Техникийн зах, машин сэлбэгийн худалдааны төвүүдийг нэг цэгт төвлөрүүлнэ

Техникийн зах, машин сэлбэгийн худалдааны төвүүдийг нэг цэгт төвлөрүүлнэ

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор гарсан ажлын хэсэг иргэдийн дунд томоохон зах, худалдааны төвүүдийг хотоос нүүлгэн шилжүүлэх тухай санал асуулга явуулсан билээ. Үүний үр дүнд нийт иргэдийн 88 орчим хувь нь дээрх саналыг дэмжсэн.

Энэ ажилтай уялдан өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд “Нийслэлийн томоохон захуудыг нүүлгэн шилжүүлэх” талаар нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, авто замын инженер Н.Адилбиш нар оролцсон юм.

Тус хэлэлцүүлэг нь иргэний санаачилсан анхны хэлэлцүүлэг гэдгээрээ онцлогтой. Тиймээс иргэдийн оролцоо, санал бодлыг сонсч шийдвэр гаргах болно хэмээн  нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр онцлов.

Томоохон захуудыг нүүлгэн шилжүүлэх хоёр том шалтгаан байгаагийн нэгдүгээрт, Түгжрэл. Улаанбаатар хотод 373 мянган машин байдаг бөгөөд дугаарын хязгаарлалт хийснээс хойш өдөрт 238 мянган машин хөдөлгөөнд оролцох болсон гэх судалгаа байна. Харин Нарантуул, Барс болон Да хүрээ зэрэг томоохон захуудад 95 мянган машин орж гардаг байна. Тиймээс эдгээр захыг Хүй долоон худагт руу шилжүүлэх санал дэвшүүлж буйгаа авто замын инженер Н.Адилбиш хэлсэн юм.

Харин хоёрдугаарт гэвэл Улаанбаатар хотын төвлөрөл хэт ихэссэнтэй холбоотой юм. Том захуудыг нүүлгэн шилжүүлчихвэл оронд нь цэцэрлэг, сургууль, амралт соёлын газар барих хэрэгтэй. Түгжрэлээс болж замаа өргөтгөсөөр байтал цэцэрлэг, сургууль, соёл амралтын газаргүй үлдлээ.

Харин яагаад заавал Хүй долоон худагт бэ гэсэн сэтгүүлчдийн асуултанд тэрбээр хэдэн жилийн өмнө улсын төсвөөс тодорхой хэмжээний мөнгө шилжүүлэн Хүй долоон худагт 20 км дөрвөн том замыг тавьсан. Гэвч уг зам жилд гурав, дөрвөн удаа л ашиглалтанд орж байгаа. Бусад үед хэрээ шувуу эргэлдсэн, хог хаягдал хийссэн,  зэлүүд нутаг болж хувирдаг. Тиймээс томоохон захуудыг Хүй долоон худагт руу нүүлгэвэл 21 аймгаас ирэх машинууд заавал Улаанбаатар хотыг дайрах албагүй болно. Ингэснээр замын түгжрэл багасна гэсэн саналыг авто замын инженер Н.Адилбиш дэвшүүллээ.

Түүний хариуд Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Захуудыг нүүлгэн шилжүүлэх гэж байгаа юм биш. Энэ бол асар их цаг хугацаа шаардах ажил. Одоогийн байдлаар бид авто худалдааны байршлийг зөв тодорхойлох, техникийн зах, машин сэлбэгийн худалдааны төвүүдийг нэг газар төвлөрүүлэх асуудал дээр шаргуу ажиллаж байгаа” гэсэн хариултыг өгөв.

Түүнчлэн иргэдийн өгсөн санал хүсэлтийг үндэслэн зах, худалдааны төвүүдийг хотоос нүүлгэх талаар ажлын хэсэг зөвлөлдөж, тухайн бүсийн замын хөдөлгөөн, автомашины зогсоолд судалгаа хийж, нүүлгэн шилжүүлэх газар, байршлыг тогтоохоор ажиллах болно гэлээ.

Х.Шинээ


URL:

Сэтгэгдэл бичих