Төр хайр халамжаа тэгш хуваарилах хэрэгтэй
Монголын төр хүн амаа, аж ахуй эрхэлж ажил амьдралаа авч яваа хэнийг ч алагчлахгүйгээр бодлогоороо дэмжлэг үзүүлэх ёстой. Тийм ч учраас аж ахуйн нэгжүүдийг том, жижгээр нь ангилан татварын бодлогоороо ялгавартай ханддаг.
Энэ нь хөл дээрээ боссон компаниудаа улам өргөжүүлэх,босч ядаж явааг нь босгохын төлөө гэсэн үндсэн зорилготойгоор татвараараа дэмждэг гэсэн үг. Харин саяхан батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулиар томоохон компаниудыг дэмжээд дунд, жижиг аж ахуйнуудаа төрийн хайр халамжийн гадуур үлдээлээ гэж бизнес эрхлэгчид ярьж буй нь оргүй биш бололтой.
Үнэн чанартаа амарч байсан гишүүдийг яаран сандран цуглуулсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг ээлжит бус чуулганаар баталж чадаагүй ч намрын чуулганы эхний долоо хоногт баталж орхисон. Уул нь нухацтай сайн судлах хэрэгтэй, яарах хэрэггүй хэмээн хэлэлцүүлгийн шатанд яригдаж байсан юм.
Гэтэл нухацтай авч үзэх талаар УИХ дахь олонхийн бүлэг авч хэлэлцсэн ч үгүй. Энэ нь хөрөнгө оруулалт буураад байгаа яг энэ цаг үед гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг урин дуудах гэсэн халхавчтай боловч дотоодын хэдхэн том компаниудын эрх ашгийг өндөрт тавьсан хууль болжээ гэдгийг бизнес эрхлэгчид дуу нэгтэйгээр ярих болжээ.
Наанаа гадаад, дотоод гэж ялгахгүй, том жижиг гэж алагчлахгүй гэсэн үзэл баримтлал дээр суурилсан боловч цаад язгуураараа Монголын тоотой хэдхэн толгой баячуудын үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдэд л хамаатай гэдгээрээ энэ хууль “олигархуудын” гэсэн тодотгол зүүж болох.
Энэ хуулиар 15 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулсан компанид дөрвөн төрлийн татварыг тогтворжуулах баталгааг өгч байгаа. Гэхдээ хөрөнгийн хэмжээ, байршлаас хамаараад ялгаатай.
Улаанбаатарын бүсэд үйлдвэр барихаар 300-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл хөрөнгө оруулагчдад 10 жилийн татварын тогтвортой орчны гэрчилгээ олгоно.
Баруун бүсэд дээрх хэмжээний хөрөнгө оруулалт хийвэл 13 жил, төвийн бүсэд хөрөнгө оруулалт хийвэл 11 жилийн хугацаанд татварын тогтвортой орчны баталгааг олгох болж байгаа юм. Бүсийг Улаанбаатарын, төвийн, хангайн, зүүн, баруун бүс хэмээн хуваасан.
Татварын тогтвортой орчин гэдэг нь шинээр бий болсон ямар ч татвар төлөхгүй гэсэн үг. 300-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэн хийдэг билээ, мэдээж гадаадын бизнесмэнүүд, дотоодын толгой баячууд л ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийж чадна.
“Томууд” нь ийм хэмжээний хөрөнгө оруулснаараа төрийн хайр ивээлийг хүртэх эрх өвөртөлж байгаа бол жижиг, дунд аж ахуйнууд ямар хайр халамж хүртэх вэ гэдэг асуудал гарна. Өнөөдөр “том” байгаа компаниуд цагтаа бас л жижгүүд байсан. Тэднийг жижиг байхад төр татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлж байсан.
Тэр нь өнөөдөр шинэ гараанаас эхэлж буй жижиг компаниудад харин дарамт болж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, одоогоос 10-аад жилийн өмнө батлагдаж, хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулсан НӨАТ-ын хуулиар 10 сая төгрөгөөс дээш орлого олбол 10 хувийн татвар төлж байгаа.
