Н.Энхбаяр, Ю.Тимошенко хоёр хоёулаа эдгэж эхлэв
Монголын улс төр, нийгэмд болж буй үйл явдалтай тун төстэй бараг толинд тусгачихсан юмуу гэмээр үйл явдал дэлхий дахинд болсоор байна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан гэж хэлүүлэхээсээ илүүтэйгээр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч гэж нэрлүүлэх дуртай Н.Энхбаярын бие эдгэж, бие нь тэнхэрч эхэлсэн тухай мэдээлэл ойрноос түгсэн.
Н.Энхбаяр олон хоног өлсгөлөн зарлаж, дээр нь хордогдсон ч байж болох тухай мэдээлэл нэг хэсэгтээ цацагдсан ч одоо харин арай нааштай мэдээлэл ирэх болсон нь энэ юм.
Сонирхолтой нь Н.Энхбаярын бие дээрдсэн тэр үед мөн Украины Ерөнхий сайд асан Юлия Тимошенкогийн бие дээрдэж, Оростой хийсэн байгалийн хийн гэрээний хэргийг дахин хянаж үзэхийг шаардаж эхлээд байна.
Н.Энхбаяр, Ю.Тимошенко хоёрт харахад ижил төстэй зүйл бараг үгүй. Нэг нь богино хар халимагтай эр, нөгөө нь уртаас урт шаргал үстэй эмэгтэй. Гэхдээ бас төстэй тал байна аа.
Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээгээд дараа нь хэрэгт орсон, Ю.Тимошенко бас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж, ялагдсныхаа дараахан хэрэгт орж, шорон, эмнэлгээр баахан явсан билээ.
Мөн л Н.Энхбаярын адил хордогдсон байж болох тухай яриа түгж, эх нутагтаа биш гадаадад эмчлүүлэх хэрэгтэй гэсэн яриа гаргаж байсан. Юлия Тимошенког шоронд хорьсон нь улс төрийн сэдэлтэй хэрэг гэж тэрбээр байн байн мэдэгдэж, өөрийг нь хорьсон явдал Ерөнхийлөгч В.Януковичийн өшөө авалт гэж хүртэл хэлж байсан билээ. Одоо ч гэсэн Ю.Тимошенко В.Януковичтой үзэлцсээр л байгаа.
Харин одоо Ю.Тимошенко ч тэнхэрч, Н.Энхбаяр ч бие нь сайжирч, хэн хэн нь зөвхөн эрүүл мэнд, шорон гяндан гэхээс илүүтэйгээр улс төрийн амьдралд дахин оролцож эхлэх боломж бий болж буй бололтой. Их юм үзээд, эдгэж эхэлж буй улс төрчид эх орондоо юу авчрахыг харах л үлджээ |
URL: