Улаанбаатараа дэлхийн хот болгоё
Ар Монголчууд бид гурван сая ч хүрэхгүй атлаа дэлхийн өнцөг булан бүрт олон мянгаараа таржээ. Бүтэлтэй сайн ажиллаж, сайхан амьдарч яваа хэсэг байхад, ихэнх нь юу таарснаа хийж хоног төөрүүлж байна. Гэр бүлийн холбоо суларч, олон айл салж сарниж, хүүхдүүд нь эх эцгээ зөвхөн дэлгэцээр харж өсөж байна.
Мэс засал, эмчилгээ хийлгэхийн тулд хамаатан саднаараа нийлэн хөрөнгөө шавхаж, арай олонд танигдсан нэг нь нийтээс хандив цуглуулан Тайланд, Хятад, Сингапур, Японыг хэдэн мянгаараа зорьж, олон зуун сая доллар зарцуулсаар хориод жилийн нүүр үзлээ. Хөрөнгөтэй бэлтэй хүмүүс, төр засгийн үе үеийн удирдлагууд, сайд дарга нар эмчилгээ, шинжилгээгээ тогтмол гадаадад хийлгэдэг нь хэвийн үзэгдэл болжээ.
Монголчууд биднийг гадаадын орнуудад яаж үнэлэх болсныг хөндлөнгөөс нэг сайн харж, бодитой дүгнэх цаг болжээ. Дотооддоо ч гэсэн бид ямаршуухан амьдарч байгаа билээ? Нийслэлээ хар. Хотын оршин суугчдын тал нь гадаа жорлонтой, усанд орох байтугай, уух усаа шороон замаар, түрдэг тэргээр зөөж байна. Нөгөө хэсэг нь байшинд амьдардаг ч ус, цахилгаан тасрах, лифтэнд гацах, унаа машинаа тонуулах нь хэвийн үзэгдэл болов. Хотын өвлийн агаар, гамшгийн тухай яриад ч хэрэггүй.
Монголчууд эх орноосоо бүрмөсөн дүрвэчих гээд байгаагийн цаад шалтгаан нь бид хот, гэр орноо тав тухтай байлгаж, ажиллаж, амарч, амьдрах сайхан газар болгож чадахгүй байгаатай холбоотой. Энэ бүхнийг өөрчлөх цаг болсон. Улаанбаатарчууд бид чухам юуг, яаж хийвэл хотоо дэлхийн сайхан хотууд шиг болгох вэ?
Хотын удирдлага
Улаанбаатар хотыг бүсчлэн хөгжүүлж, дагуул хотууд байгуулах тухай үе үеийн хотын дарга нар ярьсаар ирсэн. Нийслэлээ тойруулан арваад жижиг хот байгуулж хурдны замаар холбох мөрөөдөл одоо л биелэх бололтой.
Том захуудыг хотоос гаргаж, суурин дээр нь орон сууцны хороолол барина гэнэ. Их, дээд сургуулиудыг бас хөдөө рүү шилжүүлж, шинэ хотхон барих тухай ярьж байна. Гэхдээ дээрх газруудыг 99 жилээр эзэмшүүлсэн учир өмч, хөрөнгийн маргаан үүсэж таарна.
Хотын газар нутгийг нийтийн болон хувийн эзэмшлээр нь ялган, салгаж тодорхой бүртгэлжүүлэх цаг болжээ. Одоо бол гэр хороолол, барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэр гэх зэргээр онцын агуулгагүй ангилдаг ажээ. Бүртгэснийхээ дараа бүх газраа хүн ам оршин суух, худалдаа үйлчилгээний болон үйлдвэрлэлийн хэмээн зориулалтаар нь гурав ангилж, хил хязгаарыг нь хуульчлан (zoning) мөрдөх шаардлагатай байна. Ингэхгүйгээр удирдлага нь солигдох бүрт газар ашиглалтын зориулалтыг өөрчлөөд байвал хот хэзээ ч төлөвшихгүй.
Эцэст нь ангилал тус бүрээр жишиг тогтоож, үндсэн хөрөнгийн татвар авах замаар тухайн байршлын тохижилт, зардлыг шийдэхээс өөр сонголт байхгүй. Хотыг татваргүй хөгжүүлэх аргачлал дэлхийд одоохондоо алга. Үндсэн хөрөнгийн хөндлөнгийн үнэлгээтэй болсноор тухайн байршилд хөрөнгө оруулалт татах боломж бүрдэх болно.
Бүтээн байгуулалтын, түүний дотор сургууль, соёл, спортын барилга, байгууламж барих төслүүдээ санхүүжүүлэхийн тулд хотоос бонд гаргаж болно. Тэгэхийн тулд нутаг дэвсгэр дээр нь борлуулж байгаа бүх бараа, үйлчилгээнээс 2-3 хувийн татвар авах ёстой. Хотын оршин суугчдын татвар гэж тусгай зүйл байдаггүй. Тиймээс шинэ татвар бий болгохгүйгээр, худалдааны болон түүнтэй төстэй татварыг улстай хуваалцах замаар зохицуулж болно. Яг ийм бондыг Москва хот гаргажээ.
Хотоо байгальтайгаа зохицсон, уламжлалаа хадгалсан, барилгын материал үйлдвэрлэх болон барилга барихдаа цаг агаартаа таарсан технологи хэрэглэдэг, олон хүн дамжин өнгөрөхөд нийцсэн, нийтэд нээлттэй, бүс нутагтайгаа уялдсан, хүнээ чадваржуулсан, байгууллагууд нь зохицсон гэх мэт оюунлиг хотын (intelligent city) зарчмаар барьж, тохижуулах цаг болж.
Нийслэлээ нийгмийн гэхээсээ эдийн засагт түлхүү төвлөрсөн загвараар хэд хэдэн төвтэй, туршлага, дадлагатай ажилчид, эрдэм мэдлэгтэй ажилтантай, их дээд болон техник мэргэжлийн сургуулиудтай, сайн чанарын дэд бүтэц, өндөр хурдны интернэт хосолсон, үйлдвэрлэл, үйлчилгээний тодорхой салбар нь экспортод чиглэсэн сайхан хот болгоё.
Бас шинэ барилга барихдаа албан газар, зугаа цэнгээн, сургууль цэцэрлэг, амралт чийрэгжүүлэлтийн төв, орон сууцаа хамтад нь төлөвлөсөн, нийтийн тээврийн зогсоол, явган хүний зам, гарцуудыг ухаалаг холбосон байх хэрэгтэй боллоо. Хотын тодорхой хэсэг нь санхүүгийн төв, нөгөө хэсэг нь дэлгүүр, мөн соёлын болон цэнгээний төвүүд болох учиртай. Монголын нийслэл Хонконг, Сингапур гэхээсээ Денвер, Калгари шиг болбол зүгээрсэн.
Хамтын зүтгэл
Сайхан барилга, шинэ төвүүд Монголчууд бидний зүрх сэтгэлийг бас нэгтгэн холбоно. Үзэсгэлэнт байгаль, хөдөө нутгаасаа гадна монгол хүн гэдгээрээ бахархах шинэ үнэт зүйлийг хамтдаа бүтээцгээе. Гоё барилга, байгууламжууд, цэцэрлэгт хүрээлэн, зам, холбооны шугамуудыг сайн төлөвлөж, барьж босгоход нь хүн бүр санал бодлоо уралдуулж оролцох юм бол хот маань та бидний хамтын хөрөнгө гэдгийг ухаарах болно.
Монголчууд сайн ажиллаж, сайхныг бүтээж чаддаг гэдгээ хорвоо дэлхийд барьсан хотоороо, сайн сайхан амьдралаараа харуулмаар байна.
Бидэнд чадах зүйл ч байна, чадахгүй зүйл ч их бий. Чаддаг мэддэг хүмүүсийг авчирч, хамт ажиллангаа тэднээс суралцъя. Хүн бүр дор бүрнээ хариуцсан ажлаа бүх чадлаараа хийж, гайхамшигт хөгжлийг бүтээе. Хүн төрөлхтний хүрсэн мэдээлэл харилцааны аугаа ололт амжилтыг хамгийн түрүүнд нийтээрээ хэрэглэж чаддаг, суралцдаг үндэстэн болцгооё.
Бид Кабул, Триполи, эсвэл Дамаск шиг гудамжинд нь буу дуугарч, бөмбөг тэсэрдэггүй амар тайван хотод амьдарч байна.
Монголчууд бид хэнээс ч дутахгүй хийж бүтээж, бүгдээрээ элэг бүтэн, элбэг дэлбэг сайхан амьдарч чадна. Бидэнд хэн ч саад хийж, биднийг юу ч зогсоож чадахгүй. Бид том зорилго тавиад биелүүлж чаддаг үндэстэн. Монголчууд бидэнд тарж салж биш, нэгдэн нийлж ухаалаг ажиллах цаг иржээ.
URL: