“Халамж” нэмж шоудах явц ахин сэргэх үү?

44

МАН-ын бүлэг ээлжит хуралдааны дараах мэдээллээрээ 2014 оны төсөвтэй холбогдуулж, байр сууриа мэдэгдлээ. Юуны өмнө тэд цалин, тэтгэвэр болон оюутны тэтгэлгийг нэмэгдүүлэх талаар шахалт үзүүлнэ гэдгээ илэрхийлэв. Түүнчлэн өндөр настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Хүний хөгжил сангаас сар бүр 20 мянган төгрөг олгож байх хуулийн төсөл өргөн барьснаа ч мэдэгдлээ. Ах намынхан өмнө нь хүний хөгжил сангаар баахан мөнгө тараах эхлэлийг тавьчихаад ханахгүй, одоо бас дахин халамжийг хавтгайруулахаар оролдож байгаа бололтой. Зарим нөхөд нь намаа шинэчлэх тухай ярьж байгаа ч удирдлагууд нь үзэл баримтлалдаа өөрчлөлт шинэчлэлт хийх сонирхолгүй байгаа нь эндээс харагдаж байна.

Саяхан л хүн болгонд 21,000 төгрөг тараагаад ард түмний “магнай хагартал” баярлуулснаас болоод улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүндрэн одоо болтол өнөөх өрийг нь нүүрсээрээ төлж байгаа билээ. Гэтэл МАН-ын эрхмүүд энэхүү “мэргэн санаа” нь ард түмэнд таалагдаж байсан гэж бодсон бололтой ахин “халамжаар булах шоу” эхлүүлэх гэж дотроо тохиролцож байгаа харагдана.

Ард түмний ихэнхи нь загас барьж амруугаа хийлгэснээс загас барих аргаа заалгаж, загасчлах нөхцөл боломжоор хангуулах нь ирээдүйтэй гэдгийг ойлгочихоод байна. Тэртэй тэргүй ямар нэгэн халамж нэмэгдмэгц л дагаад өргөн хэрэглээний бараа нь өсчихдөг “хоржоонтой” нийгэмд өөр гарц, үлгэрлэвэл эдийн засгийг бүхэлд нь тогтворжуулах тал дээр томоохон бодлоготой орсон нь дээр бусуу.

Уг нь МАН шиг мундаг боловсон хүчинтэй нам байхгүй хэмээн дор бүрнээ л шуугилдацгаадаг биш бил үү? Яг одоо тэд нарыгааа зөв ашиглаад өрсөлдөгч намынхаа харж чадахгүй байгаа зүйлийг олж, эх орны эдийн засгийн “тулах цэг” энд байна гээд ард түмний өмнө бэлэн болсон “бодлого, хөтөлбөр” дэлгээч дээ.

Түүнээс өнөөдрийн энэ нэг ядарсан ард түмэнд “гоё” болж харагдах гэсэн явцуу санаа чинь бол таалагдахгүй байна. Ухаандаа УИХ-ын чуулганыг үзэхээр л МАН-ынхан ард иргэдийнхээ зовлонг ойлгодог тэд нартаа ямар нэг тусламж, тэтгэмж өгөх гэсэн “бурхад” болж харагдана. Харин АН-ынхан нэг их том том бодлого ярьчихаад ард түмэндээ хусам ч өгдөггүй “чөтгөр” болж харагдах бололтой юм.

Магадгүй энэ жүжиг байгаа оноод зарим нэг иргэд та бүхэнд талархаж болох боловч улсын эдийн засгийг тогтворжуулахад нэг ширхэг “тоосго”-ны ч нэмэргүй гэдгийг та бүхэн мэдхийн сайнаар мэдэж байгаа шүү дээ. Битгий ингэж ядарсан ард түмнийхээ “хэрэглээ” дээр тулгуурлан улс төр хийж байгаач хэмээн хүсмээр байна даа МАН-ынхан минь.

Анжигай.Г


URL:

Сэтгэгдэл бичих