Жүдочид эхний өдөр хоёр мөнгөтэй
Азербайжаны нийслэл Баку хотноо өчигдөр эхэлсэн жүдо бөхийн гран-при тэмцээний эхний өдөр
Эрэгтэйчүүдийн 60 кг-д нийт 27 бөх барилдсан. ОУХМ Ч.Болдбаатарын хувьд В хэсэгт сугалаа таарч, эхний барилдаандаа Латвийн Дмитрийс Козловсыг цэвэр, дараа нь Азербайжаны Нижат Шихализадаг цэвэр, Канадын Сергио Пессоаг вазари үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн болзол хангажээ. Улмаар медалийн өнгө хувиргах барилдаанд Украйны жүдоч Георгий Зантарайаг цэвэр ялснаар аваргын төлөө барилдах эрхтэй болжээ. Харамсалтай нь, шийдвэрлэх барилдаанд Гүржийн бөх Амиран Папинашвилид хоёр юүко үнэлгээ алдсанаар ялагдаж, мөнгөн медалийн эзэн болсон байна.
Харин эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд чансаагаараа 15 дугаарт эрэмбэлэгдээд буй М.Уранцэцэг эхний тойрогт хийлж, Хятад, Туркийн бөхийг ялж, медалийн болзол хангажээ. Улмаар Голландын Энте Биргитийг ялсан ч аваргын алтан медалийн төлөө ОХУ-ын жүдоч Людмила Богдановад ялагдсанаар мөнгөн медаль хүртжээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан Т.Баттөгс эхний тойрогт хийлж, дараа нь ОХУ-ын бөхийг ялсан ч хүрэл медалийн төлөө Австрийн Сабрина Филцмосерт ялагдсанаар шагналт тавдугаар байрт шалгарсан байна. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д Б.Хишигбаяр нэг ялж, нэг ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.
Ийнхүү тэмцээний эхний өдөр Монголын тамирчид хоёр мөнгөн медаль хүртэж, нэг тамирчин шагналт тавдугаар байрт шалгарснаар багийн дүнгээр зургадугаарт бичигдээд байна. Харин өнөөдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 73, 81 кг, эмэгтэйчүүдийн 63 болон 70 кг-ын жингийн барилдаан болно. Эдгээр жинд Монголын баг тамирчдаас дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар /73 кг/, ОУХМ О.Ууганбаатар /81 кг/, ОУХМ Ц.Мөнхзаяа /63 кг/, ОУХМ Ц.Наранжаргал /70 кг/ нар барилдана. Барилдаан Монголын цагаар 12.30 цагаас эхэлнэ.
100 мянган ам.долларын шагналын сантай Бакугийн гран-при тэмцээний үлдсэн жингийн барилдаан маргааш болж, аваргууд тодорно.
С.Цэлмэг
“Ньюс мн”
URL: