Бямбын Ренчин гуайн егөөтэй, сургамжтай түүхүүдээс

Урд бас улс бий
Аг буурлан сахал үсийг арслангийн дэл мэт шаширлуулж, хүрэн даавуун элбэг дээлнээ луудан төдөглөж явдаг байсан Ринчен доктор 1960-аад оны үеэс хөх өнгийн даалимбан өмд цамцтай эрвэлзэж явах болсонд гайхах болжээ. Тэгээд нэг шавь нь;
 -Таныг дарга нар Хятадын тал барьлаа гэж өөчлөх биш үү гэсэнд:
 -Орос гэж том гүрэн Ар талд байхаас гадна Ондоо нэг том гүрэн Урд талд байдгийг ойлгоцгоог. Хорвоогийн найман зовхисыг харахаа байг Хоёр тийшээ тэгш харж сурцгааг. Орос, Хятад хоёрын дундаас Монгол Оргож чадахгүй Хувь заяатайгаа ухаарцгааг. Огт айлтгүй гээд Улсын номын сан өөд урт үсээ хийсгэн оджээ.
Цагтаа Монголын үргэлжилсэн үгийн зохиолд цахиур хагалж “Сумьяагийн сураг”, “Толь” зэрэг олон өгүүллэгээрээ уншигчдыг байлдан дагуулж асан зохиолч, сэтгүүлч, гэгээн шооч Сугарын Цэдэвийн ярьсан шог. 
Малын шүд мэддэг хүн намын дарга болсон дээр
Ри багшийн хүргэн Нямын Жагварал, хадам ааваасаа:
-МАХН-ын дараачийн бүгд хурлаар зохион байгуулалтын асуудал хэлэлцэнэ. Ю.Цэдэнбал, Д.Дамба хоёрын нэг нь дарга болбоос өлзийтэй. Цэдэнбал нь онол, орос хэлдээ түлхүү. Дамба гуай амьдралын мэдлэг, хар ухаанаар илүү. Таныхаар бол хэн нь намын дарга болбол дээр вэ? гэсэнд:
-Таван хошуу малын Шүд мэддэгээрээ Дамба нь Дээр биз дээ гэжээ.
Энэ нь харийн соёлд цагааширсан ч өөрийн ард түмний амь зуулгаас салсан, ёс жаягаа мартсан дээдсийг хүн зон тоохгүй, хөх тэнгэр таалахгүй гэх утгатай сургаал ажээ.
Цаг үедээ улс төр онолын мэдлэгээр толгой цохих сэхээтний нэг гэгдэж, үзэл суртал, хэвлэлийн чухал алба хашиж явсан А.Бямбаноров багштаны ярьсан хууч.
Ам буцсан нь
Монголы эрдэмтдийн их хурлын үеэр хэлний мэргэжлийн хүмүүс крилл монгол үгийг бичихэд нэн төвөгтэй байгааг дурдан яриад, жишээлбэл:
Авьяас билигийн билиг
Ашдын ерөөлийн бэлгэ
Авч өгөхийн бэлэг
Алцаан дахь эрхтний билэг
зэрэг дуудлага ижил, утга өөр үгсийг хэрхэн бичвэл зохих талаар ЗХУ-ын дорно дахины судлах хүрээлэнгийн монгол судлалын салбарын тэргүүн Сталины “үнэнч сайн шавь” гэж үнэлэгдсэн нэгнээс асуусанд:
-Нэг л янзаар бич. Утга нь аандаа өмнөх хойтох үгийнхээ дэмээр тодорхой болно гэжээ. Зөвлөлтийн хүний үгнээс зөрөх зүрхтэн тэр үеийн Монголд байсангүй. Хэлээ боддоггүй, хялбарыг боддог хөнгөмсөг зарим нь алгаа ташин баяр хүргэх цагт Ри доктор босоод:
-Санжеевийн бэлгэ гэсэн үгийг хүмүүс яаж ойлгох вэ? гэсэнд:
-Сталины хайртай эрдэмтэн ээрч муурч ханайгаад:
-Ялган бичих нь зүйтэй гэжээ.
Хэл Шинжлэлийн ухааны доктор профессор, урлаг, утга зохиол судлаач Сономын Лувсанвандан 1992 оны 7 сарын 11-нд Баянхонгор аймгийн Номгон зочид буудалд байхдаа ярьсан хууч.
Эх сурвалж: “Хөх толбо” сонин

URL:

Сэтгэгдэл бичих