Иргэдийн төлсөн татварын мөнгийг эрүүл аюулгүй орчинд амьдрахад нь зарцуулна

Иргэдийн төлсөн татварын мөнгийг эрүүл аюулгүй орчинд амьдрахад нь зарцуулна

Нийслэлээс хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог 2016 он хүртэл үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа. Хог хаягдлын шинэ менежментийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийг гаргасан хогоо зориулалтын уутанд хийж хэвшүүлэх ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулан ажиллаж байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2006 оны 182 дугаар тогтоолоор Хогны хураамжинд гэр хорооллын айл өрх 2500, орон сууцны хорооллынхон 2000 төгрөгийг сард төлж байхаар тогтоосон бөгөөд айл өрхийн хураамжаас жилд 8 тэрбум төгрөг төвлөрч, 6 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт ордог. Айл өрхүүд хогны мөнгөө төлдөггүйгээс 2 тэрбум төгрөг нь нийслэлийн төсөвт ордоггүй байна. Энэ нь өрхүүдийн шилжилт хөдөлгөөн их байгаатай холбоотой.

Хог хаягдал хийх зориулалтын уут үйлдвэрлэхэд жилд 3 тэрбум төгрөг зарцуулагдана. Орон сууцны хорооллын 127 596 өрхөд нийт 13 сая уут үйлдвэрлэхэд 1 тэрбум 273 сая, гэр хорооллын 189.500 өрхөд нийт 19 сая уут үйлдвэрлэхэд 1 тэрбум 890 сая төгрөг орно. Үлдсэн мөнгө нь хог хаягдлыг хогийн төвлөрсөн цэгт тээвэрлэх үйл ажиллагаанд зарцуулдаг.

Энэ нь хог хаягдлын уут үйлдвэрлэх болон зөөж тээвэрлэхэд төсвөөс нэмэлт хөрөнгө авахгүйгээр иргэдийн төлсөн татварын мөнгийг эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж бүрдүүлэх нийтийн үйлчилгээнд нь зарцуулж байна гэсэн үг юм.

Сард нэг өрхөд 15 ширхэг хогийн уут олгохоор тооцож, 10-р сараас айл өрхүүдэд дүүрэг хороогоор дамжуулан олгож эхэлсэн. Хогийн уутыг айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хэрэглүүлж хэвшсэнээр хог хаягдал ил задгай хаяхгүй байх боломж бүрдэх гэнэ.

Г.Ялгуун


URL:

Сэтгэгдэл бичих