Жуулчны визтэй Хятад ажилчдад Монголын хуулийг хэн мэдрүүлэх вэ

527-1381286489untitledДэд бүтэцийн салбарт ажиллах хүчийг дотоодоосоо биш, харин хятадаас авах нь түгээмэл. Аж ахуй нэгж, албан байгууллагууд хятадуудыг оруулж ирж ажиллахдаа хууль дүрэм зөрчих нь түгээмэл үзэгдэл. Сүүлийн үед хятадуудыг Монголд олноор нь оруулж ирж байгаа талаар хэвлэлээр нэлээдгүй шуугисан.
Гэвч асуудал тэгс гээд намжчихдаг юм. Тэгвэл сүүлийн үед зарим нэгэн аж ахуй нэгжүүд МУ-ын хууль, тогтоомжийг зөрчин байж, хятадуудыг жуулчны визээр оруулж ирэн ажиллуулж байгаа талаар дуулдах боллоо.
Бүр тодруулбал Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт үйл ажиллагаагаа явуулахаар газар шорооны ажлаа эхлүүлчихээд байгаа хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай, төрийн эзэмшлийн цементийн үйлдвэр  жуулчны визтэй 120 хятад ажилчин оруулж ирсэн байна.
Нэг үгээр хэлбэл тэд Засгийн газраас ажиллах хүчний квотын зөвшөөрлийг аваагүй байж манай хуулийг уландаа гишгэн ийн үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн байна. Гэхдээ бидэнд мэдэгдэж байгаа тоо нь энэ.
Харин холбогдох албад болох ГИХАЭ газрынхан монголын хилээр орж ирж байгаа Хятадуудад анхаарал хандуулж, хаана юу хийж байгааг нь шалгах ёстой биз. Ямартай ч тэд Монголын хуулийг уландаа гишгэж, Монголын төрийг хуультай нь доромжилж байна гэдгийг сануулах гэсэн юм.
Хэрвээ жуулчны визээр хятадуудыг олноор нь оруулж ирж ажиллуулдаг энэ байдлыг яаралтай таслан зогсоохгүй бол хууль зөрчсөн үйлдэл улам л цэцэглэн хөгжих байх шүү. Уг нь бол жуулчны визээр ажил эрхлэж болохгүй гээд хуулиар ойлгомжтой заагаад өгчихсөн учраас л Засгийн газраас жил бүр аж ахуй нэгжүүдэд гадаадын ажиллах хүчний квотыг тогтоож өгдөг.
Гэтэл одоо өнөөх гадаад ажилчдыг хүн амынхаа 10 хувиас хэтрүүлэхгүй гэсэн бодлого, хууль, тогтоомж хэрэгжихгүй, Монголын үндэсний аюулгүй байдал алдагдахад хүрээд байна.
Үүний эхлэл тавигдаад эхэлчихсэн байна шүү гэдгийг төрийн өндөрлөгүүд, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрынханд сануулахад илүүдэхгүй биз ээ. Харамсалтай нь  манай хууль хяналтынхан нүдэн балай чихэн дүлий байгаа нь сонин. Уг нь нүдэн дээр болж байгаа зүйлийг манай эрх баригчид мэдээгүй явна гэдэг юу л бол.
 Магадгүй мэдсэн ч мэдээгүй юм шиг байх шалтгаан зарим нэг эрх мэдэлтнүүдэд байхыг үгүйсгэх аргагүй биз ээ.
Н.Чинзориг
Эх сурвалж: “new.mn

URL:

Сэтгэгдэл бичих