Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2013.10.08/ хуралдаанаар Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон уг хуулийг дагалдан гарах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар танилцуулав.
Сүүлийн жилүүдэд манай компаниуд бусдад хөрөнгө оруулж олон охин болон хараат компаниудтай болж байгаа. Ийм тохиолдолд толгой компаниас хөрөнгө оруулсан компанитайгаа харьцах харилцааны хууль зүйн зохицуулалт шаардлагатай болсон бөгөөд үүнийг 2011 онд УИХ-аас батлан гаргасан Компанийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар толгой компани нь охин болон хараат компанийхаа үйл ажиллагаанд зөвхөн эзэмшиж буй хувьцааныхаа эрхээр оролцоно гэсэн заалтаар зохицуулж өгсөн боловч энэхүү эрхээ хэрэгжүүлэх талаар тодорхой заалт хуульд ороогүйгээс өнөөгийн байдлаар энэ талын үйл ажиллагаа нь зохицуулалтгүй болж энэ байдалд хүмүүс өөрсдийн дураар хандах болоод байна хэмээн Б.Гарамгайбаатар гишүүн танилцуулгадаа дурдсан.
Мөн хуулийн хэрэгжилтийн явцад хуулийн зарим зүйл, заалтыг илүү тодруулах нийтэд ойлгомжтой болгох, төрийн болон төрийн өмчийн оролцоотой компанид төрийн төлөөлөл хэрэгжүүлэх асуудлыг зохицуулж байсан зарим хуулийн заалтуудыг Компанийн тухай хуулийн энэхүү шинэчилсэн найруулагын холбогдох заалтуудтай уялдуулах шаардлага гарчээ.
Эдгээртэй холбогдон Компанийн тухай болон төрийн төлөөллийг хэрэгжүүлэх харилцааг зохицуулж буй зарим хуульд орох нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан аж.
Улсын хэмжээнд компаниудын жилийн эцсийн тайлан балансаа гарган, ажлаа дүгнэж дараа жилийнхээ төлөвлөгөөг батлах ТУЗ болон хувьцаа эзэмшигчдийн хурал болж байгаа энэ үед компаниудад хөрөнгө оруулсан компанидаа өөрийн төлөөллөө хэрэгжүүлэхэд энэхүү зохицуулалт чухал болоод байгаа юм байна.
Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Үүний дараа Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн гэрээ”-ний төслийг зөвшилцөв. 2013 онд эхлэн 2017 онд дуусах “Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх” төслийг хэрэгжүүлэхэд зарцуулах зээлийн нийт дүн 42.5 сая ам.доллар бөгөөд жилийн 0.3 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай юм байна.
Үүнээс эхний 10 жилд үндсэн өрийн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй юм байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

URL:

Сэтгэгдэл бичих