Энэхүү 10 саяын босгыг 200 сая болгох хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын гишүүд санаачлан УИХ-д өргөн барьсан ч хаврын чуулганаар хэлэлцэгдээгүй. Одоо намрын чуулганы хэлэлцэх асуудлын тоонд ч орсонгүй.
Өмнө нь НӨАТ төлөх 10 саяын орлогыг 100 сая болгож өөрчлөх хуулийн төсөл өмнөх парламентын үед өргөн баригдсан ч бас л дэмжигдээгүй өнгөрсөн. Энэ төслийг олонхи яагаад дэмжихийг хүсэхгүй байна вэ.
Зөвхөн 300-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулагчдыг ажлын байр бий болгож, баялаг бүтээж, татварын ачааллыг нуруун дээрээ үүрч явна гэж боддог бол тэрэн шиг төөрөгдөл төрд үгүй гэж хэлье. Хөрөнгө оруулалтын хуульд том хөрөнгө оруулагчдад илүү боломж олгож чадсан юм бол жижиг, дунд бизнес эрхэлж буй иргэдээ ч мартаж болохгүй байсан.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа НӨАТ-ын тухай хуулиар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийг тухайн цаг үеийн эдийн засгийн цар хүрээ, татвар төлөгчдөд тусах эдийн засгийн нөлөөлөл, ачааллыг харгалзан жилд 10 сая төгрөгөөс дээш борлуулалтын орлоготой аж ахуй нэгж, иргэнд ногдуулж байхаар хуульчилсан байдаг.
Энэ нэмэлт өөрчлөлтийг 2007 оны нэгдүгээр сараас эхлэн мөрдөж ирсэн бөгөөд 10 сая төгрөг нь өнгөрсөн хугацаанд өсөн нэмэгдэж ирсэн инфляци, бараа бүтээгдэхүүний үнэ ханшийн өсөлт, төсвийн орлогын хэмжээтэй уялдуулан авч үзэхэд жижиг аж ахуйн нэгжүүдэд татварын дарамт бий болгож эхэлсэн гэдгийг төсөл санаачлагчид олж харжээ.
Гэхдээ тэднийг иргэдтэй уулзахад олон ч хүн энэ талаар хэлж ярьж гомдол мэдүүлдэг байж. Нэг үгээр хэлбэл амьдралаас урган гарсан саналд тулгуурлан боловсруулагдсан төсөл аж.
2012 оны эцсийн байдлаар Татварын ерөнхий газрын мэдээгээр 10 сая төгрөг хүртэлх жилийн орлоготой 21470 аж ахуй нэгж нь 82,2 тэрбум төгрөгийн, 200 сая хүртэлх орлоготой 15389 аж ахуй нэгж нь 612,8 тэрбум төгрөгийн, 200 сая төгрөгөөс дээш орлоготой 5731 аж ахуй нэгж 24907 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой гэсэн дүн гарсан байна.
Дээрх баримтаас харахад 200 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуй нэгж нийт татвар төлөгчдийн 36,1 хувийг бүрдүүлж байгаа гэсэн үзүүлэлт юм. 2013 оны жилийн эцсийн тайлангаар энэ тоо хэд болохыг тааж мэдэхгүй ч буурах магадлалтай. Энэ нь төрийн дэмжлэгээс гадуур үлдсэн жижиг, дунд бизнес эрхлэгчид татвараас нуугдах магадлал улам өндөрсөнө гэсэн үг юм.
Харин нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх борлуулалтын орлогын босго дүнг 200 сая төгрөг болгосноор бага, дунд орлоготой аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих бодит боломж бий болж, ханшийн өөрчлөлт, инфляци зэргээс үүссэн ялгааг арилгаж, татварын дарамт ачаалал багасах, улсын хэмжээнд үйлдвэрлэлийг сэргээх олон давуу тал үүснэ гэдгийг төсөл санаачлагчид хуулийн үзэл баримтлалдаа онцолжээ. Монголын төр бол иргэдээ татвараа төлөхөөр баяртайгаар ирдэг тэр л орчныг бүрдүүлэх үүрэгтэй. Тэр нь үл ялгаварлах явдал юм.
Б.Эрдэнэ
Эх сурвалж: Үнэн.мн
URL: