“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа олон улсад арилжаалагдах цаг удахгүй нь

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг энэ оны эцсээр юмуу ирэх оны эхээр олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалж эхлэх бололтой.

Өнгөрөгч баасан гаригт Чингис зочид буудалд болсон “Эрдэнэс- ТТ IPO” бага хурал дээр энэ талаар яригдсан юм. Хувьцааны үнэ ямар байх болоо гэж хуралд оролцогсод ихэд сонирхож байлаа. Ордын нөөц, олборлолтын байдал, дэд бүтэц, гадаад ба дотоод зах зээл зэрэг олон зүйлээс хувьцааны үнэ ямар байх нь шалтгаалах гэнэ.

Мөн дотоодын зах зээл дэх бэлэн мөнгөний урсгал нөлөөтэй гэдгийг банкныхан хэлсэн. “Тавантолгой олон үзүүлэлтээр шаардлага хангаж байна. Эрдэнэс Тавантолгой ХХК олон эерэг үзүүлэлттэй байгаа нь IPO-г амжилттай хийхэд нөлөөлнө” гэж тус компанийн хувьцааг олон улсын зах зээлд гаргахаар болоод байгаа Дойче, Голдман Сакс, Би Эн Пи, Маквейри банкныхан дурдаж байлаа.

“Хувьцаагаа хоёроос гурван хөрөнгийн бирж дээр гаргаж байгаа туршлага олон улсад байдаг. Эрдэнэс Тавантолгойн хувьд тийм боломж байгаа. Ийм тохиолдолд тухайн компанийн үүрэг хариуцлага нэмэгддэг. Эхлээд хаана гаргах вэ, дараа нь хаана байж болох вэ гэдгийг сайтар судлах хэрэгтэй” хэмээн тэд зөвлөж байна. Олон улсын зах зээл дээр гарч байгаа үед компани өндөр хариуцлага хүлээдэг юм шүү хэмээн анхааруулаа.

Харин олон улсын зах зээлд гаргах тооцоолол хангалтгүй байна гэсэн шүүмжлэлийг манай эдийн засагчид хэлж байлаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэрлэсэн хувьцааны үнийг хөрөнгө оруулагч банкууд хямдхан үнэлж, өөрийнхөө талынханд зарах магадлалтай гэж эдийн засагчид хардаад авсан. Тийм юм болохгүй гэж хөрөнгө оруулагч банкныхан амласан.

Энэ үеэр Лондон болон Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлэхэд ямар журам баримтлах, тус биржүүдэд хувьцаа гаргахын давуу тал, боломжийн талаар хэлэлцүүлэг өрнөсөн юм. Лондон болон Хонгконгод бүртгэлтэй Монголын хэд хэдэн компаниуд байдаг, тэдний хувьцаа маш амжилттай байгаа гэж биржийн төлөөллүүд онцолж байв. Бага хурал дээр эдийн засагч Н.Дашзэвэг саналаа хэлсэн юм. “Үнэлгээний асуудал дээр дотоодын эрдэмтдийн саналыг авах ёстой. Тавантолгойн хувьцааг үе шат болгоноор үнэлэх хэрэгтэй. Нэгжийн өөрийн өртөг алга байна”


URL:

Сэтгэгдэл бичих