Ж.Энхбаяр гишүүн “Алтайн хүдэр”-ээс авлига авсан, аваагүй
Говь-Алтай аймгаас УИХ-д суугаа гишүүдийг АТГ-т шалгуулахаар хандсан талаар мэдээлэл гарч байсан.
Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нар 2008-2012 оны УИХ-д сонгогдох хугацаандаа орон нутагт бүтээн байгуулалт хийх тэрбум төгрөгийг тойрогтоо зарцуулаагүй гэж байсан билээ.
Тэгвэл сүүлийн үед УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Алтайн хүдэр” компаниас 450 сая төгрөгийн хандив авсан мэдээлэл гараад байна. Уг мэдээллийг Говь-Алтай аймгийн АН-ын дарга О.Амгаланбаатар өгсөн ч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр үүнийг үгүйсгэжээ.
Энэ асуудлаар хэн нь худлаа яриад байна вэ.
Говь-Алтай аймгийн АН-ын дарга О.Амгаланбаатар: 450 сая төгрөгийн авлига авсан
-Ж.Энхбаяр гишүүн “Алтайн хүдэр” компаниас 450 сая төгрөгийн авлига авсан. Энэ бол гишүүд тойрогтоо зарцуулах мөнгөө үрэн таран хийсэн аудитын дүгнэлтээс тусдаа асуудал.
Гишүүнийг “Алтайн хүдэр” компаниас авлига авсан тухай АТГ-т хандаад бүтэн зургаан сар болж байна.
Түүний хувьд “Алтайн эрин сан” гэдэг төрийн бус байгууллагатай. Гэтэл энэ компани “Алтайн хүдэр” компаниас өнгөрсөн арванхоёрдугаар сард хоёр удаа авсан. Тодруулбал, 100, 350 саяар нь нийтдээ 450 сая төгрөгийг хандив нэрээр авсан байгааг эх сурвалж баталсан.
Уул уурхайн бизнес эрхэлдэг компаниас ТББ хандив авах нь хуулиар хориотой. Гэтэл тус төрийн бус байгууллага “Алтайн хүдэр” компаниас их хэмжээний мөнгө авчихаад юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа. Тиймээс хууль зөрчсөн энэ үйлдлийг авлигын хэрэг гэж үзэн АТГ-т шалгуулахаар өгсөн.
Миний хувьд Ж.Энхбаяр гишүүнийг АТГ-т шалгуулахаар өгсний дараа буюу өнгөрсөн зургадугаар сарын эхээр Говь-Алтай аймгийн нисэх буудал дээр таарсан юм.
Гэтэл гишүүн “Чи муу надаар оролддог хэн бэ. Чамайг яасан ч яадаг юм” гэж заналхийлсэн. Би хариуд нь “Та УИХ-ын гишүүн хүн. Ёс зүйтэй байгаач. Би иргэнийхээ үүргийг биелүүлсэн” гэж хэлээд явсан. Би түүнээс айхгүй. Шударга ёсны төлөө тууштай тэмцэнэ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: Би авлига аваагүй
“Алтайн эрин сан” ТББ -ыг Говь-Алтай аймагт санаачлан байгуулаад долоон жил болж байна.
Энэ байгууллага ашгийн бус.
Өнгөрсөн хугацаанд нэг тэрбум, 257 сая 644 мянган төгрөгийн сайн санааны хандив, тусламж хуримтлуулж, нийгмийн тустай үйл хэрэгт зарцуулсан байгаа.
Говь-Алтай аймагт төрийн бодлого хүрэхгүй, төсвийн мөнгөөр шийдэх боломжгүй олон арван асуудал байдаг. Энэ бүхнээс нь шийдэх боломжтой асуудалд тодорхой гарц хайж, бид ТББ байгуулан, үйл ажиллагаа явуулж ирсэн.
Хэвлэлээр бичээд байгаа асуудлыг Говь-Алтай аймгийн АН-ын дарга О.Амгаланбаатар гэж хүн гаргаж тавьсан гэхээр ямар зорилготой нь харагдаж байна.
Өнгөрсөн хугацаанд алтайчуудын боловсрол, эрүүл мэндэд чиглэсэн олон арван хөтөлбөр, төсөл хэрэгжүүлсэн. Харин “Алтайн хүдэр” компанийн хувьд Говь-Алтай аймгийн хамгийн том аж ахуй нэгж.
Хоёр жилийн хугацаанд буюу 2010, 2011 онд нийтдээ 115 сая төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. 2007-2009, 2012 зэрэг сонгуулийн жилүүдэд энэ компаниас нэг ч төгрөгийн хандив аваагүй.
“Алтайн эрин” ТББ -ын үйл ажиллагааг дэмжиж, өөрийнхөө болон манай гэр бүлийн зүгээс 600 сая төгрөгийн хандив өгсөн байдаг.
Шударга бус зүйлд үндэслэлгүй хардах нь ТББ -д сэтгэлээрээ хандив өргөж байсан хүмүүст хүнд цохилт болж байгаа” хэмээн news.mn сайтад тайлбарласан байна.
Э.Зул
URL: