Ё.Лхагвасүрэн: Мөнгөн дэвсгэрт хил гаргасан зөрчлийг шалгаж эхэлсэн
Сүүлийн үед хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд оруулах, бага дэвсгэртийн мөнгийг хилээр гаргах зөрчил гарсаар байна.
Үүнд цагдаагийн байгууллага хэрхэн хяналт тавьж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-Хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд ашиглахыг завдсан байна. Хаана, яаж үйлдвэрлээд байгааг тогтоосон уу?
-Монгол Улсын мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдвэрлэж худалдаанд гаргахыг завдсан хэд хэдэн тохиолдлыг цагдаагийн ажилтнууд саатуулан, шалгаж байна. Одоогоор хаана үйлдвэрлэж байгааг тогтоох шалгалт хийгдэж байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
Ихэнхдээ бүхэл дэвсгэрт буюу тав, 10, 20 мянгатын дэвсгэртийг гүйлгээнд оруулдаг. Уг мөнгөө ихэвчлэн хорооллын захын дэлгүүр, орон нутаг, эсвэл такси үйлчилгээнд өгдөг байдал ажиглагдаж байна.
-Мөнгөн дэвсгэртийг Хятад руу их хэмжээгээр гаргах болсон. Энэ нь хууль журамд нийцэх үү?
-Мөнгөн дэвсгэрт хилээр гаргахыг хориглосон хуулийн заалт байдаггүй. Харин их хэмжээгээр гаргахыг л хориглосон. Тиймээс бид дээрх тохиолдолд холбогдсон хэд хэдэн хүмүүсийг шалгаж байна. Тэд бэлэг дурсгалын зүйл хийдэг, тусгай уусмалд оруулж үнэт цаасыг нь ашигладаг гэсэн мэдээллүүд байгаа. Үүнийг нягтлан шалгаж эхний байдлаар дүгнэлтүүд гарсан. Гэхдээ олон нийтэд мэдээлэх боломжгүй. Бид энэ чиглэлээр гааль, тагнуул, цагдаагийн байгууллагын хамтарсан баг гарч, Хятадын цагдаагийнхантай хамтран шалгаж эхэлсэн.
Б.Заяа
URL: