Бөө нар тэнгэрээс тамгалагдалгүй онгод буулгаж болохгүй

Удам дамжсан Дархадын хотгорын бөөтэй ярилцлаа.
-Та яаж бөө болж байсан бэ? Нууц биш бол яриач 
-Би 13 настайгаасаа эхлээд унтаж чадахгүй, унтахаар нүдэнд элдэв юмс харагдаж, үзэгдээд их сонин байсан. Насан бага үедээ бие минь маш ихээр өвдөж, эмнэлэг домчийн газраар явсан ч найдваргүй гэдэг үгийг үргэлж сонсдог байлаа. Сүүлд нь бодоод байхад онгод минь намайг ороож байсан юм байна лээ, тэр үед намайг ойлгож туслах ч хүн ховор байлаа.
Би ес хоног ууланд бясалгаж байж онгодоо авсан. Тэр үед бөө маш ховор байсан. Хувцас эдлэлээ би өөрөө хийж, эдлэл хэрэгслүүдээ зүүдэндээ харж, өглөө нь зурж, бүгдийг хийж байлаа. Ээж минь тува гаралтай, харин миний өвөг эцэг маань цаатан хүн байсан.
Өвөг дээдэс минь нутаг ус, Дархадын хотгор, цаатны отогдоо нэртэй, олноо хүндлэгдсэн буурайнууд байсан. Цаг төр хэцүү байхад нууцаар онгодоо буулгаж, явсаар эмэг эхийн онгодоо саяхан шахуу ил тод гаргаж ирсэн.
Би эмгэн буурлаа зүүдэлж өөрийн зүүдээ маш сайн манаж, эмгэн буурал минь онгодоороо дамжуулж, надад бүх юмаа хэлж өгсөн дөө. Агуйд их удаан сууж харанхуйд байгаа юмыг нэвт хардаг болсон. Би одоо бөөлсөн хугацаагаа эргээд харахад арван найман жил болж байна.
Бөө болоход удам угсаа их нөлөөлдөг. Миний үед ийм олон бөө байгаагүй, ингэж бөө болдог ч үгүй байсан. Бөөгийн багш болж байгаа хүнийг замчин гэдэг байсан. Гэтэл одоо бөө болох хүсэлтэй хүн ч их болж дээ. Монгол хүмүүс минь бөө болно гэдэг чинь тийм амар юм биш, 10 жил сургуульд сурдаг шиг юм ч биш.
Бөөгийн өвчин, бөөгийн мэдрэмж, бөөгийн удам, онгод тэнгэр, ер нь яривал их л юм байдаг. Одоо үед багш гэж нэр зүүсэн хүн нь өдөрт хэд хэдэн шавь босгож байна. Ингэж бөөгийн ариун ёс журмыг бизнес болгоод, мөнгө төгрөгний сонирхолтой хутгаад байвал үр удмаараа сүйрч, хараалын далайд живэх болно.
-Та яг аль зүгийн бөө вэ? Ер нь бөөгийн талаар яриач?
-Бөөгийн ёсонд Засдаг бөө, Үздэг бөө, Барьдаг бөө гэж гурван төрөл бий. Үүнд:
“Засдаг бөө” нь хүний засах зүйлийг нь харж мэдэн, үйл ном хийдэг хүн.
“Үздэг бөө” нь хүний асуусан зүйл болон хувь заяаг нь хэлж өгдөг. “Үздэг бөө” бол засал хийдэггүй.
“Барьдаг бөө” нь хүнийг махан биеэр нь дамжуулан өөрийн гаран дахь эерэг энергээр барьж эдгээдэг ба өөрийн увдис чадлаа байгаль уснаасаа авч чадсан байдаг.
Одоогийн гарч байгаа бөө нар тэнгэрээс тамгалагдалгүй онгод буулгаад байх юм. Ингэж онгод тэнгэрээр тоглоод байвал удалгүй Монголоор дүүрэн оюуны сааталтай хүмүүс бий болох вий дээ. Бөө хүн гэдэг чинь цаанаасаа тамга тэмдэгтэй байдаг учиртай.
Гэтэл нэг онгодтой хүн дээр очоод үзүүлтэл чи онгодтой юм байна, улаач хүн болох ёстой, хэрэв онгодоо авахгүй бол үхнэ гэж айлгана. Айсан хун яахав дээ худлаа үнэн бөө болох гэж хамаг л мөнгөө дэмий үрнэ. Одоо онгод буулгаж буй 10 хүн тутмын нэг нь зөв онгод буулгаж бусад нь өнөөх албин, чөтгөр буулгаж байна.
Албин буулгавал эхлээд төрөл төрөгсдийг нь сүйрүүлж эцэст нь өөрийг нь дуусгадаг. Бас онгод гэдэг чинь бөөгийн талын зүйл, харин сахиус гэдэг бурханы шашинд хамаарагддаг юм. Би угаа барьж бөө болоод арван долоо, найман жил болж байгаа ч бөөг бүрэн төгс ойлгоогүй л байна.
Гэтэл өөр дээрээ албин, чөтгөр буулгачхаад нэг л их том зайран удган болсон мэт бодох хүмүүс олон болж. Эдгээр хумүүс энэ мэтчилэн явсаар явсаар эцэст нь алуурчин, хулгайч, хуурамч жүжигчин болж эмгэнэлтэй төгсгөл тэднийг хүлээдэг.
-Таны хийсэн засал хэр өгөөжөө өгч байна вэ?
-Одоо ерөнхийдөө лусын хорлол болсон бөө болно гээд буг чөтгөр болсон хүмүүсийн засал их хийгдэж байна. Жишээ нь: Галзуугийн эмнэлэгт очоод эмчилгээгүй гэсэн оноштой гээд ирдэг.
Гэтэл тухайн хүн ямар нэгэн юмнаас сэвтсэн байх ч юмуу нэг бол үнэхээр өвөг дээдсээс заяасан онгод тэнгэртэй ч юмуу, ямарваа юмнаас шалтгаалсан зүйлийг цэгцэлж өгдөг дөө.
Өвөг дээдсээс ирсэн бурхан шүтээнээ шүтэж чадаагүйгээс бурханы хилэн болсон хүмүүс байдаг. Ард түмэндээ аль болох тус болохыг л хүсч байна даа. Хүмүүс өвчин зовлонгоосоо салсандаа баярлаж талархсанаа байнга хэлдэг. Өнгөрсөн, Одоо, Ирээдүй цагийг харж хэлдэг.
Эх сурвалж: “Хөх толбо”  сонин

URL:

Сэтгэгдэл бичих