И Вэ Вон: Сурах орчин муу ч Монгол хүүхдүүд чадварлаг юм
Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын Боловсрол, технологийн яамтай хамтран “Багш солилцооны хөтөлбөр”-ийг өнгөрсөн хавраас хэрэгжүүлж эхэлсэн.
Эхний ээлжинд Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 14 сургуулийн 20 багш солонгост туршлага судлаад ирсэн. Харин энэ удаа Солонгос багш нар манайд туршлага судалж байна.
Энэ тухай нийслэлийн 93 дугаар дунд сургуульд багшилж байгаа И Вэ Вонтой ярилцлаа.
-Юуны түрүүнд та өөрийгөө танилцуулахгүй юу. Хэд дэх жилдээ багшилж байгаа вэ?
-Би Сөүл хотын Кёнбуг ахлах сургуульд газар зүйн багшаар 33 дахь жилдээ ажиллаж байна. Солонгос, Монголын багш солилцооны хөтөлбөрөөр Монголд ирсэндээ баяртай байна.
-Монголд өмнө нь ирж байв уу. Манай орон танд ямар санагдсан бэ, сэтгэгдлээ хуваалцаач?
-Ирээд сар болж байна. Анх удаа ирж байгаа болоод ч тэр үү сэтгэл өндөр байгаа. Танай газар нутаг үнэхээр сайхан юм. Хүмүүс нь их эелдэг юм. Монгол орон надад маш их таалагдаж байгаа.
-Ирээд сар болж байгаа учраас манай хүүхдүүдийн хичээлд нэлээд суусан байх. Монгол солонгос хүүхдийн хооронд ямар ялгаа байна вэ. Хичээлдээ оролцож байгаа байдал, хэл яриа, харьцаа гээд ажигласан зүйл их байгаа байх?
-Би нийслэлийн 93 дугаар сургуульд анх ирээд газар зүйн Байгаль багшийг дагаж эхэлсэн. Сарын хугацаанд Байгаль багшийн хичээлээ зааж байгаа арга барил болоод хүүхдүүдийн хичээлдээ хэрхэн оролцож байгааг ажигласан. Харин өнөөдрөөс хичээл зааж эхлэх гэж байна. Би ахлах ангийн хүүхдүүдэд хичээл ордог учраас энд ч мөн адил 7-11 дүгээр ангид газар зүйн хичээл орно.
Солонгос Монгол хүүхдүүдийн хооронд ялгаатай зүйл тийм ч их байсангүй. Хамгийн гол ялгаатай байгаа зүйл нь солонгос хүүхдүүд өдөр тутамдаа интернетийг байнга ашигладаг. Гэтэл Монгол хүүхдүүд тийм биш юм. Солонгос хүүхдүүд интернэт түлхүү ашигладаг учраас мэдээлэл олж авах нь илүү юм. Монгол хүүхдүүд зөвхөн сурах бичгээсээ л мэдээллээ олж авч байгаа нь гол ялгаа болж байна.
Гэхдээ Монгол хүүхдүүд зөвхөн номтойгоо харьцдаг ч гэсэн унших болоод төвлөрөх чадвар өндөр юм. Бид саяхан зугаалгаар явсан. Зугаалгаар явахад хүүхдүүд багштайгаа нээлттэй, чөлөөтэй харьцаж байсан. Бас бүгд гэрээсээ авчирсан хоолоо хувааж идсэн. Тэгэхээр ийм нийтэч байгаа нь гэр бүлийн хүмүүжлээс гадна танай сургалтын бас нэг онцлог юм болов уу гэж бодсон.
-Сургалтын орчин хэр санагдав. Анги, танхим, сурах бичиг гээд дутагдалтай зүйл байна уу. Солонгостой харьцуулахад ямар байна вэ?
-Солонгост хүүхдийн сурах орчинг сайн бүрдүүлсэн байдаг. Тухайлбал, ангид нь интернэтээс гадна зурагт, гарын авлага зэрэг тухайн хичээлд хүүхдэд хэрэгтэй зүйл бүгд бэлэн. Гэтэл танайд тийм зүйл алга. Би энд хичээл заах гэсэн чинь поректор байхгүй гэрээсээ авчирсан. Тэгэхээр хүүхдийн сурах орчинг сайн бүрдүүлж чадаагүй байна гэж хэлмээр байна. Гэхдээ анги бүрэн тохижоогүй байгаа нь муу зүйл биш юм байна гэдгийг энд ирээд мэдлээ. Учир нь солонгост хүүхдүүдэд үзүүлэх олон материал байгаа ч гэсэн олон зүйл харахаараа хүүхэд төвлөрдөггүй. Харин энд зөвхөн номоо уншаад газрын зураг хараад хичээлээ хийж байгаа нь хүүхдийн төлөвшилд их нөлөөлж байна. Үүнээс гадна багшийн идэвх санаачлагаас хамаарч хүүхдүүдийн оролцоо нэмэгддэг гэдгийг харлаа.
Газар зүйн хичээлийн хувьд зориулалтын кабинет, тараах материал байхгүй ч гэсэн багш нар нь хүүхэд бүрийг хичээлдээ татан оруулж чадаж байна. Тиймээс би ангийн тохижилт тийм ч чухал биш юм байна гэж бодсон. Мөн танай хичээлийн цаг нэлээд богино юм. Солонгост хичээлийн цаг танайхаас урт. Хичээлийн цаг богино учраас хүүхдүүд тоглож наадах нь их байна. Гэрийн даалгавар өгөх нь сайн ч гэсэн сургууль дээрээ хичээлээ хийгээд суух орчинг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Мөн сургуулийн байр жижигхэн. Номын сан байхгүй юм. Номын сан гэхээр зөвхөн ном байдаг газар гэж ойлгож болохгүй. Хүүхдүүд чөлөөт цагаараа хичээлээ хийж болох өрөө байх ёстой. Гэтэл энд тийм зүйл алга. Гэхдээ л Монгол хүүхдүүд ийм орчинд сурч байгаа ч гэсэн чадварлаг юм.
-Солонгост нэг хичээлийн цаг нь хэдэн минут үргэлжилдэг вэ?
-Манайд нэг цагийн хичээл 50 минут үргэлжилдэг. Хичээл өглөө наймаас эхлээд өдөр цайны нэг цаг завсарлана. Ингээд орой дөрвөн цаг хүртэл хичээллэдэг. Ерөнхийдөө өдөрт долоон цагийн хичээл ордог. Монгол хүүхдүүд өөрөө бүгдийг эрж хайж хийж байгаа нь биеэ даах чадвар болоод сурах чадварт нь их нөлөөлдөг юм байна.
Солонгост бүх зүйл нь бэлэн байдаг учраас биеэ даах эрэл хайгуул хийх чадвар харьцангуй муу. Монгол хүүхдүүд хичээлдээ идэвхтэй оролцдог. Солонгост хүүхдүүд хичээлийнхээ хажуугаар дугуйланд их хамрагддаг. Харин Монгол хүүхдүүдэд тийм зүйл алга. Хичээлийн хажуугаар дугуйланд явна гэдэг давхар олон зүйлийг мэдэж авах боломжтой. Тэгэхээр энэ талд анхаарах хэрэгтэй. Мөн танай хичээлийн цаг богино юм.
-Монгол, солонгос багш нарын заах арга барилд ялгаа байна уу. Манай багш нар цаашид сургалтандаа юуг анхаарах хэрэгтэй байна вэ?
-Монгол багш нар зөвхөн сурах бичигтэй ажилладаг учраас номноос уншуулаад түүнийг нь дэвтэр дээр нь бичүүлж дараа нь ойлгосон зүйлээ ярь гэдэг. Энэ нь зөв байна. Монгол багш нарт номноос өөр зүйл байхгүй гэхэд ур чадвар сайтай. Харин манай багш нарт тараах материал, гарын авлага гээд үзүүлж харуулах зүйл их байдаг болохоор хүүхэдтэйгээ тулж харьцах нь бага юм. Солонгос хүн ам ихтэй учраас өрсөлдөөн ихтэй. Харин Монголд тийм биш юм. Миний харснаар хичээллэх цагаа уртасгах хэрэгтэй. Мөн олон улсад танигдахыг хүсч байгаа бол гадаад хэлэндээ анхаарах нь чухал. Үүнээс гадна газар зүйн хичээлийг сонирхолтой болгох хэрэгтэй. Яагаад гэхээр дэлхийгээ мэдэж байна гэдэг чухал.
Э.Орхон
URL: