Дэлхийн шилдэг хакердалтууд

Хакер гэхээр ямар нэг байгууллагын чухал системд нэвтрэн мэдээллийг хулгайлах, эсвэл эвдлэн сүйтгэх гэх зэргээр муу зүйл хийдэг нэр бүхий хүмүүсийг хэлдэг гэж ойлгодог.

Хакерийн талаархи олон мэдээллийн эх сурвалжаас үзэхэд хакер гэдэг нь компьютер үүсч бий болсон цагаас зэрэгцэн үүссэн зүйл биш байх нь ээ. Үүний талаар цөөн биш хэмжээний тодорхойлолтууд байна.  Хакер гэдэг нэр томьёо нь анх компьютертай ямар ч хамааралгүй хүмүүсийг хэлдэг байв. “Хак” гэдэг нь англи хэлэнд сүхээр мод цавчихад гарах дууг илэрхийлдэг бөгөөд хакер гэдэг нь дээр үед модоор урлагийн хосгүй үнэт бүтээл туурвидаг уран гарт мужаануудыг хэлдэг байжээ. Жараад оны үед Массачусетийн Технологийн Их сургуулийн дэргэдэх төмөр замын загварын клубт хуучны телефон хэрэгслүүд хандиваар очсон байна. Үүнийг ашиглан тус клубийнхэн замын зангилаануудыг утасны дугаар залган хянах системийг бүтээсэн бөгөөд уг төхөөрөмжийн хэрэглээгээ “хакинг” гэж нэрлэж өөрсдийгөө хакерууд гэж нэрлэсэн.

Ерөнхийдөө энэ үеэс мэдээллийн  технологийн ертөнцөд мэдээллийн системийг доголдуулах, онц чухал мэдээллийг сүлжээгээр дамжуулан хулгайлж олж авах, төлбөр тооцооны системийг доголдуулах, хортой вирус тараах, түгээх гэх зэрэг зүй бус үйлдэл олон удаагаар үүсч, олон нийт дээрхи үйлдлийг хийдэг этгээдийг ХАКЕР гэж бат үнэмшсэн юм. Ерөнхийдөө цахим төрлийн гэмт хэргийг хийх нь ашиг олох, санаатайгаар үйлдэх, аль эсвэл зүгээр л нэр алдарт хүрэх, өөрийн сурсан мэдсэн бүхнээрээ зүггүйтэж, саваагүйтэх гэх  зорилготой ажээ.

Хакерийг онолын хувьд “White hat” цагаан малгайт хакер буюу утгын хувьд аливаа мэдээллийн систем, сүлжээ, програм хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах, гадны аливаа халдлага дайралт довтолгооноос хамгаалдаг хүмүүс гэж үздэг аж. Нөгөөтэйгүүр тэднийг Ёс зүйт хакер ч гэж нэрлэдэг.

Харин нийгмийн онц чухал мэдээллийг агуулсан бааз руу довтолж, олон тооны компьютерүүдийг дахин ашиглах боломжгүй болтол програм хангамж, техник хангамжийг эвдэх, чухал мэдээ мэдээллийг хулгайлах гэх зэрэг цахим төрлийн гэмт хэрэг үйлддэг хүмүүсийг “Black hat”буюу хар малгайт хакер гэдэг байна. Сайн муу аль аль талын үйлдлийг хоёуланг нь хийдэг этгээдийг саарал малгайт хакер аль эсвэл кракер ч гэж үздэг.

Одоо уншигч та бүхэнд дэлхий дахинд хүний нийгэмд ач тустай үйл хэрэг хийн нэрээ мөнхөлж чадсан  Ёс зүйт хакерууд, мөн олны анхаарлыг өөртөө татаж чадсан цахим гэмт хэргийг үйлдсэн  Хар малгайт хакеруудын талаар товч сонирхуулъя.

Ёс зүйт хакерууд

1.  Стев Возниак

“Стев  Жобсын бүрэн цадиг” ном монгол хэлнээ орчуулагдсанаас хойш  түүнийг дэлхий дахинд юу хийж бүтээснийг мэдэх хүмүүсийн тоо цөөнгүй болсон гэдэгт итгэлтэй байна. Мэдээж түүнийг цианитаар хордуулсан  алимны дүрстэй лого бүхий “Apple” компанигүйгээр төсөөлөхийн аргагүй. Уг компанид 2 Стев байсан бөгөөд түүний нэг нь Стев Возниак юм. Тэрээр  уг компаний үүсгэн байгуулагчийн нэг бөгөөд Жобсын дотны анд байжээ. Уг дэлхийд алдартай компанийг үүсгэн байгуулахаас өмнө тэрээр алсын зайнаас чөлөөтэй дуудлага хийхийн тулд уламжлалт телефон утсанд свич төхөөрөмжийг байршуулсан нь алсын зайнаас утсаар ярих боломжтой “Цэнхэр хайрцаг” буюу “Blue box” технологийг бүтээжээ. Үүнээс улбаалаад 2 Стевүүд маань гайхалтай ажил хэргийн санаанууд төрөн, түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд коллежээ хүртэл хаяж байжээ.  Дашрамд дурдахад бидний одоогийн ашиглаж буй персонал компьютерийг зохион бүтээсэн байна.

2. Линус Торвалдс

Линус Торвалдс нь  үйлдлийн системийн гэр бүлд яах аргагүй байдаг  Юникс системд суурилсан мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, уян хатан гэх зэрэг шинж чанарыг өөртөө агуулсан  Линуксыг зохион бүтээсэн хүн юм. Уг үйлдлийн систем өнгөрөгч 10-н жилд мэдээллийн технологийн салбарт хурдацтай тархаж, амжилттай хэрэглээ болж чадсан үйлдлийн систем юм. Тэрээр хүүхэд ахуй цагаасаа хакерийн янз бүрийн арга техникийг сурахыг оролддог байжээ. 1991 онд  Линуксын хамгийн эхний хувилбар болох Миниксийг зохион бүтээж үүний дараагийн хувилбар болох Линуксыг хийх  урам орсон гэдэг. Хэдийгээр нээлттэй кодтой програм хангамжийн анхдагч биш ч гэлээ, Линуксыг яахын аргагүй нээлттэй кодтой програм хангамжийн бүлэгт оруулахад хувь нэмрээ оруулсан хүн юм. Хэрвээ тэрээр үүнийг бүтээгээгүй бол дэлхийн компьютерийн ертөнцөд програм хангамжийг өөр бусдаар орлуулан ашиглах боломж үгүй байх байсан биз ээ.

3. Бернерс Лий

Дэлхий дахиныг торон сүлжээ мэт бүрхэсэн интернэт сүлжээнд орох боломжтой “world wide web” буюу Вэбийг зохион бүтээсэн хүн бол Бернерс Лий юм. Сүлжээний орчинд Цахим хөтөчийн тусламжтайгаар бичиг, зураг, бичлэг, мөн бусад олон төрлийн файлуудыг агуулсан цахим хуудсуудыг үзэх боломжийг бидэнд олгосон эрхэм юм. Тэрээр электроник, харилцаа холбооны чиглэлээр залуу  байхаасаа эхлэн ажиллаж эхэлсэн бөгөөд оюутан байх үеэсээ мэдээллийн технологийн салбарт нилээдгүй олон бүтээл туурвиж эхэлсэн бөгөөд мэдээллийг хурдан хугацаанд дамжуулах, шинэчлэх чадвартай  дотоод систем болох CERN-ийг зохион бүтээсэн байна.

4.  Жулиан Ассанж

Жулиан Ассанж нь программист, сэтгүүлч төдийгүй Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд аливаа хууль бус, шударга бус үйл явдлыг илчлэх, үүнийг мэдээллэх зорилгоор ажилладаг “Wiki Leaks” цахим хуудсыг анх 2006 онд бүтээсэн хүн юм. Тэрээр 16 насандаа хакд ашиглах Mendax-ийг зохион бүтээж байжээ. Тэрээр өөрөө өөрийгөө  удирдах боломжтой кодуудыг багтаасан системийг зохион бүтээсэн бөгөөд энэ нь дараахь 3-н горимыг агуулсан ажээ. Үүнд: тухайн нэвтэрсэн сүлжээ нь  аюулгүй, 2. тухайн нэвтэрсэн системийн мэдээллийг өөрчлөх боломжгүй, хамгийн сүүлд нь аливаа хэрэгцээт мэдээллийг дамжуулах, хуваалцах боломжтой гэх зэрэг агуулгатай юм байна. Засгийн газрын зүгээс олон нийтэд үзүүлж буй мэдээллийг зүй зохистойгоор дамжуулж, түгээх зорилготойгоор ийн ажиллуулдаг ажээ.

5. Цүтомү Шимомура

Цүтомү Шимомура гэх хүн нь хэрхэн  ёс зүйт хакер болсон түүх нь тун сонирхолтой бөгөөд хөгжилтэй ажээ. Нэгэн удаа олон нийтийн дунд хар малгайт хакер  Кевин Митник  нь Цүтомү Шимомурагийн компьютер рүү дайралт хийжээ. Тэрээр  АНУ-ын холбооны мөрдөх товчоонд туслахаар шийдэж, Митникийн утасны дуудлагад хяналт тавин,  нууцаар чагнах бололцоог бүрдүүлж, дэлхийд онц ноцтой кибер гэмт хэргийг үйлдсэн Митникийг баривчлуулжээ.


Хар малгайт хакерууд


1. Жонаттан Жеймс

Жонаттан Жеймс нь  Интернэт гэх олон нийтийн сүлжээнд  “c0mrade” гэх нэрээр олонд танигдсан нэгэн. Түүний ийнхүү нэр алдарт хүрсэн шалтгаан нь ердөө 15-хан настайдаа АНУ-ын Батлан хамгаалах яам,  НАСА-ийн сүлжээг бүхэл бүтэн 3-н долоо хоногийн турш ажиллагаагүй болгож, 1,7 сая долларын хохирол учруулсан хэрэг үйлдсэн байна. Хэдийгээр  уг хэрэг үйл явдал нь олон нийтийн анхаарлыг тухайн үедээ маш их татсан, шуугиулж чадсан хэрэг байсан авч иймэрхүү төрлийн хэрэгт сануулга, сургамж өгсөн хэрэг болсон юм. Учир нь тэрээр уг хэргийнхээ хариуцлагыг хүлээж чадахгүй өөрийн амиа хорлон эмгэнэлтэйгээр төгссөн юм.

2. Кевин Митник

Кевин Митник нь  АНУ-ын түүхэнд хамгийн их эрэн сурвалжлагдсан этгээд байсан бөгөөд түүнийг шоронд оруулсан уг хэрэг нь Дижитал  тоног төхөөрөмжийн корпорацийн сүлжээг сүйтгэсэн байна. Хэдийгээр тэрээр 2,5 жилийн хугацаанд янз бүрийн хакердалтуудыг хийж, уг хэргийг хүлээхээс зугтаж байсан ч 3-н жилийг дээрхи компаний сүлжээг дахин сэргээх үйл хэргийг хариуцан хийжээ. Нийтдээ тэрээр 5-н жилийг шоронд өнгөрөөсөний дараагаар мэдээллийн аюулгүй байдлын олон нийтийн зөвлөх үйлчилгээний чиглэлээр ажиллахаар зорьсон байна.  Одоо тэрээр Митник мэдээллийн аюулгүй байдлын зөвлөх үйлчилгээний компанийг байгуулан ажиллаж байгаа юм байна.

3. Алберт Гонзалез

Алберт Гонзалез нь  АНУ-ын нийт хүн амын тэн хагасаас илүү хэмжээний 170 сая кредит карт, 2 жил гаруй  хугацаанд ашиглагдах АТМ картуудын нэвтрэх эрх, нууц үгийг гартаа оруулсан байна. Тэрээр  “Сүүдэр” гэх бүлэглэлийн ахлагч нь бөгөөд 1,5 сая кредит картыг онлайнаар хулгайлан, цааш нь дамжуулан худалдаалж ашиг олжээ. Уг  бүлэглэл нь гол төлөв хуурамч пасспорт үйлдвэрлэх, эрүүл мэндийн даатгалын картууд, төрсний гэрчилгээ гэх зэрэг онц чухал нийт 4,3 сая баримт бичгүүдийг хулгайлсан байна.  Мөн түүнчлэн “TJX” компанийн өгөгдлийн системийг хакердаж, “Heartland” төлбөр тооцооны системийн кредит картуудыг хулгайлжээ. 2010 онд тэрээр нийт 20 жилийн хоригдох ял авсан байна.

4. Keвин Пулсон

Харилцаа холбооны нэгэн хэрэгслүүр болох телефон утасны системийг будилуулж чадсан “DARK DANE” гэж нэртэй хэргийг ердөө 15-хан минутын хугацаанд үйлдсэнээр олонд танигдсан юм. Үүний үр дүнд тэрээр цахилгаан холбооны салбарт нэрээ мөнхөлж, түүнийг цахим гэмт хэргийн Ганнибал ч гэж нэрлэх болсон юм. Дараагаар нь тэрээр  Холбооны мөрдөх товчооны цахим гэмт хэргийн бүртгэлд  утасны яриа чагнах төхөөрөмж суурилуулсан хэргээр бүртгүүлсэн байна. Тэрээр нэгэн супермаркетад баригдсан бөгөөд 51 сарын шоронд хоригдох, 56 000 долларын хэмжээний төлбөр төлөх ялын шийтгэл авсан бөгөөд тэрээр ялаа бүрэн эдэлж, шоронгоос гарсаны дараагаар бүрэн засарсан юм.  Кевин Митниктэй адил дахин энэ төрлийн гэмт үйлдэл хийгээгүй бөгөөд нэгэн сонины газарт сэтгүүлчээр ажиллаж байгаа юм байна.

5. Гери Мккинон

Интернэт сүлжээнд Соло гэх нэрээр олны танил болсон этгээд бол Гери Мккинсон юм. Тэрээр уг нэрийг ашиглан  Их Британи улсын бүх цаг үеийн хамгийн том цэргийн компьютерийн системийг доголдуулсан хэрэг нь түүнийг ийн алдартай болгожээ.  2001 оноос 2002 оны 03 сар хүртэл хугацаанд тэрээр нийт 13-н сарын хугацаанд  хууль бусаар  АНУ-ын цэрэг армийн хүчний салбар болон НАСА-ийн 97-н компьютерийн сүлжээ хүү нэвтэрсэн явдал байлаа. Тэрээр энэхүү үйлдлээ зөвхөн мэдээлэл цуглуулах нэрийдэлтэй байсан гэх тайлбартайгаар давж заалдаж байсан байна.  Гэвч  АНУ-ын шүүх түүнийг уг хэргийн учирсан хохиролыг өөрийн гараар нь засаж залруулах үүргийг ногдуулсан бөгөөд тэрээр онц чухал аюултай файлуудыг устгах, 300 компьютерийг дахин сэргээн ашиглалтанд оруулж, 700 000 долларын хэмжээний хохирлыг нөхөн барагдуулсан байна.  Тэрээр төрөлхийн сэргэлэн, башир зангаараа АНУ-ын шүүхийн ялаас мултарч чадсан юм.

“ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ” УТҮГ

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих