүн амын эрүүл, эрүүл ахуйн соёлыг дээшлүүлэх халдварт өвчнийг бууруулах устгах, Монголын хүн амыг орчин үеийн боловсролтой болгох зорилтуудыг дэс дараалалтай тавиж хэрэгжүүлсэн, эмнэлэгийн тусламж, боловсролыг дэлхийн нэн хөгжилтэй орнуудтай адил үнэ төлбөргүй үзүүлсний улмаас үүнийг дагалдан хүн амын тоо, өсөлт тууштай нэмэгдсэн юм.
Олон хүүхэдтэй эхчүүдэд мөнгө олгох, олон хүүхэдтэй өрх гэрийн хүүхдээс нэгийг сургууль улсаас үнэ төлбөргүй хооллох, үр хөндөлтийг хориглох зэрэг бодлого зохих нөлөө үзүүлсэн ажээ. Гэтэл Монголын хүн ам 2000 онд 2,4 сая байсныг 11 жилийн хугацаанд зөвхөн 300,000 гаруйхнаар өсжээ. 1990 оноос төрөлт огцом буурч, 1990 онд 74.8 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оныхоос 3.2 мянгаар буурчээ. Бууралт үргэлжлэн 1991 онд төрсөн хүүхэд 1990 оныхоос 3.9 мянгаар, 1993 онд 13 мянгаар цөөрчээ. Дөрөвхөн жилд төрөлт 30 жилээр ухарч 1965 оны түвшинд хүрсэн байна. Хүн амын өсөлтийг бууралтын хариуцлагыг хэн хүлээх вэ? Үүнийг хариуцах засаг, төр, эзэн бий юу? Хүн амын өсөлтийн бууралтад доорхи зүйлүүд нэн муугаар нөлөө үзүүлэв.
1.Хүн ам зүйн зохистой бодлогыг төр засгаас огт явуулалгүй, хүн ам зүйн бодлого огт мартагдсан.
2.Монгол эмэгтэйчүүдийг хүүхэд төрүүлэхгүй ерөндөглүүлэх ажлыг эрүүлийг хамгаалах яамны хэсэг хүмүүс гадаадаас валют авч бүх улсыг дөрвөн хэсэг болгон богино хугацаанд төрөх насны эмэгтэйчүүдийг ерөндөглүүлсэн.
3.Үр хөндөлтийг чөлөөтэй болгосон.
4.Бэлгийн замын халдварт өвчин хяналтгүй болж хэт ихэссэн.
Төрөх насны эмэгтэй 1980 оны дундуур зургаан хүүхэд, 1985 онд 5 хүүхэд төрүүлж байснаа 1990 он гарсаар буурч 1997 онд 2.4 болжээ.
Нэг: Хүн ам зүйн бодлогогүйн хор уршиг, үр дагавар
Улсын хөгжлийн түлхүүр бол хүн амын өсөлт бөгөөд зарим гадаадын эрдэмтдийн судалгаагаар аль нэгэн улсын хөгжлийн дугуй нь хүн ам нь 4 саяас багагүй байж эргэдэг гэж үздэг. Хүн амзүйн зохистой бодлого огт байхгүйгээс нөхөн үржихүйн насны хүмүүс эх орноосоо гадаадад гарах, амьдралын хэт ядуурлаас болж хүүхэд төрүүлэхгүй болох, төрүүлсэн хүүхдээ тэжээж, өсгөх чадваргүйчүүд эрс нэмэгдэж нийт хүн амын 50% ядуу амьдралтай болсон зэрэг Монголд нөлөөлөж байна.
Засаг төрийн ямарч хяналтгүйг ашиглан эрүүл мэндийн яамны хэсэг нөхөд хүн амын хэт өсөлттэй Хятад, Энэтхэг, Пакистан явуулдаг хүн цөөрүүлэх бодлогыг хуулбарлан нөхөн үржихүйн эрүүл мэнд гэсэн төсөл гадаадын хөрөнгөөр явуулж өөрсдөө доллараар цалинжин шинэ машин тэрэг хөлөглөн улсын хэмжээгээр хэд хэдэн бүлэг гарган маш богино хугацаанд 2-3 жилийн дотор хүүхэд төрүүлдэг байсан хөдөөгийн бүх эмэгтэйчүүдэд ерөндөг тавьж хүүхэд төрүүлэхгүй болгосон том алдаа одоо болтол засагдаагүй. Ерөндөгийг эмэгтэйн саванд хамгийн дээдээр 3 хүрэхгүй жил болгоод савыг гадны биес чөлөөлөн эрүүлжүүлэх шаардлагатай.
Гэтэл одоогийн байдлаар ерөндөг тавиад мартчихсан, энэ талаар эрүүл мэндийн байгууллага юу ч хийгээгүй, хийж ч мэдэхгүй байна. Ерөндөг удаад савтай наалдах, эмэгтэйчүүдэд дааврын өөрчлөлт гаргах хор нөлөөтэй. Ерөндөгжүүлсэн явдал дор”хаяад” хоёр сөрөг нөлөө үзүүлсэн.
Нэгдүгээрт: Хүн амын өсөлт нөхөн үржихүй буурсан
Хоёрдугаарт: Завхайралыг ихэсгэсэн болой.
2010 оны байдлаар 2,7 сая иргэдээс 107,140 гаруй мянган иргэн гадаадад амьдарч 30,000 иргэн Монгол улсын харьяаллаас гарчээ. Эдгээр иргэд бол нөхөн үржихүйн ид насны хүмүүс шүү дээ. Гадаадад Улаанбаатар хотоос 85758, Дархан хотоос 3978, Орхоноос 3581, Баян-Өлгийгөөс 2824 байгаагаар тоологдож байна. БНСУ-д 27.6 мянга, АНУ-д 15.9, Хятад, БНСУлсад тус бүр 6.8, Японд 5.0, Оросод 4.7 мянган ажиллаж, амьдарч байна.
Монгол хүний удмын санг хэвийн байлгахад гадаадын Монголд байх иргэдийн тоог хянаж байх ёстой. Бид 1990 онд судалгааны бүлэг эрдэмтдийн хэсэг гарган (бичигч оролцсон) хүн ам зүйн талаар төрөөс баримтлах чиглэлийг боловсруулахдаа жилд 1,000 орчим хүн гадаадаас Монголд оруулж болох тооцоог гаргаж өгсөн билээ. ЭМЯ-ны тоогоор 2006 онд 133,191 эх, 2012 оны байдлаар төрөх насны 122,447 эмэгтэйчүүд ерөндөгтэй байна. Гэтэл 2011 оны 8 сарын байдлаар Монголд 120 орны 44,409 гадаадын иргэдээс бүртгэгдсэн зөвшөөрөлтэй Хятад иргэн 29,340 гаруй (цаана нь бүртгэлд ороогүй үүнээс 1-2 дахин илүү бий гэдэг) байна.
Жанчхүүгийн даваанаас нааш шаахайн мөр гаргахгүй байсан өвөг дээдсийн бодлого хаачив? Эсвэл төр засгийн удирдлагад гарсан цөөнгүй хүмүүс Хятадчилах бодлого явуулаад байна уу? Хэрвээ бурхан гэж байдаг бол бурхан л мэдэх байх. Хятадаас айдаггүй цорын ганц улс бол Монгол мөн. Зуу гаруй сая хүнтэй Япон улс Хятад хүнийг суурьшуулан суулгахгүй хуультай байхад 2.9 сая хүнтэй Монгол өдөр бүр 70-80 цэвэр Хятадыг урин авчирч байна. Хятад хүний толгой дээр нар жаргадаггүй болсон.
Хятадын хүн амын илүүдэл хахсан үед бидэнд сэрэмж хэрэгтэй бус уу! Монголчуудыг хооронд нь гэр бүл болоход зөвлөгөө заавар, зуучлал хийдэг нэг ч газаргүй атлаа гоо бүсгүйчүүдээ гадаадад гаргадаг, гадаад хүнтэй суулгадаг хичнээн байгууллага байна вэ? Монгол удмаа цэвэр ариун байлгах, хөх толбот монголоо монголоор байлгахад Монгол охидууд гол үүрэгтэй. 1990 оны судалгаагаар гадаадад суралцагчдын 70% охид, түүнээс 10% гадаад хүнтэй бэлгийн харьцаанд ордог 0.8% харь хүний хүүхэд төрүүлдэг гэжээ. 2011 оны байдлаар зөвхөн 2007 оноос хойш 81 орны 6,128 гадаадын иргэдтэй гэрлэсэн бол энэ хооронд 476 хүн гэрлэлтээ цуцлуулжээ.
Үүнээс Солонгос хүнтэй 4534, Япон хүнтэй 393, Хятадын 367 иргэнтэй албан ёсны гэр бүл болжээ. Хятадуудын ихэнх нь гэр бүлээ ёсоор бүртгүүлэхгүй, аль нэгэн улсад очсон Хятад хүн хүйсэнд нь цусаа тарьж хөрсөнд нь тариа (үр)-гаа тарь гэсэн Күнзийн сургаалаа биелүүлсээр ажээ. Бид хол явахгүй сайхан авууштай жишээг Баян-Өлгийгөөс авмаар байна. Казах охидыг харийн хүнтэй суулгахгүй ариун журмаа эрдэмтэн, сэхээтэн, их хурлын гишүүдээсээ эхлээд энгийн ард түмэн нь баримтлан хүндлэн хэрэгжүүлсээр байна шүү дээ.
Монголд хүн амзүйн зохистой бодлого бүрмөсөн тасарснаас Монгол гэр бүлийн уламжлалт хэв шинж алдагдан хамтран амьдрагч, гэрээт, ижил хүйстний, олон соёлт, улс, аймаг дамнасан гэр бүл бий болж Монгол гэр бүлийн хувьд задрал явагдаж байна. Монголчууд хоорондоо гэр бүл болох цөөрч байна. 2010 онд 742,700 өрхтэй байжээ. 2009 онд 33,606 хос гэрлэлтээ бүртгүүлэн 2,459 хүн гэр бүл салсан бол 2010 онд гэр бүл бүртгүүлсэн голомт 8,778 болж 24,831-ээр цөөрснийг юу гэж ойлгох вэ?
Энэ онд салсан гэр бүл 780-аар нэмэгдэж гэр бүлээ бүртгүүлсэн 5 гэр бүл тутмын нэг гэр бүлээ цуцлуулжээ. Гэр бүл цуцлалт 2005 оноос хойш 2 дахин нэмэгдэж гэр бүлээ бүртгүүлсэн хосын тоо эрс цөөрчээ. Гэр бүл салалт 2007 онд 1757, 2008 онд 1901, 2010 онд 3054 болжээ. Өдөрт дундажаар 10 хос гэр бүл салж байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо 2012 онд 180 мянга болоод байна. Хүүхдийн төрөлт хэрхэн буурсныг үзүүлье.
-1980 оны үед 120,000 хүн жирэмсэлж 90 гаруй мянган хүүхэд мэндэлдэг байсан юм. Улсын статистикийн газрын мэдээгээр 1989 онд 73,593 хүүхэд төрснөө 10 жилийн дараа 1999 онд 49,661 болж бараг 2 дахин цөөрчээ. 2003 онд 44,928 хүүхэд мэндэлсэн бол, 2009 онд 68762, 2010 онд 63270, 2011 онд 69853, 2012 онд 74778 хүүхэд тус тус төржээ. Бараг 30 жилийн дараа 1989 онд төрсөн хүүхдийн тоонд хүрчээ. Хүн амын өсөлт нь ийм богино хугацаанд ингэж доошилсон орон дэлхийд бараг гараагүй аж.
Хоёр: Үр хөндөхийн нөхөн үржихүйд үзүүлэх хор холбогдол
Ж.Батмөнхийн засаглалын үед хүн амзүйн бодлого бараг мартагдаж бүр 1989 оны 12 сард АИХ-ын тэргүүлэгчдийн 200-р зарлигаар үр хөндөлтийг чөлөөтэй болгожээ. Энэхүү өгүүллэгийг бичигч эрүүлийг хамгаалах яаманд энэ асуудлыг хариуцсан орлогч сайд байхдаа зарим хүмүүс гадаадад туршлага судалсан чинь үр хөндөлтийг чөлөөтэй болгосон орон байна, манайд мөн ийм болгоё гэж хэлж ярих, садар, самуунд дуртай том дарга нар ч шаарддаг байсан. Тухай бүрт зохих тайлбарыг өгч үр хөндөлтийг чөлөөтэй болговол хүн амын өсөлт, эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд нэн муу нөлөө үзүүлэхийг тайлбарлаж, бичгээр хүртэл хариу өгч байлаа. Үр хөндөлтийг чөлөөтэй болгосон зарлиг бол Монголын эрүүлийг хамгаалахын түүхэнд гарсан хар толбо гэдгийг миний бие удаа дараа бичиж, телевиз, радиогоор ярисан билээ.
Төр хүн амаа яаж өсгөж тоог олшруулах талаар, хүн амзүйн бодлого огт мартагдав. Хүнээ өсгөх нь битгий хэл одоо байгаа хэдийгээ яаж хамгаалах, хайрлахад анхаарахгүй болов. Хоёр гуравхан жилийн өмнө 1700 гаруй гудамжны гэгдэх хүүхэд байсан, тэд нар одоо хайчив, бүгд ажил, сургуульд оров уу! Одоо тэд хаана байна? Хариу өгөх эзэн байна уу? Хүний наймаачдын гарт орчихов уу? Эмэгтэйчүүдийн хүүхэд төрүүлэх нөхцөл бололцоог сайжруулах, олон хүүхэдтэй эхчүүдэд эдийн засгийн туслалцаа үзүүлэх ажил үгүйлэгдэж байна. Орос улсад хүн амзүйн бодлого нь энэ хэвээр байвал хэдэн жилийн дараа хүн ам нь 50 саяар буурах тооцоо гарсныг анхаарч хүүхэд төрүүлсэн эхийг 2 жил цалинтай чөлөө өгч хүүхдийн хоол тэжээлийн үнийг бууруулж 3 хүүхэдтэй өрхөд байр үнэ төлбөргүй олгох болсноос хойш төрөлт нь илт өслөө.
Монгол хүний удмын санг хэвийн байлгах талаар огт анхаарахгүй тусгай бодлогогүй байна. Монгол хүний удмын сангийн хуультай болох цаг нь хэдийнээ боллоо. Эрүүлийг хамгаалах яамны түрүүчийн ажиллаж байсан хүнээ муу хэлж, өөрсдөө юм хийсэн хүн болож харагдахыг хүсэн зарим хүмүүс үр хөндөлтийг чөлөөтэй болговол нялхасын эндэгдэл эрс буурна, бас жендерийн асуудалд Монгол анхаардаг гэж олон улсад үнэлэгдэнэ гэж хэт дуулиантайгаар үр хөндөлт хүсдэг дарга нарыг сонгон авч энэ зарлигийг гаргуулсан юм. Энэ зарлиг шиг хурдан гарсан зарлиг байхгүй юм гэдэг. Үүний амьд гэрчийн нэг нь би бөлгөө. Монголын орчин үеийн их соён гэгээрүүлэгч Л.Түдэв дордохын долоо гэж Монголчууд цээрлэдэг долоон А-гийн аюулын тухай бичихдээ: Ажилгүйдэл, Архидалт, Алт мөнгөний шунал, Амрагийн завхайрал, Албаны хэнээ, Авилга, Аборт гэжээ.
Аборт гэдэг үг Монгол эмэгтэйчүүдийн, монголчуудын амны уншлага болоод удлаа. Манай эмэгтэйчүүд жирэмсэн болвол сүүлийн үед мэс засалаар төрөх тун олширлоо. Эмэгтэй хүн чинь жирэмслэдэг, хүүхдээ төрүүлдэг газраараа төрүүлдэг байгалиас заяасан хуультай биз дээ. Байгалийн журмаар төрвөл бэлгэ эрхтэн (эмчиргэ) сунана, томорно, урагдана, хэлбэр гальбараа алдана (өдөр бүр ил харуулж явдаг эрхтэн үү) гэсэн буруу цуурхал эмэгтэйчүүдийн дунд их таржээ. Уул нь Цезарийн хагалгаа гэдгийг Орос хэлнийхээ дүрмээр Кесеровын гэж нэрлэснийг бид Хийсвэрийн хагалгаа хэмээн хэвлэлд бичих боллоо. (Үүгээр бүх юманд нэршээд тогтвол болохгүй газаргүй мэт Ж.Р.)
Үр хөндөх, хөндүүлэхийн хор холбогдлыг үгээр хэлээд ч барахгүй хортой бас нүгэлтэй ажилбар мөн. Үр хөндөж байгаа хүн бол өөрийгөө үгээр, хүчээр хамгаалж үл чадах амьтныг санаатайгаар алж байгаа цаазын ял үйлдэгч мөн. Үр хөндөгч, хөндүүлэгч хоёр бол хуйвалдан улсынхаа эдийн засгийн өсөлт, хөгжлийн эсрэг гэмт хэрэг үйлдэгчид, хуулиар хамгаалагдсан гэмт хэрэгтэн байдаг. Эмэгтэй хүн үр хөндүүлэхэд эмэгтэй хүний дааврын бүх зохицуулалт алдагдан савны хана нимгэрэн өөрчлөгдөн, дааврын ерөнхий түвшин буурч өвчин тусамтгай, насан туршдаа үргүйдэлтэй болох эрсдэл тун өндөр болно.
Ялангуяа анхан жирэмслэлтээ үр хөндүүлсэн үед энэ эмгэг тун олон тохиолддог. Монголд жилд 1,000 орчим насанд хүрээгүй охидууд үр хөндүүлдэг баримт байдаг. 15-19 насны охидын үр хөндөлт бүх үр хөндөлтийн 1% буюу 1500-1800 гаруй байна. Саванд ургаас ямар нэгэн жижиг хэсэг ч үлдсэн хамгийн хортой хавдар болон түргэн хугацаанд бусад хавдартай зэрэгцүүлэхэд үсэрхийлэн тардаг.
Энэ хавдар хамгийн түргэн явцтай эмчилгээ бараглаж авдагүйд тооцогддог. Үр хөндөлтийг чөлөөтэй болгосон зарлиг гарсны дараах хоёр жилийн үр хөндөлтийн байдлыг үзүүлье. 1991 онд 109,617 эмэгтэй жирэмслэснээс 71030, (67%) эх төрж, 31273, (28.4%) эх үр хөндүүлж 7367, (16.7%) эх зулбажээ. 1992 онд 95805 эх жирэмсэлж 63384 (66.2%) эх амаржиж, 28103 (29.3%) жирэмсэн эх үр хөндүүлж, 4358 (4.5%) эх зулбажээ. Монголын эрүүлийг хамгаалахын түүхэнд гараагүй үр хөндөлт, жирэмсэн эхчүүдийн (28.4-29.3%) бараг 30% ургаа авхуулжээ. 1991 оныг 1992 онтой харьцуулахад төрсөн хүүхдийн тоо 6646-аар цөөрсөн ажээ.
Үр хөндөлт 1,000 жирэмсэн эхэд 1991 онд 440, 1992 онд 443, 1999 онд 262, 2000 онд 177, 2002 онд 175, 2008 онд 150, 2000 онд хийсэн судалгаагаар анхны үр хөндөлт 53.6%, хоёр дахь 23%, гурав дахиа 12.7%, дөрөв дэхээ 5.4%, тав дахиа 5.3 үр хөндүүлжээ. Монголд үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 47% хоёроос дээш удаа, 10% дөрвөөс дээш удаа үр хөндүүлсэн ажээ. Дэлхийд хамгийн олон тоотой үр хөндөлттэй оронд Орос, Монгол хоёр хэдэн жилийн өмнө бичигдсэн байна. Хятад улс үр хөндөлтөөс айж байна гэсэн нь энэ оны Хятадад төрөх насны 1000 эмэгтэйд үр хөндөлт 24 болж Хятадын засгийн газрыг айлгаж байна гэжээ.
Энэ үзүүлэлт Оросод 50, АНУ-д 15, Испанид 12 байгаа аж. Монголд төрөх насны (15-45 нас) эмэгтэйчүүдийн дунд ЭМЯ-ны мэдээлснээр 2003-2007 онд эмэг-тэйчүүдийн 77% нь дээрх хугацаанд нэг удаа, 19% хоёр, 4% 3-аас дээш үр хөндүүлжээ. Монголд үр хөндөлт 1991 онд 31217, 1992 онд 28103, 1996 онд 15585, 1997 онд 12870, 1998 онд 9135, 2001 онд 12056, 2002 онд 9977, 2003 онд 10412, 2004 онд 8919, 2005 онд 9064, 2006 онд 12594, 2007 онд 15817, 2008 онд 10688, 2009 онд 12602, 2010 онд 12492, 2012 онд 18473 дунджаар жилд 15,000 эх үр хөндүүлдэг гэсэн статистикийн мэдээ ЭМЯам гаргажээ.
Одоо эмэгтэйчүүдийн 78.1% жирэмслэлтээ амьд төрөлтөөр, 14.4% нь үр хөндөлтөөр, 6.3% нь амьгүй төрөлтөөр, 1.1% нь зулбалтаар төгсөж байгаа нь 2003 оны үетэй адил хандлагатай байна. Насны байдлаар үр хөндөлтийг авч үзвэл хамгийн бага нь 15-19 насанд 1.0%, 20-24 насанд 14.3%, 25-25 насанд 25.2, 30-34 насанд 33%, 35-39 насанд 26.4%, 40-44 насанд 15.8%, 45-49 насанд 3.8% байжээ. Үр хөндүүлсэн 26% нь нэг хүүхэдтэй, 37% нь хоёр хүүхэдтэй, 11% гурваас дээш хүүхэдтэй, 6% хүүхэдгүй байжээ.
Судалгаагаар үзэхэд үр хөндүүлэх буурч байгаан эсрэг тал харагдаж байна. Үр хөндөлтийн бас нэг хортой нөлөөлөл бол ерөндөгтэй адил биеэ үнэлэх, янхандалт, завхайрал задгайруулан өсгөж байгаа юм. Эдгээр үр хөндүүлэх аргыг овжин ашиглаж хуурамч голдуу Хятадаас оруулан ирж зах дээр зарж эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хохироох нь цөөнгүй байна. Үр хөндөлт хүний нөхөн үржих, өсөлтийг бууруулах, эмэгтэйчүүдийг хүүхэд төрүүлэхгүй, элдэв эмгэгтэй болгох, тэдний эрүүл мэндийг гоц муутгахаараа хүн амын өсөлтөнд сөрөг нөлөөлдөг.
Гурав : Монголын хүн амзүйн зохистой нөхцөлд хортой нөлөөлсөн бусад хүчин
Хүн амзүйн бодлогын зохистой эсэхийн үзүүлэлтийн нэг бол дундаж наслалтын нэмэгдэлт байдаг. Дундаж наслалт 1990 онд 60.5 байгаагаас 2012,онд 68.5 (эрчүүд 64.9, эмэгтэйчүүд 72.2) болж 8 нэгжээр нэмэгдсэн нь тун хангалтгүй тоо юм. Дундаж наслалт зохистой өсөхгүй байсан нь Монголд байгалийн бус үхэл өндөр байгаатай холбоотой.
Байгалийн бус нас баралтыг үзүүлвэл: Зам тээврийн ослоор 2008 онд 499, 2009 онд 427, 2010 онд 491, 2011 онд 549, 2012 онд 593 (5 жилд 2559), амиа хорлох 2008 онд 408, 2009 онд 443, 2010 онд 459, 2011 онд 444, 2012 онд 482 бүгд 2236, бусдад хорлогдсон, алуулсан 2008 онд 259, 2009 онд 264, 2010 онд 288, 2011 онд 289, 2012 онд 271 бүгд 1371, бусад осол 2008 онд 1.151,2009 онд 1114,2010 онд 1421,2011 онд 1696, 2012 онд 1719 бүгд 7101 байжээ. Сүүлчийн 5 жилд нийт 81,993 хүн нас барсны 13,267 хүн зуурдаар энджээ.
Бүх нас баралт тоон үзүүлэлтээр жишээлбэл 1991 онд 17437, 1992 онд 17360, 2008 онд 15115, 2009 онд 15552, 2010 онд 17276, 2011 онд 17127, 2012 онд 16923 байжээ. 2008 онд зуурдын нас баралт бүх нас барагсдын 15.5%, 2009 онд 14.8%, 2010 онд 15.3%, 2011 онд 17.3%, 2012 онд 18.1% болж жил бүр нэмэгдэж байна. Эрүүл мэндийн яамны мэдээгээр нас барсан 1,000 эрчүүдийн 490 нь зуурдаар энджээ. Нийт нас баралтын бараг 20% байгалийн бус эндэгдэл эзэлж байгаа хүн амзүйн зохистой бодлогогүйн тодорхой баримт мөн. Нэг жилд хүний гарт амиа алдагсдын (Халх голын дайнд Монголын 237 хүн, 1945 оны дайнд 78 хүн алагджээ)
Халх голын байлдаанд үрэгдсэн цэрэг эрсийн тооноос хол давжээ. Байгалийн бус нас барагчид бараг бүгд залуучууд байна. 0-1 насны хүүхдийн эндэгдэл, зуурдын нас баралт хоёр улсын нийт хүн амын дундаж наслалтанд шууд нөлөөлдөг. Манай улс сүүлчийн хорин жилд тухайлбал 1990 онд наслалт 60.5 байсан 2011 онд 68.5 болж зөвхөн 8 нэгжээр нэмэгдсэн нь нэн хангалтгүй тоо гэдгийг нэгэнт хэлсэн. Тодорхой дурьдвал 2012 онд 68.7 үүнээс эмэгтэйчүүдэд 74.3, эрчүүдэд 64.9 байна.
Гэтэл дэлхийд нэгдүгээр байранд урт наслалтаар 93.77-тай Монако улс оржээ. Хүн амын өсөлтөнд сөрөг нөлөөлж буй хүчин зүйл архидалт, бэлгийн замын халдварт өвчин нэмэгдэх хоёр бас ордог. Монгол эрэгтэйчүүдийн 39% архи хэтрүүлэн хэрэглэдэг бөгөөд тэдний 14% архинд хэт донтсон ахул эмэгтэйчүүдийн 10% архи уудаг тоо байдаг. Монголд 30,000 орчим оюуны хомсдолтой хүмүүс буйн 20% нь архины шалтгаантай байдаг.
Нэг хүнд ноогдох архины хэмжээ 8-9 литр хүрвэл үндэсний хэмжээний аюул хэмээн үздэг олон улсын жишиг бий Монголд 18 дээш насны нэг хүнд 36,4 литр согтууруулах ундаа ноогдож байгааг 38 градусын архинд шилжүүлбэл нэг хүнд 28 литр архи ноогдож байна. Монголд архи хүнээ уудаг шат аль хэдийнээ үүсжээ. Энэ талаар үүнийг бичээч 20 гаруй жил олон сэтгүүл, сонин хэвлэлд бичсэн, ярьсан авч үүнийг анхаарах хүн огт алга.
Монголд 1988 оныг 1998 онтой харьцуулахад бэлгийн замын халдварт өвчин 1.6 дахин, сүрьеэ 1.4 дахин өсөж, төрөлт 1.6 дахин буурсан байдаг. Бэлгийн замын халдварт өвчин ДОХ жил бүр нэмэгдэж байна. Энэ бүхэн хүн амын өсөлтөнд муу нөлөө үзүүлж байна. ДОХ 1992, 1997, 2001, 2003, 2004 онд тус бүр 1, 2005 онд II, 2006 онд 9, 2007 онд 11, 2008 онд 13, 2009 онд 13, 2010 онд 21, 2011 онд 17, 2012 онд 27, 2013 онд 14 бүгд 122 болжээ.
Нэг ДОХ-той өвчтөний цаана 4-5 өвчтөн байх магадлалаас үзвэл лав 1000 шахам ДОХ-той хүн Монголд байх магадлалтай. Төр засаг хэлээ, хилээ, хүнээ хамгаалах бодлого явуулах бас бүх ард түмэн энэ талаар сэрэх цаг болсон доо. Нөхөн үржихүйн эрүүл мэндэд нэн хортой нөлөөлж буй зүйл бол (Цагаан тахал) хэмээх хар тамхи юм. 2013 оны 6 сарын мэдээгээр Монголд хар тамхи хэрэглэдэг залуучууд 2500 орчим байна гэжээ. Хар тамхичид ДОХ-д хамгийн олноор нэрвэгддэг. Бид архинд зон олноо алдсан шиг, залуучуудаа хар тамхинд алдах юм биш биз ээ.
Гадаадад голдуу Хятад руу гарган тоногдсон Говь-Алтайн Тонхил нуурын үнэт шавьж (Артем) Баянхонгорын зээргэнэ, Сэлэнгийн хус, Өвөрхангайн Богд сумын эрдэнийн чулуу Чунчигноров, өнгө нь хувирдаг судалт чулуу, өнгөт чулуун Тавантолгойн таван уул, Өмнөговийн цагаан шүр, чулуужсан ойн шугуй, Хэнтийн хүдэр, Дорнотын газрын тос, Сүхбаатарын цагаан тугалганы орд, Хараа, Ерөөгийн алт зэрэг огт үгүй болсон эргэж олдошгүй баялгаа одоо бид хэнээс нэхэх вэ? Манай өвөг дээдсийн хадгалан. хайрлаж ирсэн Манжийн дарлалын үед ч ухаалгаар авч гарсан төрийн нууц хайрцагны бодлого (хар хайрцаг гэж Манжаас гуйвуулсан буруу үг гэдгийг цөөнгүй хүн учир мэдэхгүй нэрлэдэг) хаачив? 1990 оноос хойш хүн амын өсөлтийг 30 жилээр ухрааж 2 дахин бууруулсны хариуцлагыг хэн хүлээх вэ? Монгол орших уу? Эс орших уу? Энэ бүгд юунаас болов оо?
-Монголд засаглалын хомсдол аль хэдийн үүсч улс Монголоо гэсэн хүн улсын удирдахгүй зуурдын зусарчид, авилагчид, албан тушаалаараа баяжихыг хүсэгчдийн гарт төр орж, хууль гууль болсон.
-Ариун сэтгэлтэй цайлган ард түмнийхээ сэтгэлээр ард олноороо тоглосон хоёр нам (Ардчилсан нам, МАН)-ын хуйвалдаан ард түмний 100 жил бүтээсэн хөрөнгө, бүтээн байгуулалтыг хуваан идэж ууж, үрэн таран хийснээс
-Авилга, залилан залхуурал, завхайрал, зугаа цэнгэлийг хөхүүлэн дэмжсэн бодлого явуулснаас бүр сүүлдээ УИХ-ын гишүүд өөрсдөдөө зориулан өрсдөө засаг төрийн эрхтэнд насаараа суух, үе залгамжлах хууль журам гарган дүрэмгүй түрэмгийлэл гаарч газар аван улсаа, үйлдвэрээ ард түмнээс нуун гадаадад худалдах барьцаанд (Эрдэнэт Улаанбаатар төмөр зам г.м) өгөх болсноос
-Төр удирдаж байсан олигархууд баяжиж аваад түрүүч нь гадаадад (С.Баяр, Д.Зориг, Хүрэлсүх г.м) амьдрах муу жишээ бий болсноос
-Гэмт хэрэг үйлдсэн, төрийн мөнгө идсэн, хуулийн гэмт хэрэгтнүүдийг Их хурлын гишүүний, үндсэн хуулийн цэцийн гишүүний халдашгүй эрх гэдгээр хамгаалаж ямарч зэмлэхгүй байлгаж хайрлаж өмөөрч байгаагаас олон муу жишээ тогтон хэвшиж хэрэгжиж үүнээс уламжлан түмэн олон төрдөө итгэх итгэл суларсаар, ам хөдөлгөдөг нь олширч гар хөдөлгөдөг нь цөөрсөөр ажгуу. Монгол орших уу? Эс орших уу?
Эх сурвалж: “Хөх толбо” сонин
URL: