Ш.Батхүүгийн өрийг Монголбанк хариуцахгүй
“Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлээд эргүүлэн төлөөгүй гэх асуудал өнгөрөгч долдугаар сараас дуулиан тарьсан. Одоогоор Ш.Батхүүд холбогдох хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Харин түүний гадаадын банкинд төлөх ёстой 120 сая ам.долларын өрийг хэн хэрхэн барагдуулах вэ гэх асуудал хариултгүй хэвээр байгаа юм. Ш.Батхүү “Хадгаламж” банкаа Төрийн банкинд нэгтгэх үеэр “Стандарт” банкны төлөөлөл Монгол Улсад ирж Монголбанкныхантай уулзсан” гэж ярьж байсан. Асуудыг шалгуулахаар Төрийн өмчийн хорооны Өмч хувьчлал, хяналт шалгалтын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг томилогдсон. Ажлын хэсэгт ХЗЯ-ны ТНБД Ж.Баярцэцэг болон Монголбанк, Эрдэнэт үйлдвэрийн төлөөлөл багтаж байсан. Чухам ямар асуудлаар “Стандарт” банкныхан Монголбанкны удирдлагуудтай уулзсан байх вэ. Энэ асуудлаар Монголбанкны ерөнхийлөгчийн зөвлөх С.Болдоос тодруулахад ““Хадгаламж” банк “Стандарт” банкнаас зээл авсан тухай ойлголт биш юм билээ. Тухайн компанийн буюу “Жаст” группийн хувьд гадаадаас зээл аваад эргэн төлөөгүй гэж ойлгосон. Энэ утгаараа энэхүү асуудал нь банкны систем, төв банктай холбоогүй.Мөрдөн байцаалтын шатанд явж байгаа, шүүхийн журмаар шийдвэрлүүлэх асуудал. “Хадгаламж” банкны тодорхой актив, пассивыг Төрийн банкинд шилжүүлсэн. Бидний хийсэн бүх төрлийн шалгалтаар “Хадгаламж” банк Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл аваагүй нь тодорхой байгаа. Тиймээс Монголбанкинд холбогдолгүй, тусдаа асуудал гэсэн үг” гэх хариулт өглөө. |
URL: