1 дэх худал: “Сүлжээ”-ний бизнес нь бусад уламжлалт бизнес, мэргэжлийн ажлыг бодвол их мөнгөтэй болох илүү сайхан боломж олгодог. Үнэндээ: “Сүлжээ”-ний бизнест мөнгөө оруулсан ихэнх хүмүүс алдагдал хүлээдэг. Түгээгчид буюу дистрибютерүүдийн хэдхэн хувь нь нэлээд ашиг олдог бөгөөд амьжиргаа залгуулахуйц тогтвортой ашиг олдог нь бүр цөөн юм.
2 дахь худал: Сүлжээний маркетинг бол бүтээгдэхүүнийг зах зээлд хүргэх хамгийн хялбар, үр дүнтэй арга. Хэрэглэгчид хүн хүнээ ухуулж явдаг сүлжээний бизнесийн ганцаарчилсан загвараар бүтээгдэхүүн худалдан авахыг таашаадаг. Үнэндээ: Айл айлаар явж худалдаа хийх зэрэг хэлбэрийг оролцуулаад ганцаарчилсан жижиглэн худалдаа нь хуучны зүйл болохоос ирээдүйн чиг хандлага огт биш. Сонголт цөөн, зуучлагчдад илүү үнэ төлдөг, элдэв дарамт учруулдаг ийм борлуулалтанд хэрэглэгчид шимтдэггүй.
3 дахь худал:
Энэ бол 21-р зууны бизнес. Яваандаа бүх бараа бүтээгдэхүүнийг сүлжээгээр худалддаг болно. Жижиглэн худалдааны дэлгүүр, худалдаа үйлчилгээний төв, бараа бүтээгдэхүүний каталогууд болон зар сурталчилгааны ихэнх хэлбэр сүлжээний бизнест дийлдэж удалгүй үеэ өнгөрөөнө. Үнэндээ: Өнөөдөр бүх жижиглэн худалдааны 1-ээс бага хувь сүлжээны бизнесээр дамждаг. Харин үүний ихэнхийг хувийг удалгүй орхих бизнестээ элсэлтийн хураамжаа төлж буй горьдлого өвөрлөсөн шинэхэн түгээгчдийн худалдан авалт бүрдүүлдэг. Сүлжээний бизнес одоо оршин буй маркетингийн хэлбэрүүдийн орыг залгахгүй.
4 дэх худал: Сүлжээний бизнес нь хүнийг аз жаргалтай, сэтгэл хангалуун болгож чадах амьдралын шинэ хэв маяг. Үнэндээ: Сүлжээний бизнесийн борлуулагчид асар их эд баялаг, тав тух, сэтгэл хангалуун байдлыг хамгийн бүдүүлэг хэлбэрээр сурталчлан, бусдыг уриалан дууддаг. Гэвч энэ нь авьяас, сонирхлоо дагаж утга учиртай, сэтгэл хангалуун ажиллаж амьдрах гэсэн ихэнх хүмүүсийн эрүүл хүсэлтэй харшилддаг.
5 дахь худал: Сүлжээний бизнес бол оюун санааны хөдөлгөөн. Үнэндээ: Бүр эсрэгээр эд хөрөнгөнд итгэж найддаг сүлжээнийхэн хүмүүсийг элсүүлэхийн тулд “ухаан санаа”, “дотоод сэтгэл” гэх мэт оюун санааны ухагдахуунийг өргөн ашигладаг нь асар их завхруулга. Сайн сайхан үг хэллэг, ойлголтуудыг буруугаар ашиглан мөнгө татахыг оролдож байгаа хэрэг юм.
6 дахь худал: Сүлжээний бизнест амжилт олоход хялбархан. Яагаад гэвэл таны найз нөхөд, төрөл төрөгсөд бэлэн худалдан авагчид. Таныг хайрлаж, дэмждэг хүмүүс насан туршийн чинь худалдан авагч болно. Үнэндээ: Сүлжээний бизнесийнхний зөвлөгөөг дагаж хувийн харилцаанаасаа хожоо гаргаж бизнес хийвэл ойр дотны хүмүүсийн эрүүл харилцааг ч хордуулах уршигтай.
7 дахь худал: Сүлжээний бизнесийг та чөлөөт цагаараа эрхлэх боломжтой. Долоо хоногт хэдхэн цаг ажиллаад ихээхэн орлого олж чадах бөгөөд давхар ажил хийх шаардлагагүй болох хүртлээ таны орлого маш ихээр нэмэгдэх бололцоо бий. Үнэндээ: Сүлжээний бизнест элссэн хүний хувьд орчин тойронд байгаа бүх хүн боломжит худалдан авагч юм шиг харагддаг, амьдралын хором бүр бараа сурталчлах бололцоо байдаг тул сүлжээчинд ямар сул чөлөөтэй орон зай, чөлөөт цаг үгүй болдог. Хэдийгээр хүнийг эрх чөлөөтэй, хараат бус болгоно гэж мэдүүлдэг ч энэ систем хүний бүхий л амьдралыг эрхэндээ оруулдаг. Тиймээс сүлжээнд гүнзгий орсон хүмүүс буцаад гарч чадалгүй, хамааралтай байсаар дуусдаг.
8 дахь худал: Сүлжээний бизнес бол хүний хүсэл зориг, эрх чөлөөг урамшуулан дэмждэг эерэг бизнес юм. Үнэндээ: Сүлжээний бизнесийг гол төлөв айдаст автагдан хийдэг. Өөрсдөө нэгэнт зарцуулсан мөнгө, цаг хугацаагаа алдахаас айдаг. Бусдыг элсүүлэхдээ худалдаа наймааны уламжлалт хэлбэрүүд мөхөж байгаа, ердийн ажил мэргэжлүүд боломж тааруу гэх мэт хүмүүсийг айдаст автуулах зүйлсийг заавал оруулж сурталчилдаг.
9 дэх худал: Сүлжээний бизнес бол өөрийн бизнестэй болох, эдийн засгийн жинхэнэ хараат бус байдалд хүрэх шилдэг арга мөн. Үнэндээ: Сүлжээний бизнесийн борлуулагчид үнэн хэрэгтээ бизнес эрхлэгчид биш, харин дээрээс доош захирагдах нарийн түвэгтэй тогтолцооны ажилчид юм. Сүлжээний бизнесийн загварууд нь ихэнхдээ компанид давуу байдлыг олгож тэдэнд ашигтайгаар дуусдаг.
10 дахь худал: Бүтээгдэхүүн худалддаг учраас “сүлжээний бизнес пирамидийн тогтолцоо биш. Үнэндээ: Яаж ч эсэргүүцсэн энэ бол яах аргагүй сүлжээний бизнес. Яагаад гэвэл борлуулагч элсүүлж, тэд бас борлуулагч элсүүлж байж бүтээгдэхүүнээ түгээдэг ганц аргатай. Ийм бизнес анх үүссэн АНУ зэрэг улсад пирамидийн ийм загварыг 1970-аад оноос хязгаарлаж, бараа бүтээгдэхүүнийхээ доод тал нь 70%-ийг “сүлжээний бус” аргаар зарах ёстой гэсэн шүүхийн тогтоол хүртэл байдаг